Оросын хамгийн баян хүмүүсийн нийт хөрөнгийн хэмжээ 2018 оны нэгдүгээр сараас 11 дүгээр сарын хооронд 2 тэрбум 657 сая ам.доллараар өссөн тухай "Bloomberg Billionaires Index" (BBI) жагсаалтын мэдээлэлд дурджээ.

Шинжээчид уг жагсаалтыг гаргахдаа тэрбумтнуудын эзэмшдэг компаниудын хувьцааны үнийг харгалзан үздэг байна. Зарим компанийн хувьд хөрөнгийн хэмжээг татвар төлөхийн өмнөх орлоготой эсвэл нэг хувьцаанд ногдох ашиг орлогыг хувьцааны үнэтэй харьцуулсны үндсэн дээр хөрөнгийн хэмжээг тооцжээ. "BBI" жагсаалтад нийтдээ дэлхийн хамгийн баян 500 хүн багтсаны 24 нь Оросын иргэд аж.

Уг жагсаалтад багтсан Оросын хамгийн баян хүмүүсийг "Новатэк" компанийг хамтран эзэмшигч Леонид Михельсон дөрөв сар дараалан тэргүүлжээ. Bloomberg-ийн мэдээллээр, түүний хөрөнгийн хэмжээ он гарснаас хойш 3.59 тэрбум ам.доллараар өсч, 20.3 тэрбум ам.доллар болсон байна. 

Хоёрдугаарт, дөрөвдүгээр байраас дээш ахисан, Оросын уул уурхай, металлургийн "Норникель" компанийн гол эзэмшигчдийн нэг Владимир Потанин бичигджээ. Түүний хөрөнгө 20 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн нь 1.11 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт аж. 

Харин ОХУ, АНУ, Европын орнуудад хөрөнгөтэй олон улсын гангийн үйлдвэр болох НЛМК группийн гол ашиг хүртэгч Владимир Лисин жагсаалтын гуравдугаарт орж байна. Лисиний хөрөнгийн хэмжээ 584 сая ам.доллараар өсч, 18.6 тэрбум ам.доллар болжээ.  

"Северсталь" компанийн гол эзэмшигч Алексей Мордашов 1.82 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө чинээлэг оросуудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна. Түүний хөрөнгийн хэмжээ 1.47 тэрбум ам.доллараар буурсан учир хоёрдугаар байраас ийнхүү доошилжээ. Жагсаалтын тавдугаарт “Лукойл” компанийг хамтран эзэмшигч Вагит Алекперев орсон бөгөөд тэрбээр хөрөнгийнхөө хэмжээг 3.63 тэрбум ам.доллараар өсгөж, 16.2 тэрбум болгосон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Bloomberg