УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй ярилцлаа. Тэрбээр саяхан МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнуулсан билээ. Б.Саранчимэг гишүүн УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүнээр ажилладаг. Энэ спортыг дэмжиж, иргэдэд хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн 1700 өрхийг шатаржуулаад байгаа ажээ.

 


-Олимпийн одонгоор шагнуулсанд баяр хүргэе. Итали улсын Кальяри хотод  болсон шатрын тэмцээнд манайхан амжилттай оролцлоо. Энэ талаараа ярилцлагаа эхлүүлэх үү?

-Баярлалаа. Италийн Кальяри хотод  болсон. Нийт  63 орны 260 тамирчин оюун ухаанаа сорьлоо. Хамгийн чухал нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс шатрыг яаж хүндэлж, дэлгэрүүлж байгаа талаар санал бодлоо солилцсон. Мөн Кальяри хотын даргатай сонирхогчдын тэмцээний анхны өргийг нээсэн сайхан үйл явдал болсон. Энэ үед Б.Саранчимэг гэх хувь хүнээс илүүтэй Мон­гол Улс гэдэг нэрийг гаргасандаа баярласан. Манай тамирчид ч дасгалжуулагчид ч гадаадад нэр сайтай байдаг.

Энэ үеэр шатрын спортыг хөгжүүлж байгаа багш, дасгалжуулагч нараа илүүтэй дэмжиж, тэднийхээ гавьяаг үнэлэх ёстой юм байна гэж бодогдсон.  Хувь хүний амжилт дан ганц өөрөөс шалтгаалдаггүй. Баг хамт олон, дасгалжуулагч багш нарын  үүрэг хамгийн чухал. Бид  Монголын урдаа барь­даг дасгалжуулагчдын нэг нь Ц.Батсайхантай хамт явсан.  Түүний шавь нь Дэлхийн шатрын аварга боллоо. Шатрын Дэлхийн аварга Б.Баярмаа, Шатрын их мастер Т.Батчимэг гэх мэт алдартнуудын багш гэдгээр олон нийт андахгүй. Мөн  260 хүний дунд 14 настай  шавь  Х.Итгэлт шатрын бли­цийн тэмцээнд түрүүлсэн зэрэг олон амжил­тыг дурьдаж болно. Энэ үед монгол шатарчдаараа бахархаж байлаа. Тиймээс дэлхийн төвшинд олон мастер төрүүлэхийн тулд багш, дасгалжуулагч нараа дэмжих ёстой юм байна гэсэн бодол сэтгэлд уяатай яваа.


-Монголын шатрын спортын хөгжил дэлхий нийт­тэй эн зэрэгцэж явна. Харин шат­рын спортыг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай  зүйл юу байна вэ?

-УИХ-д шатрыг дэмждэг “Лобби” бүлэг гэж бий. Тиймээс шатрын  спортыг дэм­жихийн тулд Оюуны спортын ордонтой  бо­ло­ход санал нэгдсэн. Энэ талаарх саналаа ч УИХ-д  орууллаа. Монголчууд удах­гүй шатрын спортын ордонтой болох байх. Ордонтой болчихоор тамирчдыг дэл­хийн тавцанд гаргахад шатрын холбоо, багш дасгалжуулагчид асар их хувь нэмэр оруу­лах юм.


-Таныг “Ногоон бэрс” шатрын хөтөлбөр хэрэгжүүлдэг гэдийг мэднэ. Хэд орчим хүүхдийг клубтээ хамруулаад байна?

-Хөтөлбөрийн хүрээнд зарим сургууль, цэцэр­лэгт шатрын клуб нээж ажил­луулж байна. Тухайлбал, 128 дугаар цэцэр­лэг, 97 дугаар сургуульд клуб нээ­чих­сэн дасгалжуулагч багш ажиллуулдаг. Цаашдаа улам өргөжүүлэх зорил­го тавьсан. Саяхан болсон “Ногоон бэрс” шатрын тэмцээнд 500 гаруй хүүхэд оролцож, оюун ухаанаа сорьлоо. Оюуны спортод оруулж байгаа хувь нэмрийг иргэд талархалтай хүлээж авдаг нь сайхан санагддаг. Тиймээс миний зүгээс шатрыг түгээн дэлгэрүүлэх, ач холбогдлыг нь ойлгуулах, хөгжүүлэхийг гол зорилгоо болгож явна даа. Чөлөөт цагаа оюуны спортын нэг төрөл болох шатраар хичээллэх боломжийг миний хувьд хүүх­­дүүдэд олгохоор тойр­гийнхоо 1700 өрхийг шатаржуулсан. 

Мөн “Но­гоон бэрс” хөтөлбөр хэрэгжүүлээд ха­вар, намрын улиралд тэмцээн  зохион бай­гуулж байгаа. 18 -аас дээш, доош гэсэн ангил­лаар тэмцээн зохион байгуулдаг. Баян­зүрх дүүргийн хэмжээнд сургууль, цэ­цэрлэгт “Ногоон бэрс” шатрын  клубыг нээж өгөх саналаа удирдлагуудад тавьсан. Энэ ажил амжилттай хэрэгжвэл олон сургууль, цэцэрлэг шатрын дугуйлан клуб ажиллах боломж нь нээгдэнэ.


-Та хэдэн настайгаасаа шатар сонирхож эхэлсэн бэ?

-Манай хөрш айлын өвөө нар шатар их тоглодог байлаа. Өвөө нар дээр үеийн модон хийцтэй шатраар тоглоно. Заримынх нь булан бүр элэгдчихсэн байдаг сан. Тухайн үед шатрын багш, дугуйлан гэж байсангүй, хөндлөнгөөс харсаар бай­гаад зургаан настайдаа нүүгээд сурчихсан. Ер нь хүнийг хүн болгоход хүний орчин их нөлөөлдөг юм байна. Манай гэрийнхэн дотор шатар тоглодоггүй хүн нэг ч байгаагүй.

-Шатартай холбоотой сайхан дурсамжаасаа хуваалцвал?

-Багадаа шатрын тэмцээнд орохоороо түрүүлдэг хүүхэд байлаа. Тэм­цээнд ороод таван төг­рө­гөөр шагнуулсанаа мартдаггүй. Шагналаараа жигнэмэг авч найзууд, дүү нартайгаа хувааж идэж билээ. Тэндээс урам, зориг авч хичээсэн. Сурагч байх­даа ч, оюутан болоод ч олон тэм­цээн уралдаанд оролцдог байлаа. 


-Орчин үед хүмүүс ухаалаг хэрэглээ рүү илүү шимтэж байна. Хүүхдүүд шатар тоглож сурсанаараа ямар давуу талтай хүн болж өснө гэж боддог вэ?

-Орчин үед техник технологи маш их хөгжиж байна. Хүн болгон л ухаалаг хэрэглээ гар утас хэрэглэж байна. Үүнд давуу тал байгаа ч шатрын спортыг орхигдуулж болохгүй. Шатар  оюун ухааныг хөгжүүлэхээс гадна хүүхдийн хүмүүжилд маш олон эерэг нөлөөтэй. Хүүхэд сууж сурна. Бас ялж, ялагдаж сурдаг. Нэг талаасаа шатрыг тархины хамгийн сайхан дасгал гэж боддог. Шатар зөвхөн тоглоом биш юм. Шатар бол хүүхдийн оюун ухаанд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт. Шатраар хичээллэсэн хүүхэд тэвчээртэй бас аливааг нарийн төлөвлөж сурдаг. Бас ой тогтоолт, цэгцтэй, сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна нягт нямбай чанарыг төлөвшүүлдэг. Ийм л зан чанар, төлөвшилтэй монгол хүн олон байгаасай гэж маш их хүсдэг.  


-Таны хүндэлж явдаг тамирчин хэн бэ. Нэрлэж болох уу?

-Шатрын спортоор Монгол Улсын нэ­рийг дэлхийн тавцанд гаргаж яваа бүх л тамирчныг хайрлаж, хүндэлж явдаг. Тэр дундаа Ц.Батсайхан багшийн шавь Монгол улсын гавьяат тамирчин Т.Батчимэгийг онцолж хэлмээр байна. Олон улсын эрэгтэйчүүдийн мас­те­р зэргийг хамгаалж чадсан Монгол Ул­сын ганц тамирчин бол Т.Батчимэг шүү дээ. Эмэгтэй хүн атлаа эрэгтэйчүүдийн мас­терын зэргийг хамгаалж чадсан. Мөн шатрын их мастер Б.Мөнгөнтуул гээд нэрлээд байвал хөвөрч өгнө.  Бахархмаар, хүндэлмээр ийм хүмүүс энэ спортод зөндөө бий.


-Та шатрын цуглуулгатай юу?

-Саяхнаас шатар цуглуулж эхэлсэн. Надад таван төрлийн  шатар бий. Хамгийн анх 1978 онд өвөө минь надад жижигхэн модон шатар өгсөн. Өвөөгөөсөө шатар бэлгэнд аваад хөл газар хүрэхгүй хөөрч дэгдэж явлаа.

-Шатрын спортоос та юу сурсан гэж боддог вэ?

-Шатрын спортоос  олон зүйлийг сурсан шүү. Надад тэвчээр хатуужил суулгаж олон сайхан найз нөхөдтэй бол­госон байна. Маш олон эерэг зүйлийг надад өгчээ. Дэлхийн өнцөг булан бүрт энэ спортоор холбогдсон найз нөхөд минь бий.