Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 29-нд нийт 520 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, тандалтаар санамсаргүй сонгосон 3 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 32 хүний давтан шинжилгээ, тусгаарлагдан ажиллаж буй 8 эмч, ажилчдад хийсэн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Монгол Улсад коронавирусийн нийт 291 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 225 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 66 хүн эмчлүүлж буйгаас 62 хүний биеийн байдал хөнгөн, 3 хүн хүндэвтэр 1 хүн хүнд байна.

ХӨСҮТ-д нийт 93 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байна" хэмээлээ.

Мөн тэрээр "Иргэд маань энэ сайхан дулаан улирлыг ашиглаж хөдөө хээр, гол усны хажууд, уул модтой хэсгүүдээр явж амарч, аялж, сэтгэл санаа, дархлаагаа сэргээж байна. Гэвч сануулах нэг зүйл байна. Хогийг маш ихээр хаяж байна. Хог хаяна гэдэг нь тэр орчинд бохирдол үүсгэж, ирж буй дараагийн аялагчдад маш хүндрэл үүсгэдэг. Хэрвээ та өөрийнхөө хэрэглэсэн зүйлийг торондоо хийгээд явах юм бол таны өөрийн хэрэглэсэн зүйл учраас хог гэж үзэгдэхгүй бөгөөд хүндрэлтэй ажил биш. Тиймээс уутандаа хийгээд аваад явах ёстой.

Түүнээс гадна амарч буй орчныхоо маш ойр ил задгай бие засаж байна. Энэ нь мөн дараагийн хүмүүс тэр сайхан байгальд очиж амрахад таагүй байдал үүсгэдэг, бас аюултай.

Хогтой холбоотойгоор зуны цагт гэдэсний халдварт өвчин Монгол Улсад маш их гардаг. Тиймээс аялагч, иргэд энэ тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна. Коронавирусээс хамгаалж бид шүлсээ хаяхаа больсон. Мөн гараа тогтмол угааж, амны хаалт зүүдэг болсон. Одоо хогоо хаяхаа больцгоож амжилт гаргацгаая" хэмээн онцлон зөвлөлөө.