Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан.

Танилцуулгын дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газар өрийг бууруулахад гол анхаарлаа тавьж, ажиллаж байгаа. Юуны өмнө төсвийн алдагдлыг бууруулах зарчмыг барьж байна. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг байдлыг таслан зогсоохоор зорьсон. Ингэсэн нөхцөлд арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд зээл олгох эх үүсвэр нь нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр, хувийн хэвшлийнхэнд бага хүүтэй зээл олгох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсад хөдөлмөрийн насны 1.4 сая иргэн байгаагийн 192 мянга нь төрийн албан хаагчид. Үлдсэн нь хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа. Иймд ажлын байрыг нэмэгдүүлэх, ниймгийн асуудлыг шийдэхийн тулд хувийн хэвшлийн салбарыг бодлогоор дэмжих шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгаа хэмээв.

Мөн тэрээр, иргэд ипотекийн зээлд жилдээ таван сая төгрөг төлсөн байхад үүнээс 500-600 мянган төгрөг л үндсэн зээлээс хасагддаг. Иймд Сангийн яамнаас энэ асуудлыг авч үзэхээр төлөвлөж байна. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сайжруулж, өр нэмэхгүй байхыг анхааруулж, улсын төсөвт эдгээр компаниудаас 95 тэрбум төгрөгийн орлого оруулахаар тусгасан. Өмнөх Засгийн газрын боловсруулсан төсөлд тусгасан хөрөнгө оруулалтын жагсаалтыг огт өөрчлөөгүй. 

Харин Засгийн газрын зүгээс нийслэлийн зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаа асуудлыг нэг мөр шийдвэрлэх, Улаанбаатар хотын одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, нөхөн сэргээх, үнэргүйжүүлэхэд зориулж, хөрөнгө оруулалтыг нэмж тусгасан гэдгийг онцоллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлнэ. Ингэснээр гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль, цэцэрлэггүй хороодын асуудлыг шийдэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ зарим хороонд газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Иймд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах, ашиглалтын хугацаа дууссан хуучин сургууль, цэцэрлэгийг нураах замаар хүүхдийн суудлыг нь нэмэгдүүлсэн шинэ барилга барих, төрийн болон хувийн хэвшлийн компанид түшиглэн, цэцэрлэг байгуулахад нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна гэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, сахилга, хариуцлага, ажлын үр дүнг харгалзан урамшуулдаг тогтолцоог бий болгоход анхаарч Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах арга хэмжээнд 56.6 тэрбум төгрөгийг тусгасан байгаа. Мөн төрийн албан хаагчдын нэмэгдэл урамшуулал, нэмэгдэл хөлсний асуудлыг авч үзэхээр Ажлын хэсэг ажиллаж байна хэмээлээ.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Байнгын хороод, намын бүлгүүд, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.