Цахим сургалтын талаарх байр суурь, цахим сургалтын давуу болон хүндрэлтэй талууд, учирч буй бодит бэрхшээлийн талаар МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Химийн тэнхимийн дэд профессор Ч.Нямгэрэл ярьж байна. 

-Хөл хориотой холбоотойгоор багшийн ажилд гарч байгаа хүндрэл, бэрхшээл байна уу?

-Өнгөрсөн хаврын улиралд багш, оюутан бүгд ямар ч бэлтгэлгүй байх үед хөл хорио маш гэнэтийн зүйл байсан. Харин энэ намрын хувьд өнгөрсөн хавартай харьцуулахад олон талаар багш, оюутан тодорхой хэмжээнд бэлэн байдал хангагдсан байна гэж мэдрэгдсэн. Компьютер техник хангамж, интернэт хандалт, цахим сургалтын программ хангамж гээд олон асуудлаар харьцангуй бэлтгэлтэй болсон байна. Багш нарын хувьд учирч байгаа хамгийн том бэрхшээл нь танхимын сургалт хэрэгжүүлэхээр бодож боловсруулсан арга зүй бүхий хичээлийн хэрэглэгдэхүүн, тарааж өгөх материалаа цахим сургалтын нөхцөлд тохируулан дахин боловсруулахад маш их цаг, хүч хөдөлмөр зарцуулж байна. 

Их, дээд сургуулийн хувьд ихэнх хичээл хавар, намар ялгаатай байдаг учраас өнгөрсөн хавар ч, энэ намар ч зааж байгаа бүх хичээлд дахин боловсруулалт хийж байна. Хичээл бүр онцлогоосоо хамаараад өөр өөр шийдвэрлэх сорилтыг бий болгож байдаг. Жишээлбэл, семинарын хичээл бол лекцээр үзсэн онолын мэдлэгийг тодорхой бодлого, асуудал шийдвэрлэхэд хэрэглэж мэдлэгээ хэрэглээ болгоход нь оюутанд дэмжлэг өгдөг онцлогтой, багшаас оюутны хийж байгаа зүйлд тасралтгүй эргэх холбоогоор хангахыг шаарддаг. Тарааж өгөх материал дээр 10 үнэн/худал хэлбэрийн даалгавар ажиллуулж зохион байгуулдаг хэлэлцүүлэг танхимын сургалтын үед ангид 30 орчим минут үргэлжилдэг байсан бол цахим сургалтад нийцүүлээд даалгавраа google forms-д оруулах, урьдчилан асуулга зохион байгуулах, оюутнуудын хариултуудыг нэгтгэж график диаграмм бэлтгэх, тайлбар видео болгож хичээлийн бүлэгт байршуулах зэргээр нэлээд хэдэн цагийн ажил болж өөрчлөгдөж байна. Дараагийн бэрхшээл бол оюутнаас даалгавар хүлээж авах, шалгаж дүгнэх, эргэх холбоогоор хангаж зөвлөгөө өгөхөд зарцуулах цаг мөн л 2-3 дахин нэмэгдэж байна. Танхимын сургалтын үед 2-3 удаагийн семинарын дараа дэвтэр хурааж аваад шалгахад нэг оюутны дэвтэртэй ажилладаг, шууд дэвтэр дээр нь зохих тэмдэглэл тайлбарыг хийдэг байсан бол одоо онлайнаар семинар тус бүрээр нь хүлээж авна, фолдер үүсгэж хадгална, зургийн хавтан гэх мэт төхөөрөмж ашиглаж алдаа оноог тэмдэглэх, заавар зөвлөмж бичнэ, эргэж онлайнаар илгээнэ гэх мэтээр өмнө байгаагүй ажлууд нэмэгдсэн.

Байгалийн ухаан, инженерийн гэх мэт салбарын хувьд лабораторийн хичээл бүр ч илүү онцлогтой болж ирж байна. Лабораторийн ажлыг багш, лабораторийн туслахууд урьдчилан хийж, явц тус бүрийг чанартай сайн видео болгоход маш их хүч хөдөлмөр, цаг, хөрөнгө зарцуулж байна. Оюутан бүрт лабораторийн ажлын үр дүн боловсруулахад шаардагдах туршилтын өгөгдөл бэлтгэж хүргүүлэхэд багшаас нэлээд бэлтгэл шаардана. Оюутны ирүүлсэн лабораторийн тайланг шалгаж дүгнэх нь өмнө ярьсан семинартай адилхан нэмэлт цаг шаарддаг.

Онлайнаар сургалт зохион байгуулахтай холбоотой техник тоног төхөөрөмж, харилцааны холбооны асуудал яах аргагүй тулгарч нэмэлт зардал гарч байна. Холбоо харилцааны хувьд өөрийнхөө гар утасны төлбөрийн нөхцөлийг өөрчлөөд, оюутнуудтай, бусад багш нартай утсаар ярих, зурвас бичихэд хязгаарлалтгүй байхаар зохицуулсан. Цаг үеийн шаардлага шүү дээ. Зарим оюутан байнга интернэтэд бэлэн байх боломжгүй байдаг. Тэдгээр оюутантай утсаар холбогдоно.

-Оюутнуудын хувьд цахим сургалт ямар хүндрэл бэрхшээлтэй байна? Багшийн хувьд танд юу мэдрэгдэж байна вэ?

-Хоёр улиралд онлайн хичээл заагаад ажигласан зүйл бол нэгэнт сурах хариуцлагаа ухамсарласан, сурах хүсэл тэмүүлэлтэй, сурах арга барилтай оюутан бол танхимын ч бай, цахим ч бай сургалтад адилхан хариуцлагатай байдаг юм байна. Зарим оюутан, компьютергүй, гар утасны камерын хүчин чадал тийм сайнгүй, даалгавраа хийгээд дэвтрийн зургаа аваад явуулдаг ч тэр нь харагдахгүй, тэгээд утсаар ярилцаад тодруулж авна. Уйгагүй, бодолт тус бүрийнхээ алхамын зургийг авч явуулаад хаана алдаж, юуг буруу зөрүү хийснээ асууж тайлбарлуулсаар байгаад хичээлээ ойлгож авдаг оюутан байна. Миний заасан хичээлүүдээс харахад дунджаар 10 оюутан тутмын 1-3 орчим оюутан цахим хичээлд иймд идэвх, хандлагаар оролцож байна. Зарим оюутан нь даалгавар байнга хоцрооно, тухай бүрд хугацаа сануулах, даалгаврыг нэхэж байж авах хэрэгтэй болдог. Дунджаар 10 оюутан тутамд 1-2 иймэрхүү оюутан таарна. Үүний цаана байх шалтгаан янз бүр байна. Ярилцаад үзэхээр “би мартчихаж”, “хийж амжсангүй” гэж хариулах нь ч байна. Ар гэрийн нөхцөл байдал хүндрэлтэй байх оюутан ч байна. Гэрээсээ цахимаар шууд холбогдоод ярилцаж бие даалт, даалгавраа ярилцаж (бие даалт хамгаалах гэж ярьдаг) байхад гэрийнхэн нь шуугиад л, оюутны анхаарал төвлөрч өгөхгүй, санаа нь зовж байгаа нь анзаарагддаг.

-Сургалтын төлбөр бууруулах тухайд таны бодол?

-Танхимын сургалтаас цахим сургалтад шилжсэнээр багшаас сургалтын ажилд зарцуулж байгаа цаг 2-3 дахин нэмэгдээд байхад төрийн өмчийн ч, төрийн бус өмчийн ч аль нэг сургуулийн багш цалин нэмэх болон хөдөлмөрийн хуулиар олгогдох ёстой “илүү цагийн” гэж нэрлэдэг нэмэлтийн тухай ярихгүй байгаа шүү дээ. Үүнийг цар тахал, хөл хорио гэдэг бол “давагдашгүй хүчин зүйл” учраас нөхцөл байдлыг ойлгож, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаагийн илрэл гэж бодож байна. 

Сургалтын төлбөр бол их сургуулийн төсвийг бүрдүүлдэг зүйл. Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, багшийн цалин гэх мэт бүхий л зардал төсвөөс л хамаарна. Их сургуулийн багшийн одоогийн цалин угаасаа олон улсын жишигтэйгээ харьцуулахад маш бага, бас оюутны сургалтын төлбөр ч харьцангуй бага шүү дээ. Манай оюутнууд сургалтын төлбөрийг бууруулахын төлөө тэмцэх ёстой юу? Эсвэл сургалтын төлбөрийн зээл, тэтгэлгийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж хөгжүүлэхийн төлөө тэмцэх ёстой юу? Үүнийг бодож үзэх шаардлагатай санагддаг даа.