БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна. “Бүс ба Зам” хамтын ажиллагаа, гэрэл гэгээтэй хамтын ирээдүйг цогцоох нь сэдвийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 25-27-нд үргэлжилнэ.


Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 150 орон, 50 олон улсын байгууллагын 5000 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулга уулзалтыг сурвалжлахаар 4100 гаруй сэтгүүлч бүртгүүлсний 1600 орчим нь гадаадын сэтгүүлч багтаж байна.


Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд “Бүс ба Зам” санаачилга нь олон улсын хамтын ажиллагааны хамгийн ирээдүйтэй платформуудын нэг болж, тогтвортой ахиц дэвшил гаргаж, өндөр чанартай хөгжилд голчлон анхаарч иржээ.


2013 оноос хойш энэхүү санаачилга нь улс төрийн зохицуулалт, дэд бүтцийн холбоо, саад тотгоргүй худалдаа, санхүүгийн нэгдлийг хөгжүүлж, ард түмнүүдийг ойртуулах зорилготойгоор олон дорвитой алхмуудыг хийсэн байна.


Хөгжингүй болон хөгжиж буй орнууд багтсан нийт 126 орон, 29 олон улсын байгууллага энэхүү санаачилгын хүрээнд хамтран ажиллах баримт бичгийг БНХАУ-тай байгуулжээ. Хятадын бизнесийн дэмжлэгтэйгээр “Бүс ба Зам”-ын бусад орнуудад барьж байгуулсан аж үйлдвэрийн паркууд 300 мянга орчим ажлын байрыг бий болгожээ.


“Энэхүү санаачилга нь тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг онцлох шинэ загварын даяарчлал юм” гэж Цинхуа их сургуулийн “Бүс ба Зам” санаачилгын институтын гүйцэтгэх захирал Ши Жичинь хэлсэн байна.


Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, “Бүс ба зам” санаачилга нь дэлхийн улс орон бүрт нээлттэй. Бусад улс орон нэгдэх боломжтой гэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг