УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх 25 настай Н-ын эгч Ч.Саранзаяагаас уг асуудалтай холбоотойгоор тодруулга авлаа. Д.Гантулга гишүүний хувьд уг асуудал дээр "Энэ гүжир гүтгэлгийг ялан гарч нэр төрөө сэргээнэ. Залуу улстөрчдийг замаасаа зайлуулдаг ээлжит гүтгэлгийн бай нь би болж байна" хэмээн ярьсан байдаг.

-Энэ хэрэг ямар шатанд явна?

-Д.Гантулга гишүүн яллагдагчаар татагдсан. Хэрэг дуусаагүй шалгагдаж байгаа. Шүүх хурлын тов удахгүй гарна гэж бодож байна.


-Хэргийн зарим нотлох баримт устгагдсан гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Үнэн. Энэ бол шүүх эмнэлгийн 2-3 эмчтэй холбоотой хэрэг. Нотлох баримтуудыг устгасан эмч нар хэргээ хүлээж яллагдагчаар татагдаад удаж байна. Гэсэн хэдий ч эцсийн байдлаар хариуцлагыг нь хүлээлгээгүй л байна. Юу хүлээгээд байгааг нь сайн ойлгохгүй байна.


-Бэлгийн эс нь мөн гэдгийг шинжилгээгээр тогтоосон уу?

-ДНК шинжилгээ хийгдэж тогтоогдсоны үндсэн дээр яллагдагчаар татсан.


-Гантулга гишүүн тантай болон танай гэр бүлийнхэнтэй ямар нэгэн байдлаар холбоо барьж уулзсан уу?

-Уулзаагүй ээ. Хэрэг гарсан тэр өдөр л ирж нэг удаа уулзсан. Д.Гантулга гишүүн өөрөө холбогдохоосоо илүү туслах болон ойр орчны хүмүүсээ их яриулж байсан. 


-Та шүүх байгууллагыг шударга бус ажиллаж байна гэж захидалдаа бичсэн байсан. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Шүүх байгууллага шударга ажиллана гэдэгт итгэж найдаж хүлээж байна. Гэсэн ч эргэлзэх зүйл гардаг. Хуулийнхан өөрсдийгөө гадны орны иргэний нүдээр нэг хараасай  гэж хэлмээр байна.


-Дүүгийн тань биеийн байдал ямар байгаа вэ?

-Хэргийн талаар мэдээ гарах бүр маш хэцүү байдаг. Энэ хүнд өдрүүд тамтай адил санагдаж байгаа түүнд минь. Хажууд нь байгаа надад ийм хэцүү байхад миний дүүд ямар байгааг би төсөөлөхөөс ч айдаг. Тэр явдлаас хойш Шар хадны сэтгэцийн эмнэлэгт үзүүлсэн. Сэтгэл гутралын хүнд зэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Цаашид юу болохыг хэлж мэдэхгүй. Энэ хэвээр хэрэг удааширвал бид хоёр тэсч гарахад хэцүү. Би ч ялгаагүй залуу хүн байж байнга даралт ихсч, зүрх өвдөж өдөр болгон эмээр л буулгаж байгаа.


-Д.Гантулга гишүүнд хандаж юу хэлэх вэ?

-Д.Гантулга гишүүнийг өөрийгөө толинд хараад 6 сарын 12 ны өдрийг эргэн санаж, өөртөө итгүүлсэн улс төрийн золиос гэх хуурамч дүрээсээ гараасай гэж хүсч байна.