“Ард санхүүгийн нэгдэл” болон “Хөрөнгө оруулагч үндэстэн” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа. 


-Хувьцааг арилжаалаад эхэлбэл иргэд шууд зарахаасаа илүү захиалах нь их байх нь гэсэн судалгаа гарсан юм билээ. Нөгөө талдаа цэнхэр ягаан тасалбар шиг үнэгүйдсэн зүйл болох вий гэсэн айдас ч байгаа. Энэ тал дээрх таны бодол?

-Бид саяхан нийгмийн сүлжээгээр дамжуулан судалгаа явуулсан. Оролцсон хүмүүсийн 70-80 хувь нь зарахгүй худалдаж авна гэсэн бодолтой байгаагаа илэрхийлсэн байсан. Магадгүй зарах нь зараг л дээ. Эцсийн дүндээ энэ бол засгаас иргэддээ үнэгүй тараасан зүйл. Хувьцаагаа зараад банкны зээлийн төлбөрт хийж болно, эсвэл шинэ байшин авахдаа урьдчилгаа төлбөр болгог. Энэ бол буруу зүйл биш. Хувьцааг зарах  эсэх нь тухайн эрхийн асуудал. Хувьцаа өөрөө зарж авч байж эргэлтэнд ордог зүйл. Бид бусдаар заалгадаг тийм нийгэмд амьдарч ирсэн. Харин одоо хэн нэгэн тэг ингэ гэж заах эрх ч байхгүй. Харин үүнийг хувьцаа хэлбэрээр гаргахыг эсэргүүцээд байгаа зарим нэр бүхий хүмүүс бол ард иргэдийг мэдлэг боловсролгүй учраас,  ядарч зүдэрсэн учраас үнэ цэнийг нь ойлгохгүйгээр хямдхан зарчихна гээд байгаа  юм. Тэр хүмүүст хандаж хэлэхэд хүмүүсийн өмнөөс ярьдаг хэн юм бэ гэж асуумаар байна. Яагаад чи би хэн ч байсан өөрсдийн хөрөнгөө захиран зарцуулахад тэд санаа тавих ёстой гэж? Би өөрийнхөө зүйлийг зарах эсвэл хадгалах, бэлэглэж эсэхээ өөрөө л мэднэ. Энэ бол миний л эрх. Учир нь энэ бол миний хувьцаа. 


-Саяхан “Эрдэнэс таван толгой”-н хувьцааг арилжаалах сураг гарлаа. Иргэдийн хүлээлт ч их байна...?

-Энэ бол Монголын түүхэнд болсон хамгийн том хувьчлал. 2013 оноос хойш төрсөн иргэн бүр 1072 ширхэг хувьцаатай болсон. Гэсэн хэдий ч төр засгаас шийдэлд хүрэхгүй байсаар 8 жил хий хоосон хэвтлээ. Түүнээс хойш Монголчууд 3.2 сая хүн амтай болчихож. Харамсалтай нь энэ ажил хэрэгжихээс өмнө хувьцаа эзэмшигчдээс үр ашгийг нь хүртэхгүй агаарын амлалт тэврээд бурхан болсон хүн цөөнгүй байна.

Яг үнэндээ энэ 1072 ширхэг хувьцаагаар хэд хэдэн удаагийн сонгуулийн шоу л хийж ирсэн, гэтэл энэ компанийн үйл ажиллагаатай нь танилцаад бичиг баримтыг нь үзээд ирэхээр нөгөө хувьцааг нь бүртгээгүй байсан юм билээ. Цаанаа компанийг удирдаж ажиллуулж байсан хүмүүс энэ ажлыг хийгээгээгүй, хийе ч гэж бодож сэтгээгүй юм билээ. Ерөнхий дүр зураг л ийм. Ингээд энэ асуудлаар уул уурхайн гол эксперт П.Наранбаатар, хуульч Б.Баяр бид ярилцаад олон түмний өмнөөс дуугарахаар шийдсэн юм.

Өнөөдөр бид хувь хүний өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь олгох ёстой гэсэн шийдвэрийг гаргуулах гээд хөөцөлдөж байна. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Ингэснээр 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж тус компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл баталгаажна. Маш олон хүн бидний санаачилгыг дэмжиж байна. Бид 1072 хувьцааг арилжаалах групп фэйсбүүк хуудсыг нээн ажиллуулсан. 2-хон хоногийн дотор 100 мянга гаруй хүн нэгджээ. Энэ бол Монголчууд бид өөрсдийнхөө хөгжлийг тодорхойлж байна гэсэн үг.

-Үүнийг эсэргүүцэгчдийг та ямар төрлийн хүмүүс байна гэж та харж байна?

-Тэд бол эрх мэдлээ алдагдахаас айдаг, нууцаар хуйвалдан нүүрс хулгайлагчид, цавчааны бизнес хийгчид, тендерт орж хулгай дээрэм хийдэг хэсэг бүлэг хүмүүс л дээ. Тэд сандрахдаа фэйсбүүк, твиттерт өөрсдийн тролуудаа ажиллуудаад эхэлчихлээ. Үүнийг ойлгоогүй зарим нэгэн мунхаг хүмүүс мөнгө аваад сэтгэгдэл бичиж байж магадгүй. Гэхдээ дийлэнх хувь нь өөр бодолтой байна. Таван толгой хувьчлагдсанаар, бид саналын эрхтэй болсноор, тэр ТУЗ-д иргэд өөрсдийнхөө төлөөний хүмүүсийг суулгаснаар энэ бизнес цэвэр ариун болно. Ингэж байж л нүүрсээ шударгаар хуваарилдаг, зөв үнээр зардаг, ирээдүйтэй хөрөнгө оруулалт хийдэг болно. “Монгол шуудан” ХК-ийн жишээг хар л даа. Гэвч ийм байдлаар ажиллахыг эсэргүүцэгчид олон. 

Учир нь өнөө л эрх мэдэл амиа зуудаг арга хэрэгсэл нь алга болчих гээд байгаа хэрэг. Энэ хүмүүсийг би уучлаарай өөдгүй новшнууд гэж хараамаар санагддаг. Тэд бол эх орноосоо урвагчид. Ийм хүмүүс бидний үр хүүхдийн урдуур орж баялгийг халбагаар биш хүрзээр хүртэж байна. Тэдэнд хандаж хэлэхэд “Та нарын үе дууссан, бид нар одоо зүгээр л харж суугаад идэж уулгахгүй, тэмцэл өрнүүлнэ” гэж хэлье. 

Энэ ажил амаргүй байх болно, янз бүрийн аргаар биднийг зогсоох гэж хичээх байх. Эхлээд хэвлэлээр дараа нь эрх мэдлээрээ айлгаж далайлгахыг оролдох биз.

 Гэхдээ бид үүнээс хойш суухгүй. Яагаад гэвэл бид өөрсдийн хүүхдүүдийнхээ гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө үүнийг хийж байгаа юм. 


-УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын хувьд энэ бүхнийг сөрөөд зоригтой шийдвэр гаргалаа?

-Сайд үүнийг 100 хувь дэмжиж байгаа.  "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар шинээр томилогдсон Б.Ганхуяг ч бас үүнийг зөвөөр харж ойлгож байгаад олзуурхсан.


-Энэ хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулаад ирвэл эдийн засагт томоохон хүч болно доо?

-Бодоод үз л дээ. "Эрдэнэс Таван Толгой" компанийг нэрлэсэн үнээр нь гаргахад хамгийн багадаа 10 их наяд төгрөг болно. Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээг 5 дахин өсгөчихөж байгаа биз. Хөрөнгийн биржийн зах зээлийг үнэлгээг 5 дахин өсгөчихөж байгаа биз. Хэрэв хувьцаа арилжаалагдаад эхэлбэл эдийн засаг дахь мөнгөний эргэлт хурдасна. Хэрэв энэ асуудлыг энэ засгийн газар шийдчихвэл энэ ондоо манай улсын эдийн засаг 2 оронтой тоогоор ч өсөх боломж бий. Ингэснээр 2010, 2011, 2012 оны өсөлтийг давтах боломж бидэнд бий. 



-Намраас өмнө 1072 хувьцаа арилжаалагдаж чадах уу?

-Үүнээс ч өмнө хийх ёстой гэж бодож байгаа. Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо аль нь ч энэ ажилд хөдлөхөд бэлэн байгаа. Хамгийн гол саналын эрхтэй 85 хувийн хувьцаа эзэмшигчдийг төлөөлж буй манай Засгийн газар тогтоол гаргаж нэг баг болж ажиллаж байгаа шүү гэдгээ баримтжуулахад болно. Он дуусахад 7сар үлдлээ, хувьцаа арилжаалагдаад эхэлбэл энэ хугацаанд эдийн засаг сэргээд л явчихна. Энд тэнд дуусаагүй байгаа барилгуудын ажил хурдан явагдана, зогсолтонд орсон бизнесүүдийн эргэлт эрс сайжирна. Цаашлаад дараагийн хувьчлалд үр нөлөөгөө үзүүлнэ. 

Мэдээж өнөө цавчааны бизнес алга болоод ирвэл тендерийг найз нөхөд, хамуутнууддаа өгдөг явдал зогсоно. Гол нь бид одоо л хөдлөх хэрэгтэй. Харин дундуур нь янз бүрийн шинэ зүйлийг сэдэж санаачилах хэрэггүй. Үүнийг байгаагаар нь явуулчихаад дараа нь иргэддээ хэдэн хувийг өгмөөр байгаагаа, хэдэн хувийг стратегийн түншүүддээ зарах талаар ярьсан дээр. 

Зарсан тэр орлогоороо энэ засаг төр  төмөр замаа тавьж, цахилгаан станцаа барьчихаасай. Зарим мөнгөөрөө хэрүүлийн алим болоод байгаа Оюутолгойн 34 хувийг төлчих л дөө. Тэгээд ноогдол ашгаа дараа жилээс нь аваад явж болно. Тэр өрийг байлгах ямар хэрэгтэй гэж. Заавал хүү төлж 20-30 жил Оюутолгойгоос ч юу ч хүртэхгүй нь гэж хашгирч хоорондоо хэрэлдэж сууснаас дээр биз дээ. Манай Сангийн Сайд Ү.Хүрэлбаатар энэ асуудлыг судалж байгаа юм билээ. 


-Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай, П.Наранбаатар та хэд 1072 хувьцааг заавал дотоодын бирж дээр гаргах шаардлагатай талаар тайлбар хийнэ гэж байсан. Энэ тал дээрх таны байр суурь?

-Бид энэ хувьцааг заавал Монголын хөрөнгийн бирж дээр гаргах ёстой. Монголын компани атлаа Монголын хөрөнгийн бирж дээр гараагүй, иргэдийнхээ хувьцааг одоо болтол шийдээгүй байж гадаадын зах зээлд гарна гэвэл шившиг болно биз дээ. Бас дээр нь шүүхэд өгчихсөн. Хэн шүүх дээр асуудал нь шийдэгдээгүй компанийг  хувьцаагаа арилжаалахыг зөвшөөрнө гэж. Нөгөө талаасаа бид гадныханд хямдхан өгөөд байна гэдэг ард түмэн биш билүү. Тэгвэл мэдээж Монголчууд нь хоорондоо өгөлцөж авалцсан дээр биз дээ. 

Бас нэг зүйл бий. МАН гарч ирэхдээ Монголын хөрөнгийн биржээ хөгжүүлнэ гээд амлачихсан шүү дээ. Хэрэв ийм бодлого барих гэж байгаа л юм бол Монголын хөрөнгийн бирж дээр л хөрөнгөө гаргаж эхлэх ёстой. Тэгэхгүй бол бид шившиг болж гүйцлээ. 30 жил болоход Хөрөнгийн бирж ямар байдалтай байгааг бид бүхэн харж байна. Хэрэв гадаадын хөрөнгийн бирж дээр гарах гэж байгаа бол заавал офшор компани болох ёстой. Бидний мэдэж байгаагаар АТОЗ гэх мэтийн их мэдэгчдийн “ачаар” ойрын үед ямар Монгол компани офшорчин гэж нэрлүүлэхийг хүсэхгүй нь лавтай. Бүр овт шаарчин гэх мэтээр маш гоё уянгын халил оруулчихаж. Тэр уран бүтээлч нар бидэнд IPO, офшор, банк санхүүгийн ажлыг заадаг хийдэг болчихсон. Ийм хэдэн бодит байдал байна. Бид мэдлэггүй харанхуйгаас болоод өөрсдийгөө хайрцаглаад хаячихсан учраас рааман дотроо жайжигная. 


-Популистуудыг хэлж байна уу?

-

Популизмын цэцэглэдэг зүйл нь ядуурал, мэдлэггүйтэл, айдас

Хэрэв хүмүүс мэдлэгтэй, эрх мэдэлтэй, боловсролтой болоод ирвэл популизмын ургах хөрс шороо устаж үгүй болно. Тэд үүнээс үхтлээ айдаг. Үүнийг байхгүй болгох алхмыг энэ ажлаараа дамжуулан хийж байна. Бид нар бүгдээрээ саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид байх ёстой. Бид нар өөрийн гэсэн өв хөрөнгөтэй байх ёстой. Хамаатан садан танилаараа нүүрсийг урагшаа зөөлгөдөг ажлыг зогсоох цаг нь болсон. Тэр мөнгөөр төмөр замаа тавих ёстой. Даанч өөрсдөө машинаараа нүүрсээ зөөж баяждаг учраас ийм сонирхол алга. Наанаа сайхан зүйл ярьж биднийг төөрөгдүүлж байгаад өөрсдөө цуслахаа боддог


-1072 ширхэг хувьцааг зах зээл дээр гаргавал үнэ нь уначихна гэсэн явган яриа ч бас бий…?

-Өнөөдөр гэхэд коксжих нүүрсний үнэ уначихсан байна. Юмны үнэ өсч унадаг. Энэ бол гайхаад байх зүйл биш. Фэйсбүүкийн хувьцаа унаад буцаад өссөн, гэтэл “Тесла”-гийн хувьцаа гэхэд нэлээн уруудаж явна. Гэтэл Амазоны хувьцаа өссөөр. Бид социализмын үед талх 1 төгрөг 40 мөнгө байсан тэр үеийг л санагалзаад байна. 


-Магадгүй өмнөх Засгийн газрууд шиг энэ хувьцааг дахин хав дарж, эргэлдүүлэхгүй бол…?

-Хэрэв бид одоо хөдлөхгүй юм бол дахиад ийм алтан боломж олон жил гарахгүй. Бүх хэзээ ч ирэхгүй байж болно. 

-Яагаад?

-Дэлхий нийтэд технологийн хөгжил хурдтай явагдаж байна. Анх плофи диск дараа нь флаш гэж зүйл гарч ирсэн. Гэтэл одоо энэ бүхэн хэрэггүй болчихлоо. Одоо бүх юм агаараар явж байна. Өнөөдөр эрчим хүчийг усыг, бохирдол ялгадсыг хүртэл энерги болгоод эхэлчихлээ. Дэлхийн дулаарал, сэргээгдэх эрчим хүчнээс болоод бидний өнөөдрийн үнэд хүргээд байгаа зүйлс үнэгүйдэж болно шүү. 

Ерөөсөө цөмөөрөө төөрөгдөхөө больчих хэрэгтэй. Бид маш олон жил тархи угаалтаа хийлгэчихэж. 

Залуустаа хандаж битгий тархиа угаалга, нүдээ нээ, дэлхий ертөнц дээр юу болж байгааг үз, англи хэл сур гэж хэлмээр байна.

Дэлхийн ертөнц дээр Монголоос сайхан хөгжсөн улс зөндөө бий. Тэр улсын хөгжсөн нууц нь асуудлаа цаг тухай бүртээ шийдэж чадсанд байгаа юм. 


-Та бол хөрөнгийн зах зээлийг монголчуудад ойлгуулахад хувь нэмрээ оруулсан хүмүүсийн нэг. Ер нь яавал Монголын хөрөнгийн зах зээлийг хүчирхэгжинэ гэж боддог вэ?

-Эхлээд “Эрдэнэс таван толгой”-г бүртгэх ёстой. Яах ч аргагүй хөрөнгийн зах зээлд хүлээс болж буй уяасаа тайлах хэрэгтэй. Ингэж байж хөгжих боломжийг нь олгоно. Даатгалын компаниудаа арилжаанд оруулах, бас брокер диллерийн компаниудаа хүчирхэгжүүлэх, иргэдэдээ гар утсаараа арилжаанд оролцох боломжийг олгож цахим гарын үсгийн хуулиа хэрэгжүүлэх гээд олон ажил бий.