Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү эрхэлсэн захирал Б.Золбоотой хөрөнгийн зах зээлийн хөгжил, оролцогчдын зан араншин гэх мэт сонирхолтой сэдвээр ярилцсан юм.


-Юуны өмнө Ард Санхүүгийн Нэгдлийн өнгөрсөн нэг жилийн хугацаанд маш олон шинэлэг ажлууд амжуулсан. Энэ талаараа хуваалцахгүй юу? 

-Манай компани санхүүгийн салбарт тасралтгүй хөрөнгө оруулалт хийж ирсэн. Одоогоор 17 охин компанитай. Өнгөрсөн 5 сард Жинст Увс ХК, Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай ХК нэгдэх шийдвэр Санхүүгийн Зохицуулах Хорооноос гарч, процессийн ажил нэлээд урт үргэлжилж “Ард”-аар овоглосон шинэ хувьцаа хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэлсэн. Мөн энэ жил хоёр IPO хийлээ. Нэг жилийн дотор ийм том гурван ажлын ард гарна гэдэг хөрөнгийн зах зээлд шинэ үзэгдэл байлаа.


-Санхүүгийн боловсролын ачаар иргэд хөрөнгийн зах зээлээс мөнгө олж болно гэдгийг ойлгож эхэлж байна. Үүнийг дагаад хөрөнгийн зах зээлд богино хугацаанд ашиг хийгээд гарах сонирхолтой хүмүүс ч нэмэгдсэн. Үүнийг та хэрхэн хардаг вэ?

-Хөрөнгийн зах зээлд богино хугацаанд ашиг харсан хүмүүс хүч түрэн орж ирсэн нь үнэн. Тэр хэрээрээ зах зээлд савлагаа үүссэн. Манай Ард Даатгал, Ард Кредитын IPO-д ажиглагдаж байлаа. Энэ үйл явцыг муу зүйл гэж хардаггүй. Харин ч богино хугацаанд ашиг хийх сонирхолтой хүмүүс тоглолт хийж үндсэн тоглогчид үлдэнэ. Ингэснээрээ хөрөнгийн зах зээлийн идэвхийг нэмж өрсөлдөөн үүсгэж чадсан гэж хардаг.

 

-Ер нь хувьцаанаас ашиг хүртэхдээ богино хугацаанд эргэлдүүлэх эсвэл урт хугацаанд ашиг харахын аль нь өгөөжтэй вэ?

-Олон улсад хөрөнгө оруулалтын сан гэж ойлголт бий. Дийлэнх хөрөнгө оруулалтын сангууд өдөр тутамдаа арилжаа хийдэггүй. Ихэвчлэн компаниудын хувьцааг аваад дарчихдаг гэж ойлгож болно. Урт хугацаандаа илүү ашигтай гэж үздэг учраас тэр. 

Зах зээл өсөлттэй байх үед өдөр тутамдаа арилжаа хийхгүй байх нь илүү өндөр өгөөжтэй байдаг. Унаж байгаа үед арилжааны идэвхтэй, хөдөлгөөнтэй байх нь ашигтай эсвэл бага алдагдал үүрдэг талтай. 


Мөн хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг сайтай, мэргэжлийн тоглогч биш л бол урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн нь илүү тохиромжтой. Яагаад гэвэл зах зээлийн өдөр тутмын савлагаанд сэтгэл зүйн хувьд бэлэн биш байдаг учраас бага зэргийн уналт эсвэл өсөлтөд сандарч хувьцааг авч, зарснаар илүү их өгөөж авах байсан боломжоо үгүй хийдэг эсвэл алдагдалд ордог. Хувьцааны үнэлгээг бүрэн ойлголгүйгээр зах зээлийн савлагаанд үндэслэн шийдвэр гаргаж байгаа араншинт санхүүгийн нэг хэсэг юм.


Нөгөө талаасаа харвал хөрөнгийн зах зээл дээр нэг хүний ашиг нөгөө хүний алдагдал байдаг. Тэр мөнгө хаашаа ч явахгүй, нэг хүнээс нөгөө хүн рүү шилжих процесс юм. 


-Зарим компаниудын хувьцааг урт хугацаанд дараад ч төдийлөн ашиг унадаггүй тал бий. Тэгвэл танай компаниудын хувьцаа өнгөрсөн хугацаанд хэр өссөн бэ?

-2016 онд Монгол Улсын Засгийн газраас зарласан Монгол Шуудангийн хувьчлалд амжилттай оролцож 3.3 тэрбум төгрөгөөр тус компанийн 17.38 хувийг худалдаж авч байлаа. Монгол Шуудангийн хувьчлалд харьцангуй хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголттой хүмүүс орж ирсэн учраас урт хугацааны эрсдэл дааж хөрөнгө оруулалт хийсэн. Мөн тэр чинээгээрээ ашиг хийсэн. Нэгж хувьцааны үнэ 3 жилийн хугацаанд 3 дахин нугарч чадсан. Анх 185 төгрөг байсан бол өнөөдөр 650 төгрөгт хүрчихлээ. Мэдээж шууд 650 болчихоогүй. Тэр хооронд уналтууд байлгүй яахав. Зарим нь зараад гарсан ч ихэнх нь тууштай хөрөнгө оруулагч нар байсан. Хамгийн гол нь хүмүүс мэдээлэлтэй байх ёстой. Үүний тулд тухайн зах зээлд ажиллаж байгаа компаниудад анхаарлаа хандуулах хэрэгтэй юм.


"Монгол шуудан" бол яах аргагүй олон нийт нэгдэн орсон томоохон хувьчлал байсан. Анхнаасаа иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар суурь ойлголтгүй байсан үед 1990 оны томоохон хувьчлал болж өнгөрсөн шүү дээ. Иргэдэд хүчээр шахуу хэдэн хувьцаа тараагдсан учраас ашиглаж чадсан нь ховор. 

Тиймээс ч санхүүгийн ойлголттой байсан хүмүүс Хөрөнгийн бирж дээр идэвхтэй арилжаалагдаж буй томоохон компаниудын эзэд болсон нь нууц биш. Мөн компаниуд энэхүү хувьчлалын үеэр хөрөнгө оруулагчийн эрэлт дээр үндэслэлгүй шууд зах зээл дээр гараад ирсэн гэсэн үг. Тийм ч учраас тухайн үед хувьчлагдаж МХБ дээр бүртгэгдсэн компаниудын дийлэнх нь одоо идэвхтэй арилжаалагддаггүй эсвэл ганц болон холбоотой этгээдүүд дийлэнхийг нь эзэмшдэг болсноос СЗХ, МХБ журмынхаа дагуу зарим нэгийг нь хасаад явж байна. Харин сүүлд шинэ хувьцаат компаниуд зах зээлийн эрэлт дээр үндэслэн орж ирснээр арай илүү сонголтыг хүмүүст өгч, ашиг хүртэх боломжийг олгосон.  

Харин Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд нийт үнэлгээ сүүлийн 15 жилд 30 мянга гаруй хувийн өсөлт үзүүлсэн байна. 2019 оны хагас жилд гэхэд 16.2 хувийн өсөлт үзүүлж, компанийн нийт үнэлгээ 61 тэрбумд хүрсэн.


-Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компани нээлттэй байна гэдэг нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд санхүүгийн боловсрол олгохыг чухал ажил гэж хардаг. Танай компанийн хувьд энэ тал руу чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулдаг. Хэд орчим хүнийг энэ төрлийн арга хэмжээнд хамруулсан бол?

-2016 оноос хойш амралтын өдөр бүр иргэдэд санхүү, хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж ирсэн. Энэ хугацаанд давхардсан тоогоор 30 мянга орчим хүнд хувьцаа, үнэт цаасны талаар төлбөртэй болон төлбөргүй сургалт явуулжээ.


Сургалтаас гадна хөрөнгийн зах зээлд анхдагч болсон форум, чуулга уулзалтууд зохион байгуулсан. Мөн бид хувийн санхүү, хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээлэл олгохоос гадна олон улсад трэнд болж буй шинэ технологи болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар харилцагчдаа тогтмол мэдээллээр хангадаг.