УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө авсан хүмүүсийг хамгаалж, мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаан дээр хэдэн удаа булчимгүй мэдээлэл хийсэн учир Засгийн газрыг огцруулах саналтай УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулна хэмээн өчигдөр мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газрыг огцруулах үндэслэл байхгүй гэж харж байгаа. Д.Хаянхярваа гишүүн алдаатай, буруу зүйлүүд нэлээд ярьсан байна. Тухайлбал, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг Засгийн газар тараасан гэж ярьсан. Энэ нь ямар ч үндэслэлгүй зүйл. Яагаад гэхээр Засгийн газар 2018, 2019 оны төсвийг гаргахдаа ЖДҮ-ийн санд мөнгө тавиагүй. Яагаад мөнгө тавиагүй вэ гэхээр Сангийн яам 2017 онд шалгалт хийгээд мөнгийг үр дүнтэй зарцуулахгүй, шийдвэр буруу гарч байна гэж үзсэн. Хоёр жил энэ зарчмаар явсан. Харин үүн дээр УИХ-ын Ажлын хэсэг ажиллахдаа 2 жил дараалан мөнгө нэмсэн.

Тэгэхээр уг асуудалд Засгийн газрыг буруутгах зүйл яагаад ч байж болохгүй гэж би үзэж байна. Дээр нь Монгол Улсад нийт 29 сан байдаг. Ерөнхий сайд бол Засгийн газрын сангууд, ЖДҮ-тэй холбоотой зүйлүүдийг авч хэлэлцье, нэлээд хэл ам, зөрчил байна гэж Засгийн газрын хуралдаан дээр ярьж байсан. Эдгээр сангуудыг цэгцлэх нь зүйтэй гэсэн үүргийг надад мөн өгсөн" хэмээн ярилаа.