INCREDIBOX бол төрөлхийн  ямар нэг авьяас, мэргэжлийн боловсрол, туршлагагүйгээр гайхалтай микс бүтээх орон зай. Энэхүү сайт 2009 оноос эхлэн ажиллаж байгаа ч Монголд огт танигдаагүй. INCREDIBOX нь товчхондоо микс зохиох платформ. Андройд болон iOS төхөөрөмжид зориулсан апптай ч худалдаж авах шаардлагатай. Харин вебсайтаар нь ороод үнэгүй тоглож болно. 

INCREDIBOX-т үүсгэсэн аяаа бичиж аваад тав гаруй сошиал сүлжээ рүү шэйрлэх боломжтой. Мөн сайтад нь байршуулж тухайн долоо хоногийн шилгүүдийн чартад өрсөлдөж болно. Хамгийн сүүлийн хувилбар нь 2014 онд "The Love" нэртэй гарсан. Түүнээс өмнө 2009 онд "The Original", 2012 онд "Little Miss", 2013 онд "Sunrise" зэрэг хувилбар гарсан билээ. 

Францын "So Far So Good" компаниас гаргасан тус сайтад нийт 3.5 сая ая бичигдэж, 2009 оноос хойш 45 сая хэрэглэгчтэй болсон. Мөн энэ хугацаанд олон улсын таван шагнал хүртсэн байна. 

Adobe компанийн The Edge of Flash-ийг үүсгэн байгуулагч Роб Форд "...энэ сайт таны үргэлж хүсдэг догь байдлыг өгөх болно"

iSuperEit-ын Жей Эйтнер "Гайхалтай. Хөгжмийн боловсрол олгодог хүн бүр үүнийг мэдвэл зохино"

Cosmopolitan Tech-ийн Клоуи Панкулин "Хэдхэн товчлуур дараад л хөгжмийн зохиолч болох нь" зэргээр магтсан байх. 

Аппликэйшнд нь Google Play 5-аас 4.7, Apple 5-аас 4.8 онооны үнэлгээ өгчээ. 

Тоглоомын дүрэм их энгийн, чирээд аваачих. 

Хамтлагийн гишүүдийн доор хэмнэл, эффект, аялгуу, хоолой гэсэн үндсэн дөрвөн ангилал байна. Та эдгээрээс хүссэнээ чирээд хамтлагийн гишүүн дээр аваачихад хангалттай. Тоглоомын баруун дээд буланд байх гурван төрлийн бонусыг нээхийн тулд та зөв хослолыг олох ёстой. Бонусыг нь нууц хэвээр үлдээе. 

Хамтлагийн гишүүн дээр нэг дарахад чимээгүй болно, удаан дарахад гоцлол явна, хоёр дарахад устана. Хичээл дууслаа гэж үзвэл зүүн дээд хэсэгт байх Record цэсийг сонгон бичлэгээ эхлүүлээрэй. Миксийн хугацаа хамгийн багадаа нэг минут 30 секунд байх ёстой. Миксээ боллоо гэж үзмэгц татаж авах, сошиал медиа руу шэйрлэх, дахин сонсох сонголтууд гарч ирнэ. 

INCREDIBOX-ын веб хуудаст турших хугацаа гэж үгүй, та хүсвэл хэдэн зуун микс хийсэн ч болно. Харин iOS апп нь App Store-д 3.99 долларын үнэтэй борлуулагддаг.