Монголын үндэсний бөхийн холбооны тамга тэмдэгийн хэрүүл бөхчүүдийн хүрээнээс хальж олон нийтийн анхааралд ороод удаж буй. Тэдний энэхүү зөрчил өнөөдөр хурцадсан боловч 16 жилийн турш үргэлжилж буй.

Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл тус 2 холбооны удирдлагуудыг дуудаж наадмаас өмнө асуудлаа шийд гэсэн даалгавар өгсөн ч үр дүнд хүрсэнгүй. Тэгвэл уг асуудлаар Монголын үндэсний олон нийтийн телевизээс “Монгол бөх-Монгол наадам” нэртэй хэлэлцүүлэг хийсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр гарсан зарим баримтыг хүргэж байна.

Бөхийн  өргөө  хэний  өмч  вэ?

Бөхийн өргөө бол бүх ард түмний хандиваар, төрийн 800 сая төгрөгөөр нийлж боссон томоохон бүтээн байгуулалт. Энэхүү ажлыг гардан зохион байгуулалцсан хүмүүс бол МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж болон Данзан тэргүүтэй хүмүүс юм. Гэхдээ өмчлөл нь чухам хэний нэр дээр байгаа нь одоо болтол тодорхойгүй ажээ. Улсын бүртгэлийн байгууллагын лавлах мэдээлэлд тус барилга МҮБХ ТББ-ын нэр дээр бүртгэлгүй болохыг баталсан бичгийг өмгөөлөгч харуулсан юм. Гэтэл дүрэм дээр Бөхийн өргөө нь МҮБХ-ны өмч гээд заачихсан байдаг аж.
Уг асуудал дээр Улсын заан Ц.Магалжав тайлбар хийхдээ "Бөхийн өргөөний  2 тэрбум 338 сая төгрөгийн анхны үнэлгээтэй. Үүнээс үл хөдлөх хөрөнгийн албан татвар гэж сар бүр 1,9 сая төгрөг төлдөг. Үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ авах гэсэн чинь дахиж үнэлгээ хийлгэх шаардлага үүссэн. Гэтэл одоогийн үнэлгээгээр 20 орчим тэрбум  болчихож. Хэрэв ингэж үнэлүүлбэл сардаа төлдөг татвар нь 1,9 сая төгрөгөөс шууд 19 сая төгрөг болж өсөх гээд байгаа юм. Энэ үнэлгээнээс болж л Бөхийн өргөөг холбоо дээрээ бүртгүүлж чадаагүй. Түүнээс биш уг барилга хэн нэгэн хүний нэр дээр эсвэл компанийн өмч болоогүй" гэсэн юм. Харин Х.Баянмөнх аварга тэргүүтэй бөхчүүд энэхүү тайлбарыг үгүйсгэсэн. Тэд МҮБХ-ны хуучин удирдлагууд татвараас зугатаж л гэрчилгээгээ аваагүй нь өөрөө хууль бус хэрэг гэсэн юм.


Эвлэрлийн сураг

Эвлэрлээ хэмээн гар барин уулзсан зургаа тавьдаг ч тэд угтаа учраа ололцоогүй гэдгээ энэ үеэр хэллээ. Гэхдээ холбоодын аль алинд нь эвлэрэх сонирхол бий. Гэхдээ энэ удаагийн хэлэлцүүлэг наадмаас өмнө эвлэрэхгүй гэдгээ ч илэрхийлэв. Харин дараа 9 дүгээр сард Монголын үндэсний бөхийн Их эе хуралдааныг хийж уг асуудал дээр гарц гарах бололтой.