Сүүлийн үед олон компани IPO гаргаж, энэ хэрээр хувьцаа худалдан авч, хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй иргэд нэмэгджээ. Гэхдээ аль салбарын ямар компанийг сонгохоо тэр бүр мэддэггүй. Энэ талаар эдийн засагч Ч.Хашчулуунаас тодрууллаа.

-Эдийн засаг өсч байгаа энэ үед хөрөнгийн зах зээл тэлэх боломж хэр байна вэ? Иргэд энэ зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжтой юу?

-Нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээл сэргэж байна. Топ 20 компанийн хувьцааны индекс буюу жигнэсэн дундаж үзүүлэлт байнга өсч ирсэн нь хөрөнгийн бирж сайн ажиллаж байгаагийн илэрхийлэл юм. Нэг үгээр хэлбэл иргэдэд банкны хадгаламжаас гадна хөрөнгийн зах зээлд оролцож мөнгөө өсгөх шинэ боломж нээгдээд байна. Монголд болон бусад хөгжиж байгаа орнуудад хувьцаа хэд дахин өсч, ашиг өгч чаддаг. Тэгэхээр тухайн хөрөнгө оруулагчийн алсын хараа л мэднэ гэсэн үг. 


-Ер нь аль салбарт хөрөнгө оруулах нь зөв бэ? Хөрөнгө оруулах салбараа яаж сонгох бэ? 

- 20 жилийн өмнө Google компанийн хайлтын системын ач холбогдлыг олон хүн ойлгоогүй. Гэтэл өнөөдөр хувьцааных нь үнэ асар их өссөн. Яг үүн шиг хүнс болон эрүүл мэндийн салбарын ирээдүйд өгөх ашгийг тооцоолоогүй байж мэдэх юм. Хэрэв том зургаар нь харж чадвал эдгээр компанийн хувьцааг сонгох нь эрсдэлгүй гэсэн үг. Учир нь эдгээр салбар ямагт тогтвортой өсөлт үзүүлдэг онцлогтой. Тиймээс аль болох хүний хэрэгцээнд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй, хэзээ ч уналтад ордоггүй салбарыг сонгох нь зөв л дөө. 


-Та яагаад хүнс болон эрүүл мэндийн салбарыг онцолж байна вэ? 

-Хүн амын өсөлт болон орлого нэмэгдэхийн хэрээр өргөн хэрэглээний барааны эрэлт нэмэгддэг. Үүнд ундаа, сүү, талх, цөцгийн тос, өндөг зэрэг багтана. Үүний дараа үйлчилгээний салбар эрсдэлгүйд тооцогддог. Учир нь хэрэгцээ байгаа учраас тэр.

Нэг үеэ бодвол манай улсын дундаж наслалт нэмэгдсэн. Үүнийг дагаад эрүүл мэндийн үйлчилгээ ч сайжирч хөгжиж байна. Тиймээс хөрөнгө оруулахад алдахгүй салбарын нэг бол яах аргагүй эрүүл мэндийн салбар юм. Мөн уул уурхай, ноос ноолуур, экспортын салбар байна. Эдгээр салбар нь зөвхөн дотооддоо биш дэлхийн зах зээл рүү чиглэж байна шүү дээ. 


-Хувьцааг нь худалдан авах гэж байгаа компаниа сонгохдоо юун дээр анхаарах вэ? 

-Хувьцаа гаргах нь нэг талаас хүнээс мөнгө зээлж байгаатай адил зүйл. Тухайн компанийн хувьцаа унаж эсвэл өсч магадгүй тул хариуцлага нь хувь хүн дээр буудаг. Тиймээс хөрөнгийн зах зээлийн талаар иргэд маань сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хэзээ ч сохор азанд найдаад ямар ч хамаагүй хувьцааг авч болохгүй.

Бид дэлгүүрээс бараа авахдаа сайтар нягталдаг шүү дээ. Яг түүн шиг л хувьцааг нь худалдаж авах гэж байгаа компанийхаа аль салбарт хамаарч байгааг нь нэн тэргүүнд харах хэрэгтэй. 

Мөн цаашид тогтвортой хөгжих боломжийг нь тооцоолж, эдийн засгийн макро байдлыг ажигла. Учир нь нэг салбар хөгжсөн ч улс орны эдийн засаг нь бүхэлдээ уначих юм бол эрсдэлтэй байдаг. Үүнээс гадна тухайн компанийн ТУЗ, компанийн удирдлага, компанийн ил тод байдлыг харж  байж шийдвэрээ гаргах нь зөв юм.