Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг өнгөрсөн оны 11 сарын 18-ны өдөр Чандмань сумын Сүлжээ багт бууны суманд шархадсан хотон шувуу байгааг олж илрүүлжээ. 

Тухайн үед хотон шувууны зүүн далавч болон хөл нь гэмтсэн учраас нисэх чадахгүй байсан гэнэ.

Байгаль хамгаалагч хотон шувууг Жаргалант суманд авч ирж, гурван сарын хугацаанд эмчилсэн аж. Тэрээр зориулалтын байргүй учраас монгол гэрт өсгөн тэжээсэн байна.

Уг шувуу нь өнгөрсөн оны төл бөгөөд одоо нэг настай. Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газрын захиргааны хамт олон энэ шувуунд “Азхүү” хэмээх нэр өгчээ. Азхүү хэмээх хотон шувуу нь өдөрт 3-4 загас иддэг гэнэ. Анх олоход 6 кг байсан бол одоо 7.5 кг жинтэй болжээ. 

Ванны усыг хоёр өдөрт нэг удаа сольдог бөгөөд үүнд 200 гаруй литр ус ашигладаг гэнэ. Тус шувууг ирэх сард Хар-Ус нуур орчимд тавьж, ижил сүрэгтэй нь нийлүүлэхээр төлөвлөж буй. Хамгийн сүүлд Хар ус нуурт хийсэн судалгаагаар 62 хотон өндөглөн зусаж байгаа билээ.

Хуулиар хамгаалагдсан ховор шувууг өнтэй өвөлжихөд дэм болгож амьдрах орчны зардал 1.6 сая төгрөгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санхүүжүүлжээ.

Бичлэг: