“Chanel” компани могой, матар, гүрвэл зэрэг амьтны арьсыг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ашиглахаа зогсоохоор шийдвэрлэсэн нь энэ төрлийн шийдвэр гаргасан анхны тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болжээ.

Үүгээр зогсохгүй багахан хэмжээнд хэрэглэдэг байсан амьтны үсэн эдлэлийн хэрэглээгээ мөн зогсоохоор шийджээ. Компанийн энэхүү шийдвэрийг амьтны эрхийг хамгаалагчид сайшаан хүлээн авсан байна.

“Мягмар гарагт могойн арьсан цүнхнүүдийг “Chanel” компанийн албан ёсны цахим хуудаснаас буулгасан хэдий ч дэлгүүрүүдийн лангуун дээрх бүтээгдэхүүнийг эргүүлэн татахад бага зэрэг хугацаа орно” гэж компанийн төлөөлөгч Бруно Павловски мэдээлжээ.

“Chanel” компани цаашид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс арьс болон бусад материалыг гарган авахад гол анхаарлаа хандуулах юм. “Амьтны үсийг хэрэглэхээс татгалзсан тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бусад брэндүүд ч цаашид “Chanel” компанийн энэхүү шийдвэрийг дагана” хэмээн амьтны эрхийг хамгаалагчид найдаж байгаа ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC