Хэн гэдэг хүн хэзээ, хэрхэн зохион бүтээсэн юм бол хэмээн та бидний хэзээ ч боддоггүй хэрнээ өдөрт олон мянган удаа хэрэглэдэг компьютерийн copy, paste функцийг зохион бүтээсэн Ларри Теслер 74 насандаа таалал төгсчээ.

Билл Гейтс болон Стив Жобс нар шиг алдар хүнд хүртээгүй ч компьютерийн инженерчлэлийн ямар ч зэрэг дэвгүй энгийн хүмүүст компьютерийг ойртуулж өгөхөд голлох үүргийг гүйцэтгэжээ.

Xerox компанид ажиллаж байхдаа тэрээр энэхүү үйлдлийг зохиосон бөгөөд өөр бас хайх, солих үйлдлүүдийг бий болгожээ. Түүнээс өмнө хуулахын тулд компьютерийн програм өөр mode буюу горимд шилждэг байсан байна.

1979 онд Стив Жобс Xerox компани дээр ирж, түүнтэй уулзахдаа "Та бол алтны уурхай дээр сууж байгаа хүн байна. Энэ технологийг ашиглаад та яагаад ямар нэгэн зүйл хийхгүй байгаа юм бэ? Хамтдаа бид дэлхийг өөрчилж чадна шүү дээ" гэж хэлсэн байна. Жобсын зөв байсан юм. Ингээд 1980 онд Теслер Apple компанид ажилд орж, Macintosh компьютерийг зохион бүтээх ажилд гар бие оролцож, дэд ерөнхийлөгч хүртэлх албан тушаал хашсан байна.

1997 он хүртэл Apple компанид ажиллаж байгаад 2001 оноос Amazon, 2005 оноос Yahoo, Western Union зэрэг газарт ажиллаж хэрэглэгчийн үйлдлийг аль болох хялбаршуулах, энгийн болгох, сайжруулах, инноваци хэрэгжүүлэх зэрэг олон шинэ санаа, патентыг бий болгосон байна.

"Миний хувийн зан чанар минь юм л даа. Хэрэв хэн нэгэн хүн ямар нэгэн зүйлийг огт боломжгүй эсвэл хийхэд үнэхээ хэцүү, бараг л боломжгүй гэж хэлж байгаа бол энэ нь надад сорилт болж, би үргэлж үзээд алддаг байлаа" гэж тэрээр 2013 онд өгсөн ярилцлагадаа хэлж байсан байна.

Xerox компани өөрийн Twitter хуудсандаа "Түүний энэхүү хувьсгалт санааны ачаар та бидний ажлын өдөр илүү амар болсон билээ" гэсэн байна.