Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авч, жирийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн боломжийг хааж, мөнгийг хувьдаа завшиж байна гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд нийгмийн онцлох сэдэв болоод байна.

Зарим УИХ-ын гишүүн ЖДҮ-ийн зээл авснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйж, мөнгөө хугацаанаас нь өмнө эргүүлж төлснөө мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Б.Батзориг хариуцлага хүлээж ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаасаа огцроод буй юм.

Эдгээр дотор УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, түүний дүү УИХ-ын гишүүн Б.Наранхүү нар албан тушаалаа ашиглаж төрсөн дүү Б.Одончимэгийнхээ эзэмшдэг "Сингапур Хэльт Кейр Сентер" компанид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 800 сая төгрөг авсан гэх мэдээлэл бий.

Уг асуудалд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Би өөрөө ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй. Миний төрсөн дүү зээл авсан нь үнэн. Гэхдээ миний ямар ч нөлөө байхгүй. Дүү маань өөрөө Европт доктор хамгаалаад ирсэн бизнесмэн хүн" хэмээлээ