Монгол оронд Японд болсонтой дүйцэхээр хүчтэй газар хөдлөлт дөрвөн ч удаа болсон гэж мэргэжилтнүүд онцлон дурьддаг. Тэгвэл сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж хэр нэмэгдсэн, бид ер нь хэр бэлтгэлтэй байгаа талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор Ч.Одонбаатартай ярилцлаа.


-Монгол улсад хүчтэй газар хөдлөлт цөөнгүй болсон жишээ бий. Сүүлийн үед энэ тоо нэмэгдсэн гэдэг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Өнгөрсөн зуунд манай улсад найм магнитуд хүрсэн дөрвөн ч удаагийн газар хөдлөлт болсон удаатай. Говь-Алтайн, Булнайн, Монгол-Алтай газар хөдлөлт хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогддог. 1905 онд булнай болон цэцэрлэгт 14 хоногийн зайтай магнитуд 8-тай 2 газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтөөс үүссэн хагарлын урт 370 км хүртэл үргэлжилдэг.

Өмнө нь монгол гэрт амьдарч байсан  учраас газар хөдлөлийн эрсдэл гэдэг зүйл бараг байгаагүй. Чулуу нурж дарах, гэрийн унинд л цохиулахаас өөр аюулгүй шүү дээ. Харин хотжилт үүсээд барилга баригдаад ирэхээр эрсдэл, хүчдэл гэдэг шинэ нэр томьёо гарч ирж байгаа юм. 


-Монгол газар хөдлөлтгүй байж энэ талаар ярьлаа гэж шүүмжлэх хүн цөөнгүй бий. Ер нь манай улс газар хөдлөлтийн  хувьд хэр идэвхжилтэй бүс вэ?

-Газар хөдлөлийн идэвхижилт гээд ярихаар 360 гаруй жил болсон Улаанбаатарт газар хөдлөлт болж байгаагүй. Та нар дэмий юм судалж байна гэдэг шүүмжлэл бидэнд ирдэг нь үнэн.

Баруун зүгийн нутгаар Алтайн нуруу сав газрын ойролцоо хүчтэй газар хөдлөлт болох давтамж нь 2000 жилийн настай байдаг. Бид Говь-Алтай аймгийн орчимд судалгаа хийгээд ойролцоогоор 3500 орчим жилийн настай юм байна гээд насыг нь тогтоосон. Өөрөөр хэлбэл 3500 жилийн өмнө тэнд газар хөдлөлт болж байсан гэсэн үг. Харин магниутуд нь долоо хүрсэн газар хөдлөлт манай улсад нийтдээ 20 гаруй удаа болж байсан. Жишээлбэл 2010 онд Хайти улсад магниутад долоотой хөдлөлт болж тэр улс тэр чигээрээ сүйрсэн. Тэгэхээр тэр хэмжээний, түүнээс ч хүчтэй газар хөдлөлт Монголд 20 гаруй удаа  болсон гэсэн үг.

-Энэ газар хөдлөлтүүд хот суурин газраас хол байгаа учраас сүйрэл аюул нь бидэнд мэдэгдэхгүй байна гэсэн үү?

-Тийм шүү. Аз болоход манай газар хөдлөлт хот суурин газраас хол уул нуруудаар болж байна. Цамбагарав уулын ойролцоох газар хөдлөлт гэхэд зургаан баллын хүчтэй болсон удаатай. Тухайн үед цасанд 20 гаруй адуу дарагдаж үхсэн байдаг. Ойрхон хот суурин газар байсан бол хүнд хэцүү байдалд орно гэсэн үг. 

Анх газар хөдлөлт нийслэлээс 300 километрийн зайнаас тооцож байсан бол одоо Улаанбаатарт ойрхон байнга идэвхижилт ажиглагдаж байгаа учраас тооцоололоо Эмээлтээс хийсэн байгаа. Эмээлтэд жилдээ 1000 гаруй газар хөдлөлт болдог. Ингээд харахаар Улаанбаатарын газар хөдлөлийн балл ихэсч байгааг төвөггүй нотолчихож болно. 

-Газар хөдлөлтийн аюулд өртөхгүйн тулд иргэд ямар мэдээлэлд тулгуурлаж барилга байшингаа барих ёстой вэ?

-Газар хөдлөлийг судлах үндсэн зорилго нь ямар байдлаар барилга баривал нурчихгүй байх вэ гэдэгт оршдог. Барилгын нормын дагуу барьсан барилга газар хөдлөлтөд эвдрэл үзүүлэхгүй тэсч үлдэх ёстой. Үүнийг газар хөдлөлийн ерөнхий мужлалын зурагаас харж болно. Энэ нь Монгол оронд хаагуур газар хөдлөлийн идэвхижилттэй байгааг тодорхойлдог юм. Бичил мужлалын зураг хийгээд баллыг нь тогтоосон газар түүнийг шууд авч хэрэглэх ёстой.

Одоогийн барилгын норм дүрэмд ашиглаж байгаа зургийг 1983 онд гаргасан. Харин Улаанбаатар хотын бичил мужлалын зургийг 2012 оны сүүлээс БХБЯ-ны захиалгаар хийгээд 2015 онд дуусгасан. 

Улаанбаатар хот түүний дагуул дүүрэг болох Багануур, Багахангай, Эмээлтийн бүс газруудаар 2015 онд бичил мужлалын зураг хийж өгсөн юм. 2016 онд Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан. Хүмүүс энэ зургийг хараад хаана барилга барих гэж байгааг нь харж тэр газрынхаа газар хөдлөлтийн балл, хурдатгалыг нь оруулаад явж байна. Газар хөдлөлийн идэвхитэй бүсэд барилга барих норм дүрэм шинэчлэгдэн гарч байгаа. 

-Нийслэл орчмын газар хөдлөлийн идэхижилтийг баллаар авч үзвэл ямар тоо гарах бол?

-Улаанбаатарт газар хөдлөлийн бичил мужлалын зураг 1967 онд хийгдсэн. Дараа нь 1983 онд зөвхөн аравдугаар хорооллыг авч хийсэн өргөтгөсөн зургаар авч үзсэн байдаг. Тухайн үед Дунд голын хөндийгөөр найман балл, дундаж хөрсөн дээрээ долоон балл, хадан дээрээ зургаан балл гэж гарсан. Харин сая баталсан зургаар ерөнхийдөө тойм байдлаар хэлбэл  хадан хэсэгтээ долоон балл, голын хөндий, сэвсгэр хөрстэй хэсэгт найман балл гэж гэж гарсан. 

-Барилгын норм, дүрэмд есөн баллаас дээш бүсэд барилга барих норм дүрэм байхгүй гэдэг. Түүнээс дээш газар хөдлөлт болох бүс нутаг бий юу? 

-Баруун аймгууд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байдаг. Баян-Өлгий аймаг, Ховд аймгийн хагаралаас хийсэн судалгаагаар газар хөдлөлийн идэвхижилт 8-9 балл гэж гарсан. Газар хөдлөлийн эрсдлийн үнэлгээг  2014 онд Япончууд хийсэн юм  Япончуудын хийсэн үнэлгээгээр Улаанбаатар хот 8-9 баллын газар хөдлөлийн эрсдэлд байна.