Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар хүн амийн хүнсний бүтээгдэхүүний гол нэр төрлийн хангамж, үнийн түвшин  тогтвортой байх асуудлыг хэлэлцлээ. Энэ хүрээнд үндсэн 4 төрлийн бүтээгдэхүүнийг нэлээд дэлгэрэнгүй байдлаар авч үзлээ.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр зах зээл дээрх махны үнийн огцом өсөлт иргэдийг ихэд бухимдуулсан. Ийм байдал үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийг бид нарийвчлан авч, дүгнэлт хийн ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар Засгийн газраас тодорхой хэмжээний зохицуулалт хийх шийдвэрүүд гаргалаа. 

Нэгдүгээрт махны талаар танилцуулахад:

Энэ жилийн хувьд махны хамгамжийн байдал, ялангуяа шинэ махтай золгох хүртэл махны хангамжийн байдалд Засгийн газар онцгой анхаарч байна. Засгийн газар өөрийн нөөцөлсөн махыг 4 дүгээр сарын 15-наас эхлэн 49 орчим хувийг нь зах зээлд нийлүүлсэн байна. Нөөцийн махны үнэ бол зах зээлийн үнээс 15-40 орчим хувиар хямд бөгөөд 127 худалдааны цэгээр борлуулж буй. Хагас, бүтэнсайн өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар ажиллаж байна. 

Зах зээл рүү орж ирэх махны нийлүүлэлтэд ноцтой нөлөө үзүүлж байсан хэд хэдэн хүчин зүйлийг судалж, тогтоосон. 

Үүнд, дулааны аргаар мах боловсруулж, экспортод гаргадаг үйлдвэрүүд түүхий эдээ Хүчит шонхор зах дээрээс бэлддэг байж. Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд орж ирж буй махыг бөөндөж үйлдвэрийн хэрэгцээнд авч буй нь зах зээлийн тэнцвэртэй байдал алдагдахад нөлөөлж байсан нь тогтоогдлоо. Үүнийг цаашид таслан зогсооно. Хэдий хэмжээний махыг дулааны аргаар боловсруулж экспортлох вэ гэдэгт жил бүр квот тогтоодог болохоор тогтлоо.Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өмнө нь батласан журамд тодорхой өөрчлөлт орно.

Хонь, ямааны мах хяналтгүй, квотгүйгээр экспортод гадаг байсныг эрүүл ахжйн шаардлагыг өндөржүүлэх үүднээс квоттой болж, мөн квотын хэмжээг жил жилд нь тодорхой болгоно.

Квот тогтоож буй нь дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүрэгтэй холбоотой. Мөн компаниуд экспортод гаргаж буй бүтээгдэхүүнийхээ 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд борлуулсан буюу нөөцөлсөн байх шаардлагыг тавьж байна. Цаашид махны дотоодын зах зээлийн хангамж, үнийг тогтвортой байлгахад Засгийн газар онцгой анхаарч, хуулийн хүрээнд зохицуулалтууд хийнэ.

Мөн улсын хэмжээнд нөөцлөх махны хэмжээг нэмэгдүүлж, ирэх онд 15 мянгаас доошгүй тонн махыг нөөцөлсөн байх бэлтгэл ажлыг зохион байгуулалтыг одооноос эхлүүлэхээр шийдэж байна" хэмээн мэдэгдлээ.