Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 22-нд нийт 426 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ, 7 дугаар сарын 21-нд Австралиас ирсэн 48 хүний шинжилгээ, тандалтаар санамсаргүйгээр сонгон авсан 14 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 60 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолооч, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээг хамруулсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. 34 настай эмэгтэй 15 хоног эмчлэгдэн эдгэрлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт 287 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 214 нь эдгэрсэн. Одоо 73 хүн эмчлүүлж буйгаас 63 хүний биеийн байдал хөнгөн, 10 нь хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-д нийт 107 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна. Тандалт, шинжилгээ үргэлжилж байна. Энэ сард бид дахин гурван тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсийг хүлээж авна. Холбогдох байгууллагуудтай хамтран бэлтгэлээ бүрэн хангасан" хэмээлээ.

Мөн тэрээр "Иргэд анзаарч байгаа байх. Зарим онгоцоор ирсэн бүх хүнээс коронавирус илрэхгүй байна. Дамжин ирсэн хүмүүсээс ихэвчлэн илэрч байна гэх зэрэгт бид дүгнэлт хийж байна. Улмаар цаашид яаж илүү олон хүнийг хурдан эх оронд нь авчрах вэ гэдэгт онцгой анхаарч, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна" гэв.