“TУС солюшн" ХХК-ийн захирал, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай хийсэн ээлжит ярилцлагаа хүргэж байна.

Бид энэ удаа бүтэлгүйтэл хэмээх сэдвээр ярилцлаа. Алдаа бүтэлгүйтэл нь амжилт болсон олон түүхийг бид мэднэ. Тиймээс л түүнийг боломж, туршлага суух үнэт сургамж гэдгийг олж харах нь чухал. Гэхдээ эхлээд бүтэлгүйтлийн талаар эмх цэгцтэй, системтэй ойлголттой болоход энэхүү ярилцлага тусална гэдэгт итгэж байна.

Алдаа болгоноо амжилтын гишгүүр болгож ашиглаж чадвал анхнаасаа системтэй тооцсон зорилго бүхэн заавал биелнэ гэдгийг тэрбээр онцолсон юм.


-Бүтэлгүйтэл гэдэг ойлголтыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Бүтэлгүйтлийг ойлгохын тулд эхлээд амжилтыг ойлгох хэрэгтэй. Амжилт гэдгээ ойлгохын тулд зорилгоо, зорилгоо ойлгохын тулд мөрөөдлөө, мөрөөдлөө ойлгохын тулд хүслээ, хүслээ ойлгохын тулд хүн эхлээд өөрийнхөө хэрэгцээгээ танин мэдэх шаардлагатай.

Хэрэгцээ: Хүн амьдрахын тулд тодорхой суурь нөхцлүүдийг заавал бүрдүүлэх хэрэгтэй болдог. Жишээлбэл агаар амьсгалж, ууж идэх, сурч боловсрох, эрүүл байх гэх мэт. Бид эдгээр хэрэгцээгээ сайн таньж мэдээгүйгээсээ болоод мөнгө, хөрөнгө, албан тушаал, эрх мэдэл зэрэг хуучинсаг, хэвшмэл ойлголтуудаар өөрсдийнхөө хэрэгцээг төлөөлүүлэн ойлгож өөртөө том асуудлуудыг үүсгэдэг. Хүний суурь хэрэгцээг ангилж цэгцлэсэн хүн бол Чили улсын Эдийн засагч Макс Нееф.

Макс Неефийн ангилалд хүний суурь хэрэгцээг их цэгцтэй тодорхойлсон байдаг. Энэхүү ангиллаар хүн бүрт үндсэн суурь хэрэгцээ гэж бий. Эдгээр нь амьдрахын тулд байх зайлшгүй хэрэгтэй 9 суурь хэрэгцээг хэлж байгаа хэрэг. Эдгээр 9 хэрэгцээний ердөө хоёр нь материаллаг, 7 нь оюуны хэрэгцээ байгаа юм. Оюуны хэрэгцээ нь бусадтай ойр дотно байх, чөлөөтэй бодож сэтгэх, сурч мэдэх, юм бүтээх, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдрэх. Гэтэл бид үүнийг ингэж цэгцтэй ойлгож, таниагүйгээс амин чухал суурь болон ойр зуурын хэрэгцээгээ ялгадаггүй. 

Хүсэл: Хүн амьд явах, хоол хүнстэй байх, найз нөхөдтэй болох зэрэг суурь хэрэгцээг тогтвортой хангах арга замыг байнга эрэлхийлж байдаг. Оюун санааны энэ төлөв байдлийг бид хүсэл гэдэг.

Мөрөөдөл: Энэ бол хүсэл биш. Хүн өөрийнхөө тодорхой хэрэгцээг хангачихсан байна гэж хийсвэрлэн бодсоны үр дүнд тухайн хүний оюун санаанд бий болсон төсөөлөл загвар юм.  Ирээдүйд бий болгохыг хүсэж байгаа үр дүнгээ урьдчилан загварчилж байгаа хэрэг. 

Зорилго: Мөрөөдлийг бодит байдал болгохын тулд нэгэнт шийдээд хугацааны тодорхой шалгуур тавьсан бол тэр мөрөөдөл нь зорилго болон хувирч байгаа юм. Өөрт байгаа нөөцөө зарцуулж буйг зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэж ойлгож болно. 

Ингэж хэрэгцээ, хүсэл, мөрөөдөл, зорилгоо ялгаж салгаж ойлгохгүйгээр хооронд нь холиод явдаг хүмүүс их олон байдаг.  Зорилгогүй бол амжилт, бүтэлгүйтлийн аль аль нь байхгүй. 

Жишээлбэл 2020 он гэхэд байр, машинтай болчихно гэж ярьж байгаа хүнийг зорилго тавьсан хүн гэдэг шүү дээ. 2020 он гэж цаг хугацааны шалгуур тавьсан нь зорилгын үндсэн шалгуур юм. Шалгуургүй бол тэр хүний зорилго мөрөөдөл хэвээрээ үлддэг. Байшинтай болох юм сан гээд л яваад байна гэсэн үг.

Зорилгоо тодорхойлсны дараа уг зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөж, улмаар түүнийгээ хэрэгжүүлдэг. Чухам энэ үе шатанд л амжилт эсвэл бүтэлгүйтэлтэй учирна. Бодож төлөвлөсөн ёсоор зорьсон үр дүнгээ бий болгож чадсаныгаа бид амжилт гэж тодорхойлдог. Харин эсрэгээрээ хүссэн үр дүнгээ бий болгож чадаагүйгээ бид бүтэлгүйтэл гэдэг.

Ингэж аливаа ойлголтыг тус бүрчлэн таньж мэдсэнээр цэгцтэй сэтгэх суурь тавигддаг. Ойлголтоо цэгцтэй болгоогүйгээс бид хүсэл, мөрөөдөл, зорилгоо хольж хутгаад баахан ерөнхийлсөн улс яваад байна.


-Хэмжүүргүй бол ахиц амжилт гарахгүй гэж та өмнөх ярилцлагадаа дурьдсан. Үүн шиг бүтэлгүйтээгүй хүн амжилт гаргахгүй гэж би боддог. Бүтэлгүйтэл үнэхээр амжилтын бат гишгүүр болж чадах уу?

-Хүн тодорхой зорилго тавьж, хэрэгжүүлэхээр шийдсэн бол маш олон хүчин зүйлийг урьдчилан тооцох шаардлагатай тулгардаг. Жишээлбэл, ямар нэг бизнес эрхлэхээр зорьсон хүн цас, бороо, зам гүүр, ажилтан, эрсдэл, саад, бэрхшээл, улс төр, нам, засаг, цахилгаан, ус, харилцаа, холбоо, хэрүүл, маргаан, итгэл, хүндэтгэл, гомдол, тайвшрал, хэвтээ монгол, босоо монгол гээд л… лавтайяа  хэдэн мянган хүчин зүйлүүдийг судалж тооцох хэрэгтэй болно. Гэхдээ эдгээр хүчин зүйлүүдийг бүгдийг нь эхнээсээ баттай тооцох боломж мэдээж байхгүй. Тийм учраас бүтэлгүйтлийг хэн ч тойрч чадахгүй харин ч түүнтэй нүүр тулахдаа бэлэн байх ёстой.

Зарим нэвтрүүлгээр олны танил эрхмүүд бүтэлгүйтэж, бүдэрч үзэлгүйгээр амжилтад хүрсэн гэж ярих юм билээ. Энэ ёстой худлаа шүү, манайхан нэрэлхээд ярьдаггүй биз. Гайхалтай нь тэр ярианд итгэдэг улс байх юм. Худлаа ярьж байгаа хүмүүстэй өөрийгөө харьцуулж, өөрийгөө хэмжих гээд үзчихдэг. Бүтэлгүйтэл нь өөрөө амжилтын сүүдэр, мөнхийн дагуул нь юм. Угаасаа амжилт гэдэг амар ирчихдэг ч эд биш, их зовооно.


-Зарим хүн бүтэлгүйтлээс болж замын дундаас шантардаг, сэтгэл санааны дарамтад ордог...?

-Залуустаа хандаж ийм хүнд үе ямар ч хүнд заавал тохиолддог бөгөөд энэ бол туулах ёстой зам гэдгийг хэлье. Харин зорилгоо хэрэгжүүлэх ажлаа цааш нь үргэлжлүүлэхдээ тохиолдсон бүтэлгүйтэл бүрээ давуу тал болгож ашиглаж сурах хэрэгтэй. Бүтэлгүйтлийн ачаар чи амьдрал гэгч багшаар хичээл заалгаж, олон зүйл дээр туршлагажиж, ихийг ойлгож, маш их мэдээлэл, өгөгдөл дататай болсон байна шүү дээ. Тууштай хүн эргэж хараад юун дээр алдсан, юуг дутуу хийснээ олж харж чаддаг, дүгнэлтээ зөв хийдэг бол няцамхай хүн зүгээр л маш их нөөц зарцуулж бий болгосон үр дүнгээ шууд хогийн саванд хаячихдаг.

Зорилго руу чиглэсэн ямар ч үйл ажиллагаа бол тэр чигээрээ танин мэдэхүйн процес. Энэхүү танин мэдэх процессийг цэгцтэй төлөвлөж, бэлтгэлээ хангасны үндсэн дээр гүйцэтгэвэл тэр хэрээрээ тархи цэнэглэгдэж, юу мэдэхгүйгээ вэ гэдгээ мэдэж авч, яагаад чадахгүй байгаагаа ойлгож чадна. Ингэж л бүтэлгүйтлийг амжилтын найдвартай гишгүүр болгож урагшлаад байвал ямар ч хүн зорилгодоо заавал хүрч чадна. Бүр заавал шүү. Тэгэхээр бүтэлгүйтэл гэдэг яах аргагүй амжилтын гишгүүр байгаа биз? Харин тэр их үнэ цэнээр бий болгосон өгөгдөл, мэдээллээ судалж үзэхгүйгээр хаях нь хамгийн эмгэнэлтэй. 


-Нөөц хувилбартай байх тухай онол байдаг даа. Энэ нь таныг бүтэлгүйтлээс хамгаалах арга зам мөн үү?

-Нэг замаар яваад бүтэлгүйтвэл нөгөөг нь сонгох төлөвлөгөөтэй байж болно. Тийм төлөвлөгөөтэй байх нь ч зүйтэй. Гэхдээ энэ бол зорилгодоо хүрэх замаа сольж гэж байгаа болохоос биш зорилгоо өөрчил гэсэн үг биш юм. Алсын замд хөтөлгөө морьтой гарах хэрэгтэй тухай өвөг дээдэс маань сургадаг даа. Энэ нь замд нэг морь нь эцэж туйлдвал нөгөө морио унаад зорьсон газартаа саадгүй хүрэх ухаан юм. Түүнээс биш хоёр морьтой гарчихаад нэгийг нь унаад нэг тийшээ явж байснаа нөгөөг нь унаад өөр тийш яв гэсэн үг биш.


-Биелэхгүй зорилго гэж байх уу?

-Наран дээр л бүжиглэнэ гэдэг шиг огт судалгаа тооцоогүй зорилго тавьчихаагүй бол анхнаасаа системтэй тооцсон зорилго заавал биелнэ. 

Зорилгоо хэрэгжүүлэх арга замыг нь судлаад бүр үйлдлийн хэмжээнд задалж үзвэл тэдгээр үйлдлүүд нь хэнбугай ч хийгээд байж чадах жижиг үйлдлүүдээс бүтдэг. Энгийн боловч маш олон тооны үйлдлүүдийг хооронд нь уялдуулан нийлмэл процесс болгочихоор гаднаасаа сүртэй, хүн хийж чадамгүй, төвөгтэй харагддаг. Тэгвэл та зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа ийм үйлдлүүдийн хэмжээнд задалж төлөвлөөд үзээрэй. Таны зорилго  заавал биелэгдэнэ.

 

-Бид хүний боломжийг хязгааргүй гэж ярьдаг. Энд  боломж гэж чухам юуг хэлээд байна вэ? 

-Саяхан орчин цагийн хамгийн агуу эрдэмтдийн нэг болох Стивен Хокингийн тухай ном уншлаа. Хүний боломж гэж ямар хязгааргүй юм бэ гэдгийг түүний намтраас олж мэдэрнэ.

Хүмүүс түүнийг төрөлхийн гажигтай төрсөн гэж боддог боловч 21 насандаа булчин сулрах өвчтэй болсон байдаг. Булчингууд нь аажим аажмаар ажиллагаагүй болж сүүлдээ ярихад хүртэл хүндрэлтэй болоход эрдэмтэд компьютерийн технологийн тусламжтайгаар бодол санааг нь илэрхийлэн гаргах шийдэл бүхий төхөөрөмж зохиожээ. Өнөөдөр дэлхий дахин түүний нээсэн хар нүхний онол, квант физикийн онолуудыг даган баясагч, шүтэн бишрэгч болсон. Түүний хөдөлмөрийн үр дүн хүн төрөлхтний амьдралд гүнзгий өөрчлөлт авчирч байна. Гэтэл тэр хүн ямар ч хөдөлгөөн хийж чаддаггүй, бүр ярьж ч чаддаггүй хүн шүү дээ. Мөн хоёр хөлгүй болсон хэрнээ бизнес амжилттай эрхэлж яваа нэгэн монгол залуу шинэ төсөлдөө хөрөнгө мөнгө босгосныг олон хүн үзсэн байна лээ. 

Харин манайд эрүүл саруул хэрнээ би ядуу, би олон хүүхэдтэй, би ажилгүй, ажил олдохгүй байна гэж шалтагладаг хүн цөөнгүй байна. Тэд бусдад ямар ч тус хүргэдэггүй мөртлөө бусдаар тэжээлгэх сонирхолтой. Энэ чинь өөрөө сэтгэлгээний доголдол юм. Үүнийгээ зарим нь тархи хүрэхгүй юм чинь яах юм гэж зөвтгөнө гээч.

Залхуугаа, бүтэлгүйгээ хүртэл эцэг эх рүүгээ чихэж байгаа хэрэг. Өөрийхөө өөг хүртэл буруутгах бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг энэ. Өөрөө болохоор юунд ч буруугүй. Яг ийм цэгцгүй сэтгэлгээ л амьдралдаа бүтэлгүйтэх шалтгааныг нь үүсгээд  байгаа юм. 


-Алдаа бүтэлгүйтлээсээ суралцдаггүй хүнийг хариуцлагагүй хүн гэж тодорхойлж болох уу?

-Ийм хүний сэтгэлгээ нь ерөнхийлдөг, бэлэнчилдэг, эмх цэгцгүй гэсэн ангилалын аль алинд хамрагдана. Ийм сэтгэлгээтэй хүнийг хариуцлагагүй гэхээс өөрөөр юу гэж нэрлэх билээ дээ. 


-Яагаад бидний дийлэнхи нь ийм сэтгэлгээтэй болчихов? 

-Бодох сэтгэхийг нь хориглодог, юу бодож сэтгэхийг нь заадаг байсан коммунизмын гаж тогтолцоотой нийгмийн нөлөө их бий. Тэр үед чинь нам төр нь иргэндээ хэлэх үгийг нь заадаг, иргэн нь түүнийг нь үг дуугүй дагадаг, иргэн хүн бодож эргэцүүлэх бус гүйцэтгэх үүрэгтэй нийгэм байсан юм. Ингэж номхон байсных нь төлөө толгой хоргодох оронтой, ходоодыг нь өлсгөхгүй явуулна. 

Тийм нийгэмд ямар нэгэн юм болохгүй бол тогтолцоогоо засдаггүй, харин хэн нэгнийг  суудлаас нь мултлах, эсвэл шоронд хийх замаар л асуудлаа шийдсэн гэж үздэг байв. Миний бодлоор өнөөдөр манай нийгмийн гишүүдийн олонхийн гаргаж байгаа ааш араншин нь хуучин нийгмээс өвлөж авсан, бидний оюун санаанд одоо болтол баттай оршсоор байгаа хэвшмэл ойлголтуудын шууд илрэл мөн. Олон хүний хувьд шорон бол шударга ёсыг хангах цорын ганц хэрэгсэл мэтээр ойлгогдож төсөөлөгдөж байгаа нь үүнийг нотолж байна. 


-Өнөөдөр ч хуучин нийгмийн энэ арга барил халаагаа тавихгүй л байна. Мөн л сэтгэлгээний хоцрогдол уу?

-Сүүлийн үед үүнийг барь, түүнийг хорь, албан тушаалаас нь буулга, шоронд хатаа гэх хийрхлүүд байнга дуулдах болжээ. Энэ бол өнөө л хуучин цагийн сэтгэлгээ амь бөхтэй үлдсэнийх. Харамсалтай нь хэн нэгнийг эсвэл хэдэн ч хүнийг хориод, шоронд хийгээд нийгмийн өмнө тулгарсан асуудлууд шийдэгдэхгүй л дээ. 

Чин үнэндээ монголчууд бид дор бүрнээ зорилгогүй, төлөвлөгөөгүй, нэг л баруун солгойгүй гадаад хэлээр ярьсан, рекламдсан хүмүүс болчихлоо. Мэддэггүйгээ мэддэггүй, юу мэддэггүйгээ мэддэггүй, мэддэггүйгээ нууна гээч. Бид дор бүрнээ л суралцах хэрэгтэй байна. Суралцана гэхээр нэг их эрдэм номтой гадаад, дотоодын мэргэдийг авчирч залах тухай бодоод хэрэггүй. 

Бид алдаанаасаа, бүтэлгүйтэл болгоноосоо суралцах ёстой. Ингэж суралцахгүй, хэн нэгний алдаа гаргасан бүхэн дээрээ бүгдээрээ шаагилдаж бах таваа хангаж, өшөөгөө авсанаар бид нийгмийнхээ эмгэгээс салж чадахгүй. Дэвшил бас бий л дээ. 

Бүтэлгүйтэл, алдаа, зөрчилүүд  илэрч  байгаа нь сайн хэрэг. Алдаа, зөрчлүүд нь нуугдмал байдалд байдаг нийгэм, улс орнууд зөндөө шүү дээ. Тэдэнтэй харьцуулахад Монголын нийгэм дархлаа сайтай байна. Энэ бол маш том давуу тал. Харин энэ давуу талаа ашиглаад энэ алдаа, зөрчил, бүтэлгүйтлийг үүсгэж байгаа суурь шалтгааныг таньж мэдээд хууль, дүрэмдээ шаардлагатай өөрчлөлтүүдийг шуурхай хийдэг болох хэрэгтэй санагдана. 

Сэтгэлгээгээ цэгцтэй болгох замаар өөрийнхөө амьдралд ч, компанийнхаа үйл ажиллагаанд ч ахиц, дэвшилт гаргасан хүн олон бий.


-Бүтэлгүйтлийг даван туулж амжилтад хүрэхийн тулд заавал дагаж мөрдөх хэв хэмжээ байдаг гэж яригддаг. Та энэ хэв хэмжээг дэмждэг үү?

-Тэр хэв хэмжээг бид зарчим ч гэж нэрлэдэг, бас заримдаа ёс суртахуун, ёс зүй ч гэж  нэрлэдэг. Юу ч гэж нэрлэдэг бай, бид тэдгээр хэв хэмжээг алхам тутамдаа хэрэгжүүлж мөрддөг байх ёстой. Ингэж мөрдөөгүйгээс болоод бүтэлгүйтлүүд хөвөрдөг. Үүнийг өнөөгийн нийгэм дээр болж байгаа үйл явдлууд бэлхэн батлан харуулж байна. 

Янз бүрийн ёс зүйгүй үйлдлүүд хийж байгаад бусдад олзлогдон элдэв аудио болон видео бичлэгт өртсөн хүмүүс бол бүгдээрээ ёс зүйн хэв хэмжээг зөрчсөн хүмүүс. Манайх шиг нээлттэй нийгэмд чинь хуулийн зөрчлөөс өмнө ёс суртахууны зөрчлийг эхэнд нь авч үздэг. 

Хууль бол ёс суртахууны хэв хэмжээг албадлагын хэлбэрт оруулах гэсэн оролдлого гэж би боддог. 

Даанч харамсалтай нь хууль боловсруулдаг, баталдаг, даган мөрдүүлдэг туршлага маань нимгэн байна, тийм учраас хууль зөрчөөгүй учраас ёс зүйгүй үйлдлийг гаргаад байж болно гэдэг ойлголт их түгээмэл болжээ. Гэсэн хэдий ч ёс зүйн хэв хэмжээг зөрчих нь тухайн хүнд тухайн үедээ ашигтай байж болох ч урт хугацаандаа өөрсдөд нь гай болно. Заавал шүү. 

Энэ амьдрал гэдэг чинь хэдхэн жил, хэдэн өдөр үргэлжлээд дуусдаггүй учраас тэрхүү ёс зүйгүй үйлдлийн үр дагавар нь тухайн хүнийг үхэн үхтэл нь сүүдэр мэт дагаж байх болно.

Бусдын амьдралд хошуу дүрж хүний амьдралын бараантай, саарал тал дээр нь дөрөөлж амь амьдралаа залгуулдаг хэсэг хүмүүс бий болоо юу даа. Тэдгээр хүмүүс нэг үгээр бол нийгмийн бохир, "сэгээр" хооллодог хүмүүс юм. Тэдний үйлдэл ч бас ёс зүйн хэв хэмжээг зөрчөөд байгаа хэрэг. Ингэж ёс зүйн хэв хэмжээ алдагдахыг л бид ёс суртахуун гэдэг юм билээ. Шашинд нүгэл гэдэг ойлголт байдаг даа. Нүгэл гэдэг чинь нарийндаа ёс зүйгүй үйлдлийг хэлээд байгаа юм билээ. Би саяхан л ойлгож авсан. 


-Ёс зүйгүй үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх боломжтой юу? 

-Боломжтой, тэгэхдээ төвөгтэй. Ийм зорилго тавьсан хүмүүс юуны өмнө ёс зүй гэж юу вэ?, хэв хэмжээ гэж юу вэгээд суурь ойлголтуудаа өөрсдөө сайн судалж ойлгож, баг хамт олныхоо дунд хэлэлцүүлэг хийж ойлголтуудаа нэгтгэх ажлыг хийх хэрэгтэй. Үүний дараа тэрхүү хэв шинжүүдийг дүрэм журамдаа тусган мөрдүүлэх арга замаа тодорхойлно. Ингээд л цаашаа хөвөрнө дөө… 

Ёс зүйн хэв хэмжээг мөрдөхийн давуу тал нь байгууллага, хамт олны уур амьсгалыг их зөөллөж бас хоорондын итгэлцлийг  нэмэгдүүлдэг юм билээ. 

Бүр 100 хувь шүү, энэ намайг тэгчих болов уу, ингэчих болов уу гэсэн хардлага, айдасгүй болно. Учир нь яг ижилхэн ёс суртахууны суурь хэв шинжид бүгдээрээ захирагдаж байгаа юм. Бид нийгэмдээ ёс зүйн хэв хэмжээг нэвтрүүлж ёс зүйтэй нийгэм болмоор байна.

Ёс зүйн хэв хэмжээг байгууллагууд дээр төлөвшүүлэх тал дээр манай компаниас нэлээн олон судалгаа хийж аргачлал гаргасан. Сонирхсон хүмүүс байвал холбогдоно биз.


-Бүтэлгүйтэл бүрийг давуу тал болгож чаддаг болохын тулд юу хийвэл зохилтой вэ?

-Юуны өмнө сэтгэлгээгээ цэгцлэх хэрэгтэй. Цэгцтэй сэтгэдэг хүн учирч байсан бэрхшээл, асуудал, бүтэлгүйтлээ юунаас бий болов, юуг нь дутуу тооцов, юуг нь дутуу хийв гэдгээ л сайн таньж мэдэж чадаад байгаа  юм. Харин цэгцгүй сэтгэлгээтэй хүн өөрийнхөө бүтэлгүйтэлд буруутгах хүн, юмсыг хайсаар байгаад хамаг нөөцөө шавхдаг. 

Хүний тархи сэтгэх үүрэгтэй эрхтэн шүү дээ, тэгэхдээ эмх цэгцтэй сэтгэх учиртай. Цэгцтэй сэтгэлгээний аргуудын өмнөх ярилцлагуудад хангалттай дурьдсан байгаа. 

Хүнд байгалиас заяагдсан, байгалийн шалгарлаар хөгжиж төлөвшсөн, бодож сэтгэх чадвартай машин бий. Тэр нь тархи. Тархи алдаагүй сэтгэж алдаагүй дүгнэлт гаргахын тулд үнэн зөв өгөгдөл, мөн  харьцуулах загвартай байхыг шаарддаг. Иймд энэ үнэн зөв өгөгдлүүдийг цуглуулах, харьцуулах загварыг нь бий болгож өгөх нь бидний үүрэг юм. Нэгэнт өгөгдөл, загвар нь бэлэн байж байвал дүгнэлт гаргах ажлыг тархи маш богино хугацаанд алдаа мадаггүй хийж байгаа юм.

Цэгцтэй сэтгэлгээний аргыг хэн нэгэнд хадаг яндар бариад сурчихгүй, ямар нэг суут эрдэмтэд ч таны тархинд суулгаж чадахгүй. Хүн өөрөө л хэрэглэж байж энэхүү танин мэдэх аргад суралцана.

Харин цэгцтэй сэтгэлгээний аргыг эзэмших үйл ажиллагааг нь  чиглүүлэх, дадлагажуулах замаар дэмжиж өгч болно. Ийм аргачлал, хөтөлбөрүүдийг боловсруулан гаргасан. 


-Мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх нь танин мэдэхээс эхлэх нь ээ?

- “Сэрэлт” киноны лавлаа Дашийн дүрийг санаж байна уу. Лам ахынхаа үгэнд итгээд орос эмчийг хөнөөх гээд дараа нь учрыг нь ойлгоод ах лам руугаа дайрдаг шүү дээ. Эхний тохиолдолд мэдээллийн үнэн зөвийг нягтлаагүй, хоер дахь тохиолдолд уур хилэн цэгцтэй сэтгэхэд нь саад болж байна. Үүнээс хойш мань хүн хашир сууж байнга асуудаг зуршилтай болсноор  “Манай аавыг лавлаа Даш гэдэг болсон юм даа” гэж кино төгсдөг. Яг үнэндээ асуудал лам ахад эсвэл орос эмчид биш Дашийн сэтгэлгээний эмх цэгцэнд байгаа нь эндээс харагдана. Лавлана гэдэг чинь өгөгдлөө шалгаж байгаа хэрэг. Мэдэхгүй байж мэддэг царайлж байснаас мэддэггүйгээ хүлээн зөвшөөрч лавлаа хочтой явсан дээр.


-Компани дээр бүтэлгүйтлийг тайлбарлахгүй юу?

-Компани олон хүний хувь заяатай холбоотой учраас компаний бүтэлгүйтэл хувь хүний бүтэлгүйтлээс илүү уршиг дагуулна. Зорилгоо хэрэгжүүлж чадахгүйд хүрвэл тэр олон хүмүүсийн итгэл найдвар, ирээдүй нурна. Энэ нь мөнгө хөрөнгөө алдахаас ч хүнд тусна.

Компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, бүтэлгүйтэл, дампууралд хүрэхгүйн тулд тэр олон хүнийг хамарсан уялдаа холбоог бий болгохыг шаарддаг. Ийм уялдаа холбоог бий болгоогүй бол байгууллага эрт орой заавал бүтэлгүйтэлтэй учирна. Үүнтэй холбоотой жишээ татая.

Бугуйн цаг 130 орчим жижиг эд ангиас бүтдэг. Таны урд энэ олон эд ангийг ширээн дээр цуглуулаад тавьчихвал цаг биш овоолсон эд ангиуд л харагдана. Харин эд анги болгоны үүргийг бусад эд ангийн үүргүүдтэй холбож бүгдийг нь хооронд нь угсарч байж нөгөө эд ангиуд чинь сая нэг юм цаг болно. Угсарна гэдэг уялдаа холбоог нь бий болгож байгаа хэрэг юм.

Манайхан 130 хүн цуглуулчихаараа компани байгуулчихлаа гэдэг. Энэ нь ердөө эхний алхам. Угтаа 130 хүний хоорондын уялдаа холбоог сайжруулж, бие биенээ дэмжиж ажилладаг болгох ёстой. Гаргасан алдаа болгоноо оношлоод, засаад явах тогтолцоогоо бий болгож чадвал үүний үр дүнд бүтэлгүйтэл, алдаа болгоноо амжилтанд хүрэх найдвартай гишгүүр болгож чадна. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, байгууллага хамт олон нэгдсэн нэг зорилготой болсон үедээ л нэгдмэл болж чаддаг. Ингээгүй цагт дампуурдаггүй юмаа гэхэд янз бүрийн асуудалтай байнга учирна. 

Ер нь бүтэлгүйтлээ амжилт болгох нь нарийн чимхлүүр ажил. Цэгцтэй сэтгэлгээгээр аливаа зорилгоо төлөвлөөд хэрэгжүүлээд явбал ирээдүйд гарч болзошгүй асуудал, бэрхшээлүүдийн тоо  багасна.


-Манай компаниуд голдуу аль шатандаа хандаж зөвлөгөө авдаг вэ?

-Хүн бие нь өвдөхөөр эмнэлэгт шуурхай хандаж шинжлүүлдэг. Үзүүлж, оношлуулахгүй явсаар хавдар болтол нь ужигруулдаг хүмүүс ч байдаг.  Яг үүн шиг манай компаниуд ч гэсэн голдуу асуудал нь гүнзгийрчихсэн, дотоод зөрчилдөөн нь туйлдаа хүрэхээрээ бидэнд хандаж байна.

Дотоод зөрчилдөөн нь аль ч компанийн мөнхийн дагуул. Нөгөө талаар бүтэлгүйтлийг үүсгэдэг зүйл нь дотоод зөрчилдөөн. Жишээлбэл өнгөц харахад хоёр хүний маргалдаан зөрчилдөөн юм шиг харагдах зөрчил бол үнэн хэрэг дээрээ байгууллага зорилгоо нэгдмэл  болгож чадаагүй, ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байгааг л илэрхийлж буй. 

Бүтэлгүйтэл, зөрчил хоёр бол нэг зоосны хоёр тал юм. Зөрчил, зөрчилдөөн олон гардаг бол бүтэлгүйтэл ойрхон байгаагийн шинж. Ийм учраас гарсан зөрчил болгоноо өөрсдөө цаг алдалгүй оношлодог байх нь бүтэлгүйтлээс зайлсхийх хамгийн найдвартай арга юм.

Барын зулзагыг бага дээр нь дарж ав гэж манайхан ярьдаг даа. Зөрчлийг бага дээр нь дарж авахгүй бол хорт хавдар болсон үедээ юу ч нэмэр болохгүй шүү. 


-Томоохон компаниуд хуучирсан арга барилаараа ажилласаар байгаа нь анзаарагддаг. Энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ?

-Монголын компаниуд одоо л амьдралд хатуужиж хэрсүүжиж байна гэж би хардаг. Тэгэхдээ энэ процесс их удаан бас төвөгтэй явагдаж байна. 

Социализмын үед гарсан компани гэдэг нь  ашгийн төлөө байгууллага мөн гэдэг үзэл баримтлалд итгээд компанийн эзэд, захирлууд ашиг, мөнгө л хөөсөн. Тэгээд нэг хэсэг нь мөнгөтэй болсон, бас нөгөө хэсэг нь бүтэлгүйтсэн. Ийм бартаатай замаар замнаж яваа учраас монголын компаниудын төлөвшилт харьцангуй удаан явагдаж байгаа юм уу даа. Гэвч сүүлийн үед компанийн захирлууд, эздүүдийн сэтгэлгээний чиг хандлага цагийн эрхээр өөрчлөгдөж гадаад, дотоодын огцом өөрчлөлтөнд дасан зохицох оролдлогуудыг хийгээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хуучин хэвшмэл аргаараа хол явахгүй гэдгээ мэдэрсэн хэрэг. 

Мөнгө чухал. Тэгэхдээ зөвхөн мөнгө хөөсөн компанийн үйл ажиллагаа нь маш олон асуудалтай тулгарсан, дотоод зөрчилдөөн ихтэй байдаг. Байгууллагын гол цөмийг хүмүүс л бүрдүүлдэг. Хүн байхгүй бол, хүний ур чадвар байхгүй бол тэр шинэ тоног төхөөрөмж, технологиор юу хийх юм бэ? Хүн чинь сэтгэлийн амьтан. Мөнгөөр тэр сэтгэлийг угжихгүй шүү дээ. Одоохондоо энэ том хүчин зүйлийг тоохгүй байгаа олон байгууллагуудыг бид мэднэ. Гэтэл тэр нь томоос том асуудал болчихоод  хаалгыг нь тогшиж байна. Иймээс танд амжилт авчирсан, таны итгэл үнэмшил болчихсон тэр арга барилуудаа байнга чагнаж дэнсэлж байх, түүгээр ч барахгүй заримаас нь үтэр түргэн салах хэрэгтэй. 

Мэлхий ба халуун тогооны тухай ёгт жишээ Зүүн өмнөд Азийн орнуудад өргөн тархсан байдаг юм билээ. Мэлхийг тасалгааны хэвийн хэмтэй усанд хийгээд дараа нь усыг аажмаар халаавал мэлхий дассаар гарч чадалгүй тэндээ үхчихдэг. Харин мэлхийг шууд халуун ус руу  хийвэл үсрээд гарчихдаг гэнэ. Энэ нь асуудлыг бага дээр нь арилгахгүй бол илүү том болно шүү гэж сануулж байгаа хэрэг.