“Самбалхүндэв” буюу бидний хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрыг гэр хорооллоос тусгаарлаж хашаа барьснаас хойш долоон жил өнгөрчээ. Бурхан болоочдын шарилыг чандарлаж, суварга, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн босгоно гэсэн санаачилга 2010 онд гарч, НЗДТГ дэмжсэн байдаг. Далан давхрын гэх энэ газарт 1950 оноос бурхан болоочдоо тавьж эхэлснээр өдгөө хүрээгээ тэлж 137 га талбайг эзлэн оршсоор байгаа юм.

Оршуулгын газрыг нүүлгэх асуудал бүрэн зогссон

Оршуулгын газрыг нүүлгэх асуудал өнөөдөр бүрэн зогсчээ. Нийгмийн дунд ч, төрийн байгууллагад ч ажил хэрэг болгохоо байжээ. НЗДТГ-ын газрын харьяа Захирагчийн ажлын албаны Тохижилт Хог Хаягдал Удирдлагын Хэлтэст энэ ажлыг хариуцаж байна. Хэлтсийн дарга н.Ууганбаяртай холбогдож энэ талаар тодруулахад “Улс орны эдийн засгийн уналттай холбоотойгоор санхүүжилт нь зогссон. Тиймээс ажил хийгдээгүй байна. Түр зогсоосон” гэсэн тайлбарыг өгсөн юм. 

Хаагдсан газар хүнээ оршуулсаар 23 жил болжээ

Далан давхрын оршуулгын газар 1987 онд албан ёсоор хаагдсан боловч 2000 он хүртэл иргэд бурхан болоочдыгоо оршуулдаг байсан. Тиймээс бид чимээгүй хотын үүрд нойрсогчдын “эзэнгүйтсэн” газрыг сурвалжиллаа. Хэд хэдэн уул дамнасан 250 мянга гаруй бурхан болоочдын шарил байдаг.

Нэрнээс нь ч жихүүтэс төрөхөөр байсан энэ хотын гадуур олон автомашин давхилдаж, хашааг нь таллаад айлууд буужээ. Хоёр ертөнцийн иргэд ганцхан хашаагаар зааглагдаж амьдарсаар дөрвөн жил болсон. Дэнжийн мянга, Телевиз хоёрыг холбосон гол зам энэ оршуулгын газрын гадуур өнгөрч олны хөл дарсан гол зам болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. 

Орхигдсон 150 мянга гаруй шарил байна

 “Чимээгүй хот”-ын  250 мянга гаруй шарилын 150 мянга гаруй нь эвдэрч тоногдсон, хөшөө чулуу нь нэр хаяггүй болж, ар гэр нь эргэж очихоо больсон байдаг. Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд оршуулгын газар эмх замбараагүй өргөжин тэлж, өнөөдрийн байдлаар нийслэлд 17 байршилд 700 гаруй га газарт оршуулга байдаг аж. Энэ нь  нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 0.8 орчим хувь юм. Хэрэв одоо байгаа жишгээр цааш үргэлжилбэл 10 жилийн дараа гэхэд Улаанбаатар хотын 1000 орчим га газар зөвхөн оршуулгад зориулагдана гэсэн тооцоог холбогдох албаныхан гаргажээ.