Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хоригтавиад байгаа билээ. 

Уг асуудал дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр  сууриа илэрхийллээ. 

Ерөнхийлөгч Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсныг хүлээж авах боломжгүй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн хоригт тавьсан үндэслэл нь эдийн засгийнхаа эсрэг зүйл болчихоод байна.

Энэ бол хайгуулын болон  ашиглалты лицензтэй уул уурхайн компаниудад татварын хөнгөлөлт чөлөөлөлт үйлчлэхгүй гэдгийг дахин хэлмээр байна. Ерөнхийлөгч ойлгочихоод тоглоод байна уу, ойлгохгүй асуугаад байна уу гэдгийг мэдэхгүй.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй одоогийн хуулийн нөхцөлийг дордуулан, өртөг зардал хассаны дараах дүнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилж, нэмүү өртөг үүсгэхгүйгээр уул уурхайн салбараас хууль бус ашиг олох үйл ажиллагааг хуулиар дэмжсэн гээд байгаа. Энэ ямар учиртай юм гэхээр ерөөсөө 2006 оны хуулиар иргэн хүн газраа шилжүүлсэн, эрхээ шилжүүлсэн бол 30 хувийн татвар авдаг байлаа. Үүнийг 2017 оны сүүлээр УИХ-аар хэлэлцэж иргэн дээр 10 хувь болгож өөрчилсөн. Ер нь энэ татварын багц хуулийг маш өргөн дэлгэр хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлсэн. Хэрвээ хэлэлцүүлгаас гарсан үр дүнг тусгахгүй юм бол иргэдээс санал аваад яах юм бэ. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна. 

Уул уурхайн компаниуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээрээ татварын тайлан гаргаж болохоор зохицуулсан гэж ерөнхийлөгч шүүмжилжээ. Тийм ээ ингэж зохицуулагдсан. Бөөнд нь тайлагна гэж байгаа бололтой. Үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Уул уурхайн компаниуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээрээ татварын тайлан авахгүй болохоор нэг тайлангаа ашигтай, нөгөөгөө алдагдалтай гаргадаг. Ингээд л татвар төлөхөөс зугтдаг. Тиймээс лиценз болгон дээр тайлан гаргах нь зөв гэж үзсэн. Яг үнэнийг хэлэхэд би энэ хоригийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөх үндэслэл алга гэж үзэж байна.

Арилжааны банкны зээл болон өрийн хэрэгслүүдээс үүссэн хүүгийн орлогод 10 хувийг 5 болгож бууруулсан гэж шүүмжилсэн. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа зээлийн хүүгийн дарамт болж байна гэж үзжээ. Гэтэл яг эсрэгээрээ шүү дээ. Харин ч иргэд, ААН-д очих зээлийн хүүг багасгах зорилгоор үүнийг тусгасан.