"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан дэлхийн JCI байгууллагаас шалгаруулдаг TOYP /JCI Ten Outstanding Young Persons of the World/ -д Монгол улсаас анх удаа шалгарчээ. Тэрбээр энэхүү шагналаа авахаар тун удахгүй Энэтхэг улсыг зорих талаараа өөрийн фэйсбүүк хуудастаа бичсэн байна.

TOYP шагналын эзнийг тодруулахдаа нийгэмд тогтвортой нөлөөлөл үзүүлж, эерэг өөрчлөлтийг авчирсан эсэх дээр гол шалгуурыг тавьдаг ажээ. Энэ удаа улс орондоо эерэг өөрчлөлтийг бий болгож буй 24.500 залуу уг шалгаруулалтад оролцсон байна. Тэднээс эхлээд шилдэг 20 залууг, тэднээс шигшиж шилдэг 10 идэвхтэй иргэнийг шалгаруулсаны дотор Ч.Ганжавхлан ийнхүү багтсан аж.

Өмнө нь Ч.Ганжавхлан нь JCI Монгол байгууллагын “TOYP 2017” шагнал гардуулах ёслолын “Дэлхийн энх тайван, хүний эрх, хүүхдийн төлөөх амжилтууд” номинацад шалгарсан юм.

Өмнө нь ардчилалын алтан хараацай хэмээгдсэн С.Зориг (1992 онд JCI Japan TOYP Award for Recognition for Public Service), улс төрч Н.Золжаргал (1993 онд JCI Japan TOYP Award for Recognition for Economic Service) нар JCI Япон байгууллагын TOYP-д шалгарч байсан түүхтэй.