Өдөрт тогтмол гурван аяга кофе уух нь зүрх судасны өвчлөл, зүрхний шигдээс, цус харвах, улмаар нас барах эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогджээ.

Францад болсон Европын зүрх судасны нийгэмлэгийн конгресст судлаачид энэхүү сонирхолтой судалгааг танилцуулсан байна. 

Их Британийн 468 мянга гаруй гаруй иргэний дунд явуулсан судалгаагаар тогтмол кофе уудаг хүмүүсийг огт кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад цус харвах эрсдэл 21 хувь, зүрх судасны эмгэгээр нас барах эрсдэл 17 хувиар бага гарчээ.

Уг судалгаанд оролцогчид дунджаар 56 настай. Эдгээр оролцогчийг MRI  оношилгоонд оруулахад тогтмол кофе уудаг хүмүүсийн зүрхний үйл ажиллагаа илүү сайн, хэмжээ нь хэвийн байжээ. 

Кофенд дурлагсад зүрхний өвчинд өртдөг гэсэн нийтлэг ойлголтыг уг судалгаагаа өөрчилж байгаа талаар судлаач, зүрхний мэргэшсэн эмч, анагаах ухааны доктор Жудит Саймон онцолсон аж. Харин ч кофе эрүүл мэндэд тустай, эрч хүч, төвлөрлийг нэмэгдүүлдэг хэмээн онцлов.

Сонирхуулахад, кофе уусны дараа цусан дахь адреналины хэмжээ нэмэгдэж, бие эрч хүчтэй болж, анхаарал төвлөрөл, бүтээмж нэмэгддэг.  Мөн нүүрс ус ихтэй хүнс идэх хүслийг бууруулж, чихрийн шижин, зарим хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоосон байдаг. 

Гэвч мэдээж кофе ид шидийн ундаа биш. Хэтрүүлэн, их хэмжээгээр хэрэглэснээр зарим хүмүүст сэтгэл түгших, цочромтгой болох, нойргүйдэх шинж тэмдгүүд илэрдэг талтайг бүү мартаарай.