ВАШИНГТОН. /CNN/. Ираны Хувьсгалт гвардыг террорист байгууллага хэмээн үзэх болсноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдэв.


Энэхүү шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн албан хаагчдад эрсдэл учруулж болзошгүй хэмээн үзсэнтэй холбоотой байна. 


Д.Трампын хэлснээр, уг алхам нь зөвхөн Ираныг терроризмыг ивээн тэтгэгч хэмээн тодорхойлоод зогсохгүй тус улсын Хувьсгалт гвардыг терроризмыг өөгшүүлэх хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрч буй явдал ажээ. 



АНУ гадаадын орны Засгийн газрын хүчнийг террорист байгууллага хэмээн үзсэн анхны тохиолдол энэ болжээ. 1979 онд лалын хувьсгалын дараа байгуулагдсан Хувьсгалт гвард нь Ираны хамгийн хүчирхэг цэргийн институтээс гадна дотоодын улс төр, эдийн засаг зэрэг олон салбарт ихээхэн нөлөөтэй юм. 


Үүний хариуд Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл АНУ-ыг терроризмыг ивээн тэтгэгч улс, тус улсын Зэвсэгт хүчний төв командлал /CENTCOM/ болон Ойрхи Дорнодод ажиллагаа явуулж буй Америк цэргүүдийг  “террорист байгууллагууд” хэмээн тус тус зарласан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг