Хардалт хосын харилцааг аврах ч, үгүй хийх ч чадалтай болохоор яагаад хардах болсон, ямар төрлийн хар гэдгийг яаралтай тогтоох шаардлагатай гэж сэтгэл судлаачид үздэг. The Jealousy Cure буюу "Хардалтыг эмчлэх нь" номын зохиолч, доктор Роберт Л. Лити хардалт гэдэг сэжигтэй харцнаас ч цаадах ойлголт бөгөөд ихэвчлэн хүний зан чанартай холбоотой байдгийг хэлэв.

"Хардалтад ихэвчлэн гурван хүн хамаатай байдаг. Нэгдүгээр хүн гуравдагч этгээдээс ямар нэг сүрдүүлгэ мэдэрсэн үед хардаж эхэлдэг. Хоёрдогч тал гуравдагч талд санаатай байсан ч, үгүй ч хардаж болно" хэмээн доктор Лити  The Independent-д ярьлаа. Түүнийхээр бол хардалтыг хоёр ангилж болно, нэгдүгээрт, сексийн хар, хоёрдугаарт, сэтгэл зүйн хар. Гэхдээ аль аль нь ихэвчлэн тухайн харилцаанд итгэл муу байгаагаас үүддэг. 

Хардалтын дүнд тодорхойгүй хүлээлт, тэнцвэргүй хайр халамж, харилцааг эрх дуусгах, уурандаа араар тавих эрсдэл нэмэгддэг ажээ. Хардалтын дийлэнх нь илүү хүнээс өөрөөс нь илүү хамаардгийг Лити хэлсэн юм. Тухайлбал, өөрийгөө хэт өндөр үнэлдэг хүнд хамтрагчийнх нь алдаа илт харагдаж, "надад ингэж хандах ёсгүй" гэж бодоход хүрнэ. 

Хардалт бүр адилгүй. Бага зэргийн хардалт бол хайртай, халамжтай, санаа тавдгийн илрэл. Зарим хүн хамтрагчаа өөрт нь хайртай, эсэхийг мэдэх гэж хардах нь уу, үгүй юу гэж шалгадаг. Гэхдээ хэмжээнээс хэтэрсэн хардалт амь насанд ч хүрэх аюултай билээ. 

Эрэгтэйчүүдэд хамтрагчийнх нь сексийн араар тавилт, эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн араар тавилт илүү хүнд тусдаг. Тийм болохоор эрэгтэй хүн "Өөр залуутай унтчихсан байх" гэж харддаг бол эмэгтэйчүүд "Өөр эмэгтэйд хайртай болчихож" гэж харддаг байна. Хардалт таныг шаналгадаг бол дараах алхмуудыг хэрэгжүүлээд үзээрэй. 

#1. Хардалтын тунг тааруулж, хүндээр хүлээж авахаа боль. Ганц та хартай юм биш, энэ бол дэлхийн хүн амын 99,9 хувьд нь байдаг нэг төрлийн сэтгэл хөдлөл.

#2. Хардалтаас гардаг үйлдлээ хянахыг хичээ. Байцаах, шалгах, дагах, удирдахаа боль. Эдгээр үйлдлийг их хийх тусам та хардах сэдлээ тэжээж, өсгөж байдаг. 

#3. Хардалтаас үүдсэн бодлоо хязгаарла. Энэ цагийг хардах цаг ч гэж нэрлэдэг. Жишээлбэл, танд хардалтын талаар төрсөн бодлуудыг бичиж аваад өдөрт 10 минут л энэ талаар бод. Бусад үед нь тархиа цэвэр байлга. 

#4. Хайртай хүнтэйгээ зохистой, зохисгүй хандлагуудын талаар нээлттэй ярилцаж, уян хатан бай. Тухайлбал, салсан найз охинтойгоо оройн хоол идэх, өөр хүнтэй бичсэн мессежээ устгана гэдэг бол хайртай хүнээ гомдохыг мэдсээр байж санаатай хийсэн үйлдэл. Эсвэл өөр эрэгтэй хүн гоё сайхныг нь магтаж, танилцая гэхэд нь зөвшөөрнө гэдэг зохисгүй, харин хуучны эрэгтэй танилтайгаа ойр зуурын үг солих бол зохистой үйлдэл. Ийм зүйлсийн талаар ярилцаж, хил хязгаар тогтоогоорой. 

#5. Таныг үнэхээр араар тавьсан, энэ алдаагаа ухаарч засахгүй байвал таныг гэх өөр хүн олдоно гэдгийг санаарай. Харилцаа төгсөж л байдаг, бурхан ч таныг тэгж зовж амьдраасай гэж хүсэхгүй. Тиймээс салахаас айж, өдөр бүрийг зовлон гунигтайгаар өнгөрөөх хэрэггүй. Таныг гомдоосон хүнтэй учрахаас өмнө амьдраад болж л байсан, яагаад одоо чадахгүй гэж.