Улаанбаатар-Дарханы замыг 2019 оны 4 дүгээр сард 4 эгнээтэй зам болгон барих шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан. 

Тус шийдвэр гарсантай холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат өчигдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа "УБ-Дарханы чиглэлийн замд жил бүр 300 гаруй осол, аваар гарч үүний улмаас олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирдгийг бид мэддэг ч "хөрөнгө байхгүй" гэсэн шалтгаанаар 40 гаруй жилийн настай энэхүү замаа дорвитой шинэчилж сайжруулахгүй олон жил болсон юм. 

Замын цагдаагийн албанаас гаргасан статистикаас харахад энэ зам дээр авто аваараар нас барсан хүний тоо нь зүрх шимшрэхгүй байхын аргагүй тийм л их өндөр тоо байдаг юм. 

Иймээс өнгөрсөн онд миний бие энэхүү замыг 4 эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэрэглэлийн зам болгох мөн осол аваар байнга гардаг 9 "хар цэг" болох огцом эргэлтүүд, даваа давангуутаа эргэдэг гэх мэт босоо болон хэвтээ элементүүдийг арилгах зургийн даалгаврыг өгч хийлгэн улсын төсөвт дарамт учруулахгүйгээр концессын гэрээгээр барихаар Засгийн газрын шийдвэр гаргуулан улмаар зам барих нээлтийг хийсэн. Гэвч харамсалтай нь шинээр байгуулагдсан Засгийн газар өмнөх засгийнхаа шийдвэрийг цуцалсан юм. 

Буруу гаргасан шийдвэрээ эргэн харж УБ-Дарханы замыг шинэчилж барих тогтоолыг өнөөдрийн Засгийн газрын хурлаас дахин гаргасанд талархаж байна" хэмээн нийтлэжээ.