Өмгөөлөгч, хуульч Р.Булгамаатай ярилцлаа. Тэрбээр Монголд өрнөж буй me too хөдөлгөөний хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Бэлгийн дарамтад оруулж, зүй бус хүслээ тулгачихсан хэрнээ "Сүртэй юм, хүчиндчихсэн биш дээ" гэж хээв нэг хэлдэг мугуйд хэвшмэл ойлголтыг яагаад халах ёстойг,  албан тушаалтнуудын арын өрөөнд буруу зүйл өрнөдөг тул өөрчлөх ёстойг, хэрхэн бэлгийн дарамтыг баталгаажуулах талаар ярьсан юм. 

-Бэлгийн дарамт гэж юу вэ. Энэ асуултаар ярилцлагаа эхлэе. Нэг талаар хүн бүхний мэддэг бас мэддэггүй сэдэв шүү дээ?

-Яг үнэн. Бэлгийн дарамт гэхээр зарим нь өөрийгөө энэ талаар мэдлэг ойлголттой гэж боддог. Үнэндээ амьдрал дээр маш дутмаг ойлголттой. Тиймээс нэг нь бэлгийн дарамтад орж байгаагаа, нөгөөх нь бэлгийн дарамтад оруулж байгаагаа ч мэддэггүй. Ний нуугүй хэлэхэд байдаг л үзэгдэл мэт боддог буруу сэтгэлгээ амьдралын хэв маягт нь шингэчихсэн.

Үүний ард хуулийн нарийн зохицуулалт байдгийг ойлгож ухамсарлах ёстойг төдийлөн мэдэхгүй байна. Жишээ нь тухайн хүнийг  хүсээгүй байхад бэлгийн сэдэлтэй үйлдэл гаргах, үг яриа өрнүүлэх гээд бэлгийн дарамтын олон хэлбэр байгаа шүү дээ. 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд “бэлгийн дарамт” гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсныг хэлдэг гэж тодорхойлсон.

Мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилсан байдаг. 


-Бид өөрсдөө ч мэдэхгүй гэхээр хэвшмэл ойлголт болчихсон гэсэн үг. Хүүхэд байхаас энэ талаар ямар ч ойлголт өгөөгүйн балаг гэж ойлгож болох уу?

-Дунд сургуульд байхад хөвгүүд охидын хормойг сөхөж ичээдэг байлаа. Түүнийгээ “Хормой сөхөлтийн баяр” гэж нэрлэнэ. Байсан л зүйл шүү дээ. Одоо эргээд харахад хүний эрхийн зөрчил байгаа юм.

Орчин үед бол арай тэгж нэрлэхгүй ч гэсэн том болсон охидыг ичээх, биед нь халдах бүдүүлэг үйлдлүүд гарсаар байна. Энгэр задгайдуу хувцас өмсвөл шууд л бусдыг урин дуудсан, сээтгэнэлээ илэрхийлсэн мэтээр ойлгодог, ярьдаг бурангуй ойлголт хэвээрээ л байна.

Үүний ард хуулийн зохицуулалт бийг хүүхдүүд битгий хэл томчууд нь ч өөрсдөө мэддэггүй. 

Амьдрал дээр гэрэлтдэг эсвэл богино хормойтой хувцас өмссөн бүсгүйчүүдийг эрчүүд “Гуя хаагаа гаргаж хувцаслаж эрчүүдэд хандтай байна гэдгээ илэрхийлдэг биз дээ”, эсвэл “Над руу хандраад байгаа юм уу” гэж хэлсэн нь тохиолдол олон. 


-Үүнийгээ хээ шаагүй монгол зан гэж зөвтгөдөг тал бас бий...?

-Тэр байтугай “Ямар сайхан өгзөгтэй юм бэ” гээд хонгыг базаад авдаг эрчүүд ч бий. Хуулиа мэддэг нь бэлгийн дарамт учрууллаа гэвэл магтаж байхад мангартлаа гэж шоолж, маазруулдаг. Хэдийгээр биед нь хүрээгүй ч ингэж хэлэх нь өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эс үйлдсэн бэлгийн дарамт гэдэг ойлголтыг мэддэггүйн илрэл шүү дээ.

Энэ мэт үйлдлүүд нь соёлт нийгэмд байж болшгүй зүйл.

Үе уламжлагдаж ирсэн буруу үзэл, хандлага ойлголтоос үүдэн бэлгийн дарамт гэж зүйлийг хүлээн зөвшөөрч, дэвэргээд байна уу гэж дүгнэж болно.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд  бэлгийн дарамт, бэлгийн сэдэлтэй үг үйлдэл гэж чухам юу хэлээд байгааг олон нийтийн ухамсар соёлд нь суулгах шаардлагатайг иймэрхүү олон жишээ харуулж байна. 


-Солонгост таван секундээс удаан ширтвэл бэлгийн дарамт гэж тооцохоор хуульчилсан байдаг юм билээ. Манайд иймэрхүү гомдол ирдэг үү?

-Цаг өөр болж байна. Манай охид бүсгүйчүүд хуулиа мэддэг болж байна. Олон нийтийн газар, автобусанд бэлгийн дарамт үйлдсэн, наалдаж зогсож, биеийн зарим хэсгүүдэд хүрсэн, барьж тэмтэрсэн гэж гомдлоо өгдөг болсон.  

Гэтэл өнөө бэлгийн дарамт үйлдэгч этгээд үүнийг бараг л ойлгодоггүй. “Сайхны өмнө харц буруугүй, ганц базаад л авсан” гэж өөрийгөө өмөөрдөг хүний эрхийн мэдрэмжгүй хандлага гаргасаар байна. Иймэрхүү байдлаар хаацайлдаг ч хууль мэдэхгүй байгаа нь хуулиас мултрах арга биш шүү дээ. 

Цагдаагийн байгууллага Зөрчлийн тухай хуулийн 6.26-д заасан үндэслэл бүхий зөрчлийн шинж байвал зөрчил гаргасан этгээдийг 1000 нэгжээр торгох мөн 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг.


-Тэгвэл ажлын байрны бэлгийн дарамтын тухай ойлголт хэр сайжирсан бол?

-Саяхан клабхаусын хэлэлцүүлгийн үеэр нэгэн оролцогч залуу бид нар бэлгийн дарамтад оруулж байгаагаа өөрсдөө мэддэггүй юм байна гэж хэлж байсан. Нийгэмд энэ төрлийн үйлдэл хүлээн зөвшөөрөгдсөн, өөрсдөө ч анзаардаггүйн илрэл гэж үүнээс дүгнэж болно. Өмнө нь хүчиндчихсэн биш, сүртэй юм гэж ханддаг байсан бол орчин үед хандлага өөрчлөгдөж буйд олзуурхдаг. Гэхдээ том асуудал нь хэвээрээ л байгаа.


-Илрүүлэлт нь хэр байдаг бол?

-Өмнө хэлсэнчлэн хэвшмэл ойлголтын балгаар илрүүлэлт нь тааруухан. Хэрвээ илрүүлээд гаргаад ирлээ гэхэд тухайн этгээд үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. “Юун бэлгийн дарамт яриад байгаа юм бэ, сүртэй хор хохирол учруулсан биш. Сэтгэл санаагаар унаж, гуньж гутраад байхдаа яахав” гэдэг. 

Байгууллага дээр нэгнээ явуулсхийж санаатай санамсаргүйгээр шоглож л байдаг шүү дээ гэх маягаар өөрийгөө хайцаалдаг албан тушаалтнууд зөндөө бий.

Ийм ойлголттой учраас гомдол гаргасан ажилтныг хохирогч хэвээр нь үлдээх, гэмт хэрэг зөрчлийн хэмжээнд шалгахгүй үлдээх шалтгаан болдог. Хохирогчид үүнийг гаргаж чадахгүй байгаа шалтгаан энэ. Нөгөөтээгүүр хохирогчид хаана хандахаа сайн мэдэхгүйтэй ч холбоотой.


-Үүнтэй холбоотой жишээ дурдаж болох уу?

-Маш олон жишээ бий. Жишээ нь нэгэн бүсгүй хүлээн авалтын үеэр дарга нь бэлгийн дарамт учруулсан гэж гомдол гаргасан.

Тухайн үед албан хүлээн авалтад хамт оролцож байхад дарга нь олны нүдэн дээр бүсгүйн биед нь хүрч, ямар дотуур хувцас өмссөн бэ гэж асуусан байгаа юм. Гэтэл тухайн удирдах албан тушаалтан шалгагдахдаа “Хүчиндчихсэн биш, сүртэй юм” гэж хэлээд үл тоосон хандлага гаргасан. 

Ингээд зогсохгүй үүнийг илчилснийхээ төлөө тухайн бүсгүйн хамт олон нь хүртэл буруушаах хандлага гаргасан гээч. Ийм учраас охид бүсгүйчүүд ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг нуун дарагдуулдаг, тэмцэж явахаас айдаг. 

Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам үүн дээр арга зүйн зөвлөмжөөр хангах, хөдөлмөрийн гэрээ, дүрэм журам дээр нь тусгахад тусламаар байгаа юм. 

Хөдөлмөрийн хууль дээр ч нарийн тодруулж өгөх цаг нь болсон.

 

-Дарга нарын арын өрөөнд бэлгийн дарамт үйлдэгддэг талаар судалгаа уншиж байсан. Танд ийм хэргийн хохирогч таарч байсан уу?

-Ийм асуудлаар надад бишгүй олон бүсгүй хандсан. Бараг л бүх дарга, өндөр дээд албан тушаалтнуудын ажлын өрөө цаанаа буйдан, хөргөгчтэй амралтын өрөөтэй байдаг гэнэ. Арын өрөөндөө зарим ажилтнуудаа оруулж архи уухыг шаарддаг, цаашлаад татаж чангаадаг,  өөрт нь тааламжтай байдлаар байхыг албаддаг. Улмаар шаардлагыг нь биелүүлэхгүй бол албан тушаал бууруулах зэргээр дарамталдаг юм байна. 

Уг нь гадны улс орнуудын албан тушаалтнуудын өрөө шилэн шахуу л байдаг. Уулзалтын үед хөшгөө буулгана. Гэтэл манайд давхар давхар хаалгаар ороод цаанаа юу болдог нь мэдэгдэхгүй өдийг хүрсэн. Энэ бүгшмэл арга барилаасаа салах цаг нь болсон. 


-Төрийн албанд ажлын байрны бэлгийн дарамт илүү гардаг уу эсвэл олон нийтэд илүү мэдэгдээд байна уу?

-Ажлын байрны бэлгийн дарамт нь эрх мэдлийн ялгаатай орчинд илүү тохиолддог. Бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэй, 69.2 хувь нь удирдах албан тушаалтан байдаг.

Төрийн албаны ажлын байранд зөвхөн бэлгийн дарамт л гардаг юм биш. Олон төрлийн бусад дарамт ч бий. 

Төрийн албаны тухай хуульд “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”- ыг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон байна. 

Хэдийгээр ийнхүү хуульчлан зохицуулсан хэдий ч ажлын байрны бэлгийн дарамтын талаар цогц нэгдсэн ойлголтод өдийг хүртэл хараахан хүрч чадаагүй байна.


-Нэр бүхий албан тушаалтны хэрэг нийгэмд нэлээн цочоо өгөх шиг боллоо. Ер нь манай улс охид бүсгүйчүүдээ хамгаалж чадаж байна уу?

-Өмнө нь бэлгийн дарамт дээр зөвхөн ёс зүйн хариуцлага тооцоод өнгөрдөг байсан. Орчин үед энэ арга барил ард үлдсэн. Өнөөдөр гэхэд бэлгийн дарамтын зөрчлийг Зөрчлийн хуулиар торгож, баривчилдаг болсон. Цаашид Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор ярьж байна.

Манай улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж охид эмэгтэйчүүдийнхээ эрхийг хангахгүй, биелүүлэхгүй байна.

Ядаж л энэ асуудлаар шууд ханддаг тусгай утасны үйлчилгээ үзүүлэх цаг нь болсон. Өөрөөр хэлбэл зөрчил гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг хүлээн авч,  хууль зүйн зөвлөгөө чиглэл өгдөг, шаардлагатай бол хамгаалалтын байранд хүртэл авах арга хэмжээ авдаг шуурхай үйлчилгээ, эрх хамгааллын тогтолцоо үгүйлэгдэж байна.

 

-Бэлгийн дарамтыг илчилснээр нийгэмд амаргүй сонголттой нүүр тулдаг нь нууц биш. Хэрвээ энэ байдлыг тэвчсээр байвал цаашид ямар сөрөг үр дагаврууд гарах вэ?

-Сүүлийн үед энэ төрлийн асуудал дээр бүсгүйчүүд шантарч байна. Бүр тэсэхэд бэрх болж сэтгэл санааны дарамтад орж эцэстээ ажлаасаа гарах сонголтыг хийсэн олон бүсгүйтэй уулзсан. 

Ийм байдалд хүртэл даамжруулахгүйн тулд хөдөлмөрийн хуулиар зохицуулахад онцгой анхаарал хандуулмаар байна.

Эрүүгийн хуульд ч үүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэх болохыг, хариуцлага тооцох асуудлыг тусгайлан зохицуулж өгөхөөс өөр алга. 

Хэрвээ энэ муухай зүйлийг хүлцэн тэвчсээр байвал цалин хөлс, урамшууллаа нэмэхийн тулд, албан тушаал ахихын тулд бэлгийн дарамтыг хүлээн зөвшөөрөх хандлага бий болчих вий гэсэн болгоомжлол төрдөг. 

Үүнээс л урьдчилан сэргийлэхийн тулд энэ олон жил дуугарсаар ирсэн. 

 

-Энэ асуудлын хөндөхөөр эмэгтэйчүүдээ л өмгөөллөө гэж эгдүүцдэг бүлэг ч байна…?

-Бэлгийн дарамтад өртөж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь эмэгтэйчүүд. 

Өнөөдөр танд биш юм аа гэхэд та бидний охин хүүхэд ч бэлгийн дарамт, магадгүй хүчирхийллийн хэргийн хохирогч болохыг үгүйсгэхгүй.

Тийм учраас аюулгүй, хүчирхийлэлгүй нийгмийн бий болгоё гэж байгаа бол хүний халдашгүй эрхийг хүндэтгэж ухамсарлахаас өөр арга байхгүй. 

Асуудал ямар байгааг ХЭҮК болон олон улсын байгууллагуудын судалгаа батлан харуулдаг. 

Таван монгол эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэсэн судалгааг ч уншиж байсан. Энэ бол хэдэн иргэний нийгмийн байгууллагад л даатгаад орхидог ажил биш. Төр оролцоогоо нэмэгдүүлэх цаг нь болсон.

 Таван монгол эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг 

-Хуульд бэлгийн дарамт учруулах гэсэн заалтыг гэмт хэрэг гэж үзээгүй гэж та шүүмжилж байсан. Хуульд ийм зохицуулалт байдаг гэж үү?

-Манай улс бэлгийн дарамтын асуудлыг гэмт хэрэг гэж тооцдоггүй, үл тоож байгаа нь үнэн. Зөвхөн зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үздэгт асуудал байна.

Хэрвээ Эрүүгийн хуульд гэмт хэрэг гээд оруулчихвал хүний биед хүсээгүй байхад нь халдах нь хүний халдашгүй эрхэд халдсан ноцтой үйлдэл гэдгийг олон нийт ойлгоно. Дагаад хүний эрхийн ухамсар хандлага ч дээшилнэ.

 

-Өмнө нь тусдаа заалт байсан ч авчихсан гэж та дурдаж байсан. Чухам ямар заалт байсан юм бэ?

-Уг нь 2015 оны Эрүүгийн хуульд Бэлгийн дарамт учруулах заалт тусгагдсан. Энэ зүйлд

1.Хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хариуцлага хүлээлгэх үндэслэлийг зохицуулсан байсан. 

Харамсалтай нь энэ зүйл заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байдаг.

Гэхдээ шууд энэ хуулийг сэргээхээсээ өмнө анхаарах зүйл бий.

-Юуг анхаарах ёстой бол?

-Тодруулбал “хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх” гэдгийг, “бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлэх” гэдгийг, “бэлгийн харьцаанд орохыг шаардсан” гэдгийг тус тус хэрхэн ойлгох талаар хууль тогтоогчид нарийн тодорхойлж өгөх зайлшгүй шаардлагатай. 

Магадгүй хуулийн зүйл заалт доороо хэрхэн ойлгох талаар тайлбартайгаар хуульчилбал энэ төрлийн хэргийг шийдэхэд хүндрэлтэй асуудал үүсэхгүй байх боломжийг бий болгоно гэж хуульчийн хувьд үзэж байна.


-Энэ төрлийн зөрчил яагаад жил ирэх тусам нэмэгдээд байна вэ. Хуульчийн хувьд авч үзвэл шалтгааныг хэрхэн харж байна вэ?

-Хэдийгээр эрх зүйн зохицуулалтыг зохих түвшинд бий болгож чадсан ч хэрэгжилт хангалтгүй байгаагийн тод илрэл л дээ.

Хэрэгжилт хангалтгүй учраас энэ төрлийн гэмт үйлдлүүд нуугдмал байдлаар үйлдэгдсээр ирсэн. Үүнийг хариуцлага хүлээлгэдэг нь цөөн, хохирогч хаана хандах, эрхээ хэрхэн хамгаалуулах талаар нэгдсэн ойлголтгүй зэргээс шууд дүгнэж болно.

Батлах жишээг та бид зөндөө л сонсож байна шүү дээ.

Манай улсад ажлын байран дээрх бэлгийн дарамтыг гэмт хэрэг гэж үздэггүй. Цагдаагийн байгууллага болон ХЭҮК-т гомдол гаргадаг ч ажлын байрны бэлгийн дарамт гэж нотлогдсонгүй гээд гомдлыг хаадаг байдлыг хуулийн хамгаалалт бий болгох замаар шийдэх учиртай.

Гэтэл гадны орнуудад энэ асуудал дээр тун нухацтай ханддаг. Филиппин улс гэхэд охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах шилдэг тогтолцоотой. Хуулийн хүрээнд бэлгийн дарамтын хэргийг мөрдөн шалгах ёс зүйн хороотой. Энэхүү хороо нь бэлгийн дарамтын сэжиг бүхий тохиолдолд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг юм билээ.

 

-Ажлын байрны бэлгийн дарамтын онцлог нь юу бэ?

-Албан тушаал, эрх мэдэл бүхий этгээдээс давуу байдлаа ашиглан, хохирогч хүсээгүй буюу зөвшөөрөөгүй байхад зөвхөн нэг талын хүсэл зорилгоор үйлдэгддэг онцлогтой. Хүчирхийлэл үйлдэгчийн зүгээс албан тушаал, эрх мэдэл, давуу байдлаа ашиглан хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, дарамтлах хэлбэрээр үйлддэг.

Энэ үйлдлээ хэрэгжүүлэхдээ гол төлөв үг хэлээр дарамтлах, доромжлох, бэлгийн сэдэлтэй санал тавих, дооглох басамжлах, тулгах, заналхийлэх, бэлгийн таашаал үзүүлэхийг шахах, шаардана. Мөн удаан ширтэх, дохио зангаа өгөх, бэлгийн дарамт бүхий зураг, хэвлэмэл хуудас, дүрс үзүүлэх, сүлжээ ашиглан зурвас илгээх, хормойг нь сөхөх, хувцас, эд зүйлд нь халдахаас гадна үнсэх, хөх, өгзөг, бэлэг эрхтнийг шүргэх, хүрэх, биеэр довтлох, бэлгийн харьцаанд орох гэх мэт үйлдлээр үйлдэгдэх нь нийтлэг байна.


-Бэлгийн дарамтад өртсөн гэдгээ хэрхэн баталгаажуулах ёстой вэ. Ярилцлагыг уншиж байгаа охид бүсгүйчүүдэд хэрэг болох байх?

-Бэлгийн дарамт, хүчирхийллийн төрлийн гэмт хэргийн онцлог нь далд үйлдэгддэг. Хэн нэгний дэргэд үйлдэгдэх нь тун ховор. Гэхдээ далд хэлбэрээр үйлдэгддэг гэдэг илрүүлэх боломжгүй гэсэн үг биш гэдгийг заавал ойлгоорой.

Энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд хамгийн чухал нь хохирогчийн мэдүүлэг байдаг. 

Ажлын байрны бэлгийн дарамт учирсан үед,

хохирогч уг асуудалд хэрхэн өртсөн, ямар хариу үйлдэл үзүүлсэн /ямар ямар идэвхтэй эсэргүүцэл үзүүлсэн/, 

үүссэн нөхцөл байдлын талаар бусдад мэдээлсэн эсэх /бусад гэрч байгаа эсэх/, 

уг нөхцөл байдлыг баримтжуулсан эсэх зэргийг мэдүүлэгтээ маш дэлгэрэнгүй мэдүүлэх зайлшгүй шаардлагатай. 

Энэ нь хохирогчийн өөрийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой. Гол нь мэдүүлэг өгөхдөө санаа зовох, ичих, үүнээсээ шалтгаалан болсон үйл баримтыг дутуу мэдүүлж болохгүй.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандах боломжтой. Комисс хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу таны гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.

 

-Та me too хөдөлгөөнд хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Хөдөлгөөн болгосноор ирэх гомдол нэмэгдсэн үү?

-me too хөдөлгөөнд олон бүсгүйчүүд нэгдэн манлайлж оролцож яваа. Энэ бол УИХ-ын гишүүн Анандбазар руу чиглэсэн эсвэл зөвхөн иргэн Сүнээг хамгаалах хөдөлгөөн биш. Хэн нэгний буруу зөвийг бид биш шүүх, хууль хяналтын байгууллагууд тогтооно.

Бид бэлгийн дарамтын асуудлын хүрээнд нийгэмд хуулийн хийгээд хүний эрхийн хамгаалал үүсгэх үндсэн зорилготой. Мөн мянга мянган охидыг бэлгийн дарамт, хүчирхийллийн золиос болохоос сэргийлэх, хүний эрхийн мэдрэмжтэй нийгмийг бүтээхэд чиглэгдэнэ.


Холбоотой нийтлэл унших:

 "Би чамайг маш их хүсдэг, ойлгооч муу даргыгаа" гэсэн мессежийг 42 удаа илгээжээ

#metoo хөдөлгөөний тухайд бид юу мэдэх хэрэгтэй вэ?