Хүний төгссөн сургууль, улаан диплом, ажлын туршлага, гадаад хэлний мэдлэг нь амжилтын үндэс болохгүй, харин аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж , шаргуу, тэвчээртэй  ажиллаж чадвал  амжилтад хүрнэ. Чин сэтгэлийн тухай ярихад хамгийн эхлээд япончуудын тухай надад бодогддог. Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийж, илүү яаж сайжруулахыг япон хүмүүс үргэлж хичээж ирсэн байдаг. Үүний үр дүнд бидний сайн мэдэх Sony, Toyota гээд олон брендүүд төрсөн.  Японы олон компани сургуулиас шууд ажлын байранд гараад бүх насаараа компанидаа үнэнчээр ажиллах алтан өндөгнүүдийг ажиллуулдаг. Тэдний ажлын байранд баримталдаг гол зарчмын нэг нь 5S Kaizen юм.

Kaizen гэдэг нь илүү сайн болгохын тулд өөрчилж сайжруулах гэсэн утгатай. 5S гэдэг нь “Seiri буюу ангилах”, “Seiton буюу цэгцлэх “Seiso буюу цэвэрлэх”, “Seiketsu буюу хэвшүүлэх”, “Shitsuke буюу хувийн сахилга бат” гэсэн Япон үгсээс  гаралтай үг юм. 5S-ийг ажлын байран дээрээ хэрэгжүүлснээр зөвхөн байгууллага, компанид үр өгөөжөө өгөөд зогсохгүй хувь хүнд ч гэсэн аливаа ажилд хариуцлагатай хандаж, шийдвэр гаргаж сурах, шинэ зүйлийг турших, сэдэх чадвар суулгах, жижиг зүйлд анхаарч, мэдрэмжтэй хандах, төлөвлөж зохицуулж сурах, өөрөө сэтгэж бие дааж сурах зэрэг маш олон талын ур чадварыг суулгаж өгдөгөөрөө онцлогтой юм. 

Бид гэртээ байгаа хэрэггүй зүйлээ хаях, хэрэгтэй зүйлээ эмх цэгцтэй байрлуулах, гэр орноо цэвэр цэмцгэр байлгах гэсэн зарчмуудыг хэвшүүлж дадал болговол гэр бүлийн гишүүдийн хувийн сахилга бат сайжирахын зэрэгцээ өндөр бүтээмжтэй болоход тодорхой хэмжээнд тустай. 

Хэн чин сэтгэлээсээ аливаа зүйлийг хийж байна, тэр хүний ажил үйлс сайн, бүтээмж өндөр байхыг би энгийн жишээн дээр тайлбарлахыг оролдъё:  

Лапша буюу гурилтай хоолыг хийдэггүй айл Монголд цөөхөн байх. Гэхдээ айл болгоны лапша өөр амттай байдаг гэвэл та маргахгүй болов уу. Зөвхөн мах, гурил,  давс өгөөд 10 хүнээр шөлтэй хоол хийлгэвэл бүгд өөр амттай лапша хийчихнэ. Нэг амт давтагдахгүй. Залхуураад гурилаа нялцгай зуураад махаа хальстай нь хөшиглөөд шөл гаргахгүй шууд чанаад хийхэд амнаас унах шахсан лапша болно. Харин гурилаа бүлээн усаар хатуухан зуураад сэврээж байгаад нарийн татаж, махныхаа хальсыг ялгаж аваад зорж хэрчээд махаа хүйтэн усанд хийж шөл гаргаад хийсэн лапшаны амт тасархай. Нэгэнт л мах, гурил бас цаг хугацаагаа гарздан байж хийсэн хоол амт муутай байгаад хүн идэхгүй бол хайран. Үүнтэй адил цаг хугацаа, мөнгө төгрөг, хөдөлмөр, хөлс хүчээ гарздан өсгөж хүмүүжүүлж байгаа хүүхдүүд маань бүтээмжгүй, залхуу, ажлыг гурилддаг болчихоос сэргийлэх хэрэгтэй гэж би боддог. Сэтгэл гарган,  сэтгэлээ шингээн хийсэн бүхэн амттай, үр дүнтэй шүү гэдгийг хүүхдүүдэд мэдрүүлэх хэрэгтэй байх.  Аливаа оролдлого шууд амжилттай болох нь ховор бөгөөд алдаанаасаа суралцаад сайжруулах ёстой, алддаггүй хүн гэж байдаггүй гэдгийг байнга хүүхдүүддээ сануулж, мэдэхгүй чадахгүй зүйлдээ тусламж авахыг урамшуулж байх зүгээр болов уу. 

Алдаа бол хүүхэд бас томчууд бидний багш. Алдаанаасаа суралцаж, аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийцгээе.


Г.Эрдэнэбаатар