УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Яг одоо чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай" асуудлыг хэлэлцэж байна.

Тус хуулийн төсөлд макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтүүдийг дэмжих сабаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, засаглал эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилт, 118 бодлогын арга хэмжээг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "МУ парламентын засаглалтай орон. Эдийн засгийн байнгын хорооноос нь ипотекийн зээл дээр тодорхой арга хэмжээ авна гэж тогтоол гаргаад, Монголбанк дээр 6 тэрбум төгрөгийг жил болгон гаргаж өгнө гэж заачихсан. Гэтэл Сангийн яам, Монгол банк үүнийг хэрэгжүүлэхгүй, ОУВС-аас айгаад байна гээд сууж байж болохгүй. Тэгэхээр үндсэн чиглэлд ипотекийн зээл дээр тодорхой бодит мөнгийг нь тусгаж өгөх хэрэгтэй байна" хэмээгээд, уг асуудалд хариулахыг хүслээ.

Хариуд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2018 онд ипотекийн орон сууцны санхүүжилтэд зориулж 120 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Үүнийгээ бүрэн санхүүжүүлсэн. Илүү, дутуу мөнгө өгөөгүй. 2019 онд төсөвт суулгасан мөнгийг мөн хуваарийн дагуу олгоод явж байгаа. 

Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хамтраад ямар өөрчлөлт оруулж ирсэн бэ гэхээр, Улсын төсвөөс олгодог мөнгө 4 хувийн хүүтэй байсныг буулгаад нэг хувийн хүүтэй болгосон. Төрөөс өгч буй мөнгө нэг хувийн хүүтэй болоод буучихаар арилжааны банкууд зах зээлийнхээ нөхцлөөр мөнгөө гаргаад, энэ хоёрыг холих замаар 8 хувьтай болгож гаргаж байгаа. Тийм учраас нэмэлт 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болж буй юм. 

Тэгэхээр Монгол Улсад ипотекийн санхүүжилт гурван эх үүсвэрээс явж байна. 

  1. Улсын төсвөөс тусгагдсан мөнгө
  2. Монголбанкны урьд нь хэвлээд гаргасан байсан мөнгөний эргэн төлөлт
  3. Арилжааны банкууд өөрсдөө мөнгөө гаргаад явж байна. Ийм гурван эх үүсвэр байна.

Ямар нэгэн олон улсын банк санхүүгийн байгууллага, ОУВС-гаас айгаад буй зүйл байхгүй. Яг энэ дээр хэрэгжүүлэх зүйлээ хэрэгжүүлээд л явж байгаа. Гэхдээ нэг зүйл байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг зарчим байгаа. 16, 17 хувийн хүүтэй зээл авчихаад эргүүлээд 8 хувьтай гаргахаар зөрүү мөнгө алдаж байгаа. Хувь хүмүүс өөрийнхөө амьдрал дээр тийм шийдвэр гаргахгүй шүү дээ. Тэгэхээр дээрх зарчмаар явж байна.

Татварын шинэ хууль батлагдсан. Харамсалтай нь хориг тавигдсан. Үүн дээр орон сууцны барилга худалдан авахад 3 сая төгрөгийг төлсөн татвараас суутгадаг байсан бол 6 хувь болгож өсгөсөн. Үүнээс гадна арилжааны банкууд өөрийнхөө эх үүсвэрээс ипотекийн зээл олговол 8 хувь хүртэлх зөрүүг урд нь төлсөн татвараасаа буцааж авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн байгаа.

Мөн арга хэмжээнүүд дээр мөнгө тавиагүй байна гэлээ. Энэ бол төсөв биш үндсэн чиглэл. Үндсэн чиглэл батлагдсаны дараагаар буюу 10 дугаар сард багтаж, 2020 оны төсвийг өргөн мэдүүлнэ. Тэнд үндсэн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх учиртай" хэмээн хариуллаа.