“Сэнтий түшсэн хатад” номын зохиолч, хятад судлаач Ч.Содбилэгтэй ярилцлаа.Залуу судлаач тэрбээр “XX дугаар зуун 100 жил төсөл” судалгааны бүтээл болон хэд хэдэн түүхэн найруулгын хэд хэдэн ном бичсэн юм.


-Өглөө хэдэн цагт босдог вэ?

-8 өнгөрөөд босдог. Би өглөөнөөс илүү шөнө сууж ажиллахдаа илүү төвлөрдөг. Сүүлийн үед шөнө суухаас аль болох зайлсхийж байгаа.

-Байнга сөхөж хардаг номоо нэрлээч?

-Түүхэн сурвалж бичгүүд, толь бичгийг сөхөж харах дуртай. Лавлагааны материал байдлаар ашигладаг. Тухайлбал Юань улсын судар, Мин улсын судар хардаг. Энэ хоёр судар хоёр тусдаа юм шиг боловч асар олон ботьтой. Жишээ нь Юань улсын судар 210 дэвтэр,  Мин улсын судар 332 дэвтэр бий.

-Монгол хатадын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг багагүй. Үүнийг судлахад  юу таныг хөтлөсөн бэ?

-Судалж байхад Юан улсын ч, нүүдэлчдийн түүхэнд ч эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг их. Күнзийн, Исламын, Христийн гэх мэт шашнаар хүлээслэгдсэн суурин соёл иргэншилд эмэгтэйчүүдийн үүрэг дэндүү хязгаарлагдмал. Одоо ч гэсэн ажиглагддаг. Харин нүүдэлчдийн ахуй амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо их, тэр хэрээрээ эмэгтэйчүүдийн эрх чөлөө, шийдвэр гаргах эрх мэдэл, үүрэг нь бусад соёл иргэншлээс илүү давамгайлсан байдаг. Жишээ нь их хааныг нас бараад дараагийн хааныг их хурилдайгаар сонгох хүртэл төрийн эрх мэдлийг бэлэвсэн хатан нь бариулдаг байснаас харагддаг. Ер нь хатдын амьдралыг судлахгүйгээр Юан улсын түүхийг судлах нь учир дутагдалтай.


-Олон хатдын түүхийг уншиж байсан хүний хувьд өнөөгийн монгол эмэгтэйчүүдэд тэр  ухаалаг зан чанар цусанд нь хэр сууж үлдсэн гэж хардаг вэ?

-Аливаа үйл явдал ахуйгаасаа шууд хамааралтай. Нүүдэлчдийн  ахуй оршсоор байгаа цагт хатадын мөн чанар, сэтгэлгээ оршсоор л байна. Бид суурин иргэншилд шилжээд 100 жил ч болоогүй ард түмэн. Юань гүрний үед монголчууд суурин иргэншилд 100 гаруй жил болсон. Бид энэ цаг үед яг үүнтэй ижилхэн,  процессийг даван туулж байна. Ахуйн хувьд ч түүхийн хувьд.

Монгол эмэгтэйчүүд гэр бүлд, амьдралд, нийгэмд ч давамгайлах шинж хандлагатай. Ялангуяа 90-ээд оны нийгмийн шилжилтийн хүнд хэцүүг эмэгтэйчүүд үүрч гарсан. Одоо ч гэсэн хамгийн боловсролтой, нийгмийн амьдралыг авч яваа нь эмэгтэйчүүд хэвээрээ. Тийм учраас Юан улсын хатдынх төстэй зүйл их бий.


-Бид Ази эмэгтэйчүүд. Гэхдээ л тэднээс илүү эрх чөлөөтэй, бие даасан юм шиг санагддаг?

-Энэ бол иргэншил соёлын эрс тэс ялгаа юм. Суурин оронд эмэгтэйчүүд боол шиг амьдарч байна. Ийм байдал сэтгэлгээ нь хэдэн мянган жилээр хүлээслэгдсэн. Харин монгол эмэгтэйчүүд бол ондоо. Цаг үе нь тохиовол “Мандухай цэцэн хатан” шиг тодроод гараад ирдэг.


-Монгол эмэгтэйчүүдийн хандлага сэтгэлгээ өөр гэж хэлээ. Гэтэл өнөөгийн нөхцөл байдалд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо тийм ч хангалттай биш байна шүү дээ?

-Эмэгтэйчүүдийн оролцоог улс төрөөр хамгаалах нь учир дутагдалтай. Яагаад гэвэл эмэгтэй хүн төр барихын цагт улс орон суларч доройтож ирсэн түүх байдаг. “Мандухай цэцэн хатан” яагаад нэр алдартай болсон нь өөрөө төр бариагүй, Батмөнх даян хааны нэрийн өмнөөс засагласанд байгаа. Яагаад гэвэл эмэгтэй хүн бусдын нөлөөнд автсан тохиолдол олон гарсан байдаг. Юань улсын мөхөлд ч гэсэн хатдын гүйцэтгэсэн үүрэг асар их.  Тэр улсын хаан ширээг алалдан булаацалдах үндсийг хатад тавьсан. Хаан олон, хатан болгон хүүхэдтэй, хатад өөрсдийнхөө хүүхдийг хаан ширээнд суулгах гэж төрийн эрх ашгаас давсан үйлдэл хийж байж. 


-Монголчууд удам судрыг нь хардаг. Тэр үеийн  хатдын түүхээс харахад удам сайтай хатад илүү ухаалаг шийдвэр гаргаж байсан хандлага бий юу?

-Түүхээс харахад иймэрхүү зүйл ажиглагдаагүй. Удам сайтай хатны давуу чанар нь тухайн гэр бүл нь хүчирхэг нэр нөлөөтэй учраас үүнийгээ ашиглаж улс төрд байр сууриа бэхжүүлэхэд давуу тал болж байсан. Солонгосоос ирсэн шивэгчин Ки хатан гэхэд Юань улсын түүхэнд ямар ч удам сударгүй байтлаа өмнөх үеийн бүх хатдаас илүү эрх мэдэлтэй байсан.

 

-Биднийг одоо ч өрнөдөд зэрлэг нүүдэлчид гэж хардаг. Тэгвэл өнөө хүйсийн тэгш байдал, эмэгтэй хүнийг хүндлэх зан чанар эрт дээр үед ч байжээ дээ?

-Мэдээж нүүдэлчдийг бүдүүлэг гэж хардаг нь суурин иргэншилтэй хүмүүсийн хардаг өнцөг л дөө. Хятадын эртний түүхэнд бас Монголчуудыг зэрлэгүүд гэж бичсэн байдаг. Эсрэгээрээ нүүдэлчид ч гэсэн суурин иргэншлийн хүмүүсийг асар бүдүүлэг, соёлгүй гэж үздэг байж. Энэ хоёр соёл өөрөө эрс тэс ялгаатай учраас нэг нэгнийгээ хялайж үздэг, үгүйсгэдэг тал бий. Тийм учраас нүүдэлчдийн эсвэл суурин иргэншлийн аль нь давамгай гэдгийг хэлэхэд бэрх.

Нүүдэлчдийн хувьд эмэгтэй хүнийг хүндэтгэдэг, зөвлөгөөг нь хүлээн авч амьдралд хэрэгжүүлсэн жишээ олон. Монгол хатад гэхэд бусад орны хатдаас илүү төрийн хэрэгт оролцож байжээ. Чингис хаан гэхэд Бөртэ, Есүй, Есүгэн хатныхаа зөвлөгөөг улс төрийн шийдвэртээ тусгадаг.  Өрх гэрээ авч явахыг эрчүүд харин ахуй амьдралд шийдвэр гаргадаг хүмүүс бол эмэгтэйчүүд байсан, энэ хандлага сэтгэлгээ хэвээрээ байгаа.

 

-Аль ч улсын түүхэнд эмс охидоос болж л дайн тулаанд хүрч ирсэн байдаг. Жам ёс юм шиг л?

-Энэ бол бүх улсад л байсан түүх. Түүх гэдэг цаг үе орчин нөхцөл нь л өөр болохоос ерөнхий процесс нь ижил, давтагдах хандлагатай. Тийм ч учраас 13 дугаар зуунд болж байсан түүхийн алдаа оноо орчин үед бас л давтагдах магадлалтай. Түүхээсээ сургамж авсан жишээ ховор л доо. Угаасаа сургамж авах нь маш хэцүү, бараг боломжгүй зүйл. 


-Яагаад?

-Ерөөсөө хүний оршин тогтнож байгаа мөн чанар нь алдаж онодог жамтай. Тиймээс тэр алдааг тойрч гарна гэж байдаггүй. Үүнийг туулж байж мэддэг. Эрх мэдэлд хүрэх бүх процесс адилхан. Үүнийг тойрч гарсан улс нэг ч байхгүй.


-Улс орнууд зөөлөн хүчний бодлогыг барьж байгаа энэ үед түүхээ судлахын үнэ цэнийг та юу гэж хардаг вэ?

-Үнэхээр ч орчин үед зөөлөн хүчний бодлогын дайн явагдаж байна. Үүнийг соёлын дайн ч гэж нэрлэдэг. Ийм нөхцөлд үндэстэн оршихыг хүсвэл түүх, эх хэлнийхээ дархлааг сайжруулах үүсгэх хэрэгтэй. Түүх бол үндэстний санамж, дархлаа. Энэ хоёр л байхгүй бол оршин тогтнох боломжгүй. Манж гэхэд Хятадад уусч эхэлсний дараа үндэстнийхээ хэв шинжийг бүрэн алдчихсан. Үүн шиг устаж үгүй болсон асар олон үндэстэн бий.  Түүх хэдийгээр өнгөрсөнд болсон зүйл боловч тухайн улс орны үндэстний дархлаа нь учраас түүхээ мэдэх нь эрх биш хүн бүрийн үүрэг юм. Баярлууштай нь хүн амын түүхээ мэдэх хүсэл сонирхол хандлага нь урьд хожид байгаагүй ихээр нэмэгдсэн. Өөрийн үндэстний түүхээ бусад улс оронтой харьцуулах, судалж сонирхох боломж нь ч нээлттэй болчихлоо.


-Дунд сургуулийн сурагч байхдаа Юан улсын тухай ном гаргаж байсныг мэднэ...?

-Сурагч байхдаа “Монголын их Юань улсын түүх” нэртэй Юан улсын түүх, соёл, эдийн засгийг хамарч бичихийг хичээсэн номоо гаргасан. Гэхдээ хичээл номондоо тийм ч сүрхий хүүхэд байгаагүй. Миний зорилго сонирхол түүх учраас үүнийгээ л дагнасан. Тухайн үедээ сурвалж бичигт тулгуурлаж бичсэн ч нас бага учраас алдаж эндсэн, залруулах зүйл бишгүй бий. Миний судалгааны үндсэн сэдэв бол Юань улсын улс төрийн түүх л дээ.


-Та уншигчдын оюуны хэрэгцээнд тулгуурлаж бичдэг үү эсвэл…?

-Би аливаа ном бүтээлийг уншигчдын хүсэл сонирхолд нийцүүлж бичиж болохгүй гэж боддог. Харин эсрэгээрээ тухайн ном бүтээл уншигчдын оюуны эрэлт хэрэгцээг нь хангаж байх ёстой. Яагаад гэвэл нийгэм, цаг үеээ урагшлуулдаг зүйл учраас тухайн үеийн сэтгэлгээнд нь тааруулж бичдэг зүйл биш.

-Харин өнөөдөр номын зах зээл эсрэгээрээ л байна шүү дээ. Уншигчдын дуртайг нь бичих, хэвлэх сонирхол нь давамгайлчихсан?

-Энэ бол өнөөдөр болж байгаа зүйл биш. Аль ч цаг үед тийм л байсан. Тухайн үедээ сул ном бүтээлүүд алдаршиж байсан ч цагийн эрхээр мартагддаг. Харин дэлхийн сонгодгууд, түүхэн сурвалжууд одоо ч ач холбогдол, үнэ цэнээ алдаагүй хэвээрээ.


-“Сэнтий түшсэн хатад” түүхийн сурвалж бичиг дээр суурилсан  анхны хүүрнэл зохиол. Та өөрөө аль талаас нь энэ бүтээлээ гаргахыг зорьсон бэ?

-Сүүлийн үед, эзэн хаадын түүхийг бичихдээ омогшил бахарлын үүднээс, хатдын түүхийг илүү феминист хандлагаар биччихдэг тал анзаарагддаг. Ялангуяа хаад нь мунхаг, хатад нь цэцэн байсан юм шигээр бичдэг туйлшрал бий. Энэ бол хоёр туйл шүү дээ. Түүхийн бодит үнэнийг тогтоосон байхад ямар дүгнэлт өгөх нь тухайн цаг үеийн уншигчдынх нь мэдлэгийн хэмжээ шүүнэ гэж боддог. Би “Сэнтий түшсэн хатад” номоо 7 жил судласан, хамгийн гол нь түүхэн бодит үнэн дээр л тулгуурлахыг эрмэлзсэн. Энэ номонд иш үндэслэлгүй үг, өгүүлбэр байхгүй.


-Сурвалж бичгийг уншиж судалж байхад ямар хатны түүх сонирхол татаж байв?

-Монголын алтан ургийн угсаа залгамжлах түүхэнд Хонгирад эсвэл Чингис хаантай худ ургийн барилдлагатай биш л бол өөр аймгаас хатан буулгаж болохгүй гэсэн хатуу хориг цаазтай. Үүнийг Тогоонтөмөр хаан зөрчиж язгуур угсаагүй харь гүрний шивэгчинг хатнаар залсан байдаг. Үүнээс гадна угсаа залгамжлагчаар алтан ургийн хүнийг тавих ёстой байтал хатныхаа ятгалганд автаж солонгосын эрлийз хүнийг тавьсан. Төрийн хэргийг шийдэхэд хүртэл Ки хатны үг шийдвэрлэх үүрэгтэй байж.  Үүнээс л Тогоонтөмөр хаан хатныхаа нөлөөнд их автдаг байсан нь харагддаг. Ки хатны төрд гүйцэтгэсэн үүрэг Юан гүрний уналтанд зохих хэмжээгээр нөлөөлсөн. Гэхдээ зөвхөн солонгос хатнаас болж мөхсөн гэх нь үндэслэлтэй биш. Өөр олон нөлөө бий.

Ер нь Монголчууд манлайлж дагуулах хүн байхгүй бол хоорондоо их тэмцэлддэг, дэлхийн түүхэнд ч ийм зүйл бий. Энэ зүйл дутагдсан нөгөө талаасаа улс гүрэн 100-аас дээш оршин тогтноод ирэхээрээ мөхөл рүүгээ ордог, инстици нь өөрөө нуран унадаг жамтай.


-Энд төдийлэн нэр нь дурьдагдаад байдаггүй Хөхчин  хэмээх ухаалаг хатны тухай дурьдахгүй өнгөрч болохгүй болов уу. Хубилай хаан өөрөө бэр болгож сонгосон байдаг шүү дээ?

-Миний бодлоор Юан улсын төрийн түүхэнд хамгийн ухаалаг хатан бол Хубилай хааны ууган бэр Хөхчин. Түүхэнд Хубилай хаан  түүнийг өөрөө сонгосон талаар бичиж үлдээсэн байдаг. Хубилай хаан өнөөгийн Өвөрмонголын нутаг ан хийж яваад цангаад айлд орж л дээ. Айлын бяцхан охиноос айраг хийж өгөхийг хүсэхэд “Аав ээж минь байхгүйд би хэрхэн эзэн мэдэж өөрт тань айраг өгөх билээ” гэж хэлжээ. Хаан тэгэхэд нь охины зөв юм байна гэж бодоод гарах гэтэл Хөхчин “Хэрвээ таныг айргаар дайлахгүй бол тал нутгийн зочломтгүй занд харшлах болно. Тийм учраас та аав ээжийг ирэх хүртэл хүлээгтүн” гэдэг. Ингэж ухаалаг хэрсүү зангаараа хааныг анхаарлыг татаж бэр нь болсон түүхтэй. Хожим Хубилай хааныг насбарахад төрийн эрх мэдэл Хөхчин хатны гарт шилжсэн. Төрийн байдал тогтворгүй, их хааны угсаа залгамлагчийг тодруулахад тэмцэлтэй тэр үед өөрийнхөө хүү Төмөрийг хаан ширээнд суулгаж, ард нь ухаалгаар зөвлөж засаглалыг нь хүчирхэгжүүлж чадсан. Өөрөө төрийн эрх барьж болох шүү дээ, гэхдээ тэгээгүй, хаанд зөвлөх маягаар нүүдэлчдийн уламжлалт хатны үүргийг чадамгүй гүйцэтгэсэн. Утай уулын ихэнх сүмүүдийг энэ хатны зарлигаар байгуулсан байдаг. Одоо ч бий.


-Эсрэгээрээ ордны хатуу дэг жаягт баригдан, өрөвдмөөр хүнд хэцүү амьдралыг туулсан хатадын түүхээс хуваалцаач?

-Хатны хувь заяа хаанаас шалтгаалдаг. Хаан алагдвал хатны хувь заяа дагаад бүдгэрдэг жамтай. 1332 онд 7 настай Ринчинбал хаан ширээнд залагдаад 40 хоногийн дараа учир битүүлгээр нас нөгчсөн. Тэр үед үе чацуу Дарьтмиш гэдэг охиныг хатан болгож өгсөн байдаг. Гэвч 40 хоногийн дараа хатны сууринаас буугаад хойд ордонд хоригдол шиг амьдарчээ. Тэнд өмнөх насбарсан хаадын хатадыг тусгаарладаг, Дарьттиш хатан 40 гаруй жил тэнд бэлэвсэн амьдарсан эмгэнэлтэй түүхтэй. 1368 онд Юан улс мөхөхөд ч амьд байсан, Хятадын цэргүүд орж ирэхэд түүний түүх балархай болсон.

-Тухайн үеийн түүхийн судалгааны баримт, эх сурвалжууд хэр олдоцтой вэ?

-Түүхийн олон эх сурвалжууд байна.  Хүсч хичээвэл ямар ч судалгаа хийх боломж бүрдчихсэн. Улс орнууд түүхэн сурвалж бичгээ судалгааны эргэлтэнд оруулж, онлайнд нягтрал сайтайгаар байршуулж байна. Хятадууд гэхэд одоогоор 100 000 орчим сурвалж бичгээ цахимжуулсан, сонирхсон хүн болгон үзэж сонирхож болдог.

Ерөнхийдөө суурин орны түүх бичлэг хэдийнэ хэвшиж тогтсон байдаг. Хятадууд гэхэд 2000 жилийн өмнө төрийн түүхээ бичих стандарт загвараа гаргачихсан. Хааны амнаас гарч байгаа үг бүхэн, хаанд айлтгаж байгаа үг болгоныг бичиж үлдээдэг журамтай. Энэ уламжлалын дагуу хааны ордны сан хөмрөгт Хубилай хаан төдийгүй Юань улсын хаадын өдөр тутмын тэмдэглэлүүд  хэдэн зуун ботиороо бий. Энэ хэдэн зуун ботид тулгуурлаад “Юан улсын судар” гээд 210 боть судрыг бичиж үлдээсэн. Энэ ботиудаас Чингис хаанаас Тогоонтөмөр хаад хүртэл өдөр тутам юу болж байсан, онцлох ямар үйл явдлын мэдээний цоморлиг, тэр үеийн хүмүүсийн намтар шаштирыг харж болно. Энэ бол тэр чигээрээ Юань улсын төрийн архив. Ингэж хөтлөхөөс ч аргагүй. Суурин орныг захирч байгаа учраас бичиг цаас хадгалагдахгүйгээр төрийн  хэвийн үйл ажиллагаа явуулахад бэрх. 1927 онд Дэмчигдорж гэдэг хүн бүрэн эхээр нь орчуулж гаргасан. 2015 онд үүнийг хэвлэсэн. Энэ судар дээр хатдын намтар маш тодорхой байдаг.


-Эртний сурвалж бичгүүд ямар ч цэг таслалгүйгээр хэдэн зуун боть үргэлжилдэг. Яаж тэр бүхнийг нэг цогцоор нь харж орчуулж ойлгодог юм бэ?

-Азаар манай улс Хятад судлалын асар баялаг түүхтэй. Хоёрдугаарт Манж чин гүрний үед Хятадтай нэгэн гэрт явсан болохоор эртний түүхийг орчуулсан асар олон жишээ бий. Манай улсын номын санд Хятадын сонгодог зохиолыг орчуулсан ном бүтээл олон. Ийм өв байгаа учраас бидний үеийн судлаачид азтай.

Гайхаж биширмээр нь тэртээ XX зууны алдартай орчуулагч нарын чадварыг гүйцэх орчуулагч нар одоо болтол гараагүй байна. Бидний найруулах, үгийг оноож, утгыг зохилдуулах чадвар 200 жилийн өмнөх өвөг дээдсээ гүйцэхгүй байна. Хамгийн ойрын жишээ гэхэд 1927 онд Дэмчигдорж хэмээх бичгийн их хүн 210 боть номыг орчуулсан байдаг. Тэр хүн манж, хятад, Япон, Түвэд хэлтэй хүн байж.