Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл орон даяар 2018 оны хоёрдугаар сарын 05-ны өглөө 09:00 цагт эхэлсэн бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуусах юм. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болохыг БҮТ-өөс мэдэгдээд байна.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан https://www.eec.mn/index цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол https://www.eec.mn/index цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/ -аа өөрөө сонгож бүртгүүлэх юм. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Энэ онд ЕБС төгсөж буй бүртгүүлэгч https://www.eec.mn/index цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авах аж.

Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны 05-р сарын 15-наас хойш https://www.eec.mn/index цахим хуудаснаас хэвлэн авна.

Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлыг хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долоодугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө https://www.eec.mn/index цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан https://www.eec.mn/index цахим хуудаснаас үзэж болох юм байна.

Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн лавлах утас болох 70119498, 75779498, info@eec.mn и-мэйл, www.facebook.com/eec.mn/ цахим хуудсаар хүлээн авна.