Өчигдөр шөнө 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрладаг Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвд гал гарч, онцгой байдлын албаныхан шуурхай ажиллан түймрийг унтраасан. Уг түймрийн хохирлын дүн 14 хоногийн дараа гарах галын дүгнэлтээр гарах юм. 

Тэгвэл хэдхэн сарын өмнө Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан ажлын хэсэг гарч шалгалт хийжээ.

Энэхүү шалгалтын дүнг хэлэлцээд гал түймэр гарах өндөр эрсдэлтэй, галын аюулгүй байдлын  хууль тогтоомж, дүрэм стандартыг зөрчсөн  “Барс-1” худалдааны төв,  “Барс-2” худалдааны төв, “Драгон худалдааны төв”,  “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг өгсөн байдаг аж.  Гэсэн ч төдийлэн анхаарч үзээгүй нь энэ удаагийн явдал баталж байна.

Тухайн үед шалгалтад тэнцээгүй эдгээр худалдааны төвүүд гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, техникийн үйлчилгээ, ашиглалтын бэлэн байдал бүрэн хангагдаагүй байжээ. Бүр гамшгийн үед тусламж авах орц, гарцаа хүртэл хаачихсан газрууд цөөнгүй илэрсэн. Ялангуяа худалдааны төвүүдийн авралтын гарц замууд бэлэн байх чухал. Гэтэл шалгалтаар явахад гарцыг хааж аль болох том цоож зүүчихсэн, бүр сараалжин төмөр хаалт хүртэл хийчихсэн тохиолдол ч гарчээ. Эсвэл дулаан алдаж байна гээд битүүлчихдэг тохиолдол ч бий.  Энэ талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбаатараас тодрууллаа.

Галын эрсдэл өндөртэй газруудын ихэнх нь олон түрээслэгчидтэй худалдааны төвүүд байдаг

"Томоохон худалдааны төвд гарсан галын тохиолдлын ихэнх буюу 90 гаруй хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс болсон байдаг. Тухайлбал цахилгааны монтаж, барилгын хийц бүтээцийг дур мэдэн өөрчилсөн, цахилгаан хэрэгслийг залгаатай орхисон, лаа хүж асаачихаад унтраалгүй явснаас үүдсэн тохиолдол нэлээн их.  

Бас барилгын дотоод засал, интерьер гээд гоё сайхан харагдах тал дээр илүү анхаардаг. Гэтэл хэрэглэсэн барилгын материал нь шаардлага хангаж байна уу, хэр шатамхай вэ гэдгийг анзаардаггүй. Жишээ нь нэг залгуурт 10 ампер хэрэглэх ёстой гэсэн барилгын зураг байхад түүн дээр нэмээд хэд дахин ачаалал өгчихдөг. 

Томоохон худалдааны төвд гарсан галын тохиолдлын ихэнх буюу 90 гаруй хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс болсон байдаг. Тухайлбал цахилгааны монтаж, барилгын хийц бүтээцийг дур мэдэн өөрчилсөн, цахилгаан хэрэгслийг залгаатай орхисон, лаа хүж асаачихаад унтраалгүй явснаас үүдсэн тохиолдол нэлээн их.  

Галын аюулгүй байдал, гамшигаас хамгаалахтай холбоотой 500 гаруй төрлийн хууль мөрдөгдөж байгаа. Галын аюулгүй байдалд шууд хамаарагдах нь 30 орчим хууль бий. Үүнээс гадна дагалдах барилгын норм дүрэм стандарт байна. Бид эдгээр хуулийн хүрээнд шалгалт хийхэд худалдааны төвүүдийн 80 орчим хувь нь үндсэндээ шаардлага хангахгүй, галын эрсдэлтэй гэж гарсан. Үүний дагуу зарим байгууллагын үйл ажиллагааг зогсоох, зөрчлийн хуулиар хариуцлага тооцох, хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллалаа. Галын эрсдэл өндөртэй газруудын ихэнх нь олон түрээслэгчидтэй худалдааны төвүүд байдаг.  

Эд хөрөнгө, эрсдлийн судалгаанаас үзвэл худалдааны төв 100 хувь шатвал тэрбумаас дээш төгрөгийн хохирол амсана. Хэрэв өмнө нь 500 мянгаас сая төгрөг зарцуулаад галын дохиоллын системээ ажиллуулаад, сургалт дадлага зохион байгуулчихвал ийм  хэмжээний хохирол амсахгүй шүү дээ. Гэтэл эрсдэл гарсны дараа л хүмүүс ойлгодог" гэв.