Ард Санхүүгийн Нэгдэл компанийн бүрэлдэхүүнд багтдаг “Ард даатгал” компани тун удахгүй хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байна. Энэ нь тус компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж, санхүүгийн олон улсын тайлагналын зарчмын хэрэгжилтийг ханган, ил тод, нээлттэй байдлыг компанийн үйл ажиллагааны бүхий л түвшинд нэвтрүүлсний үр дүн юм. 

Одоогоор “Ард даатгал”-ын нэгж хувьцааны үнэ нь тодорхойгүй байгаа бөгөөд зах зээлд гарах анхны даатгалын салбарын IPO болох ажээ.

Тус компанийн хувьд 1994 онд Монголын анхны хувийн өмчийн даатгалын компани болж үүсэн байгуулагдсан  юм. Мөн 2004 оноос Их Британийн Виттингтон групп хөрөнгө оруулалт хийж хувь нийлүүлэгч болсноор гадаадын хөрөнгө оруулалттай анхны компани болж Английн даатгалын зах зээлийн шилдэг туршлагыг нэвтрүүлсэн билээ.

 “Ард санхүүгийн нэгдэл”-д "Ард даатгал"-аас гадна ББСБ болох “АРД кредит”, хувийн тэтгэврийн “АРД лайф” сан, үнэт цаасны “АРД секюритиз”, хадгаламж зээлийн “АРД Актив” хоршоо, “Хөрөнгө оруулагч Үндэстэн” болон “Монгол шуудан” ХК зэрэг олон компани нэгдэн ажиллаж байна.

 “Ард санхүүгийн нэгдэл”-ийн нийт хөрөнгө  39.4 тэрбумээс 49.6 тэрбум төгрөгт хүрчээ. Хөрөнгө оруулалтын багц 25.6 тэрбумаас 38.8 тэрбум болсон нь 51.6 хувийн өсөлт аж. Компанийн нэгдлийн хувьд банкны зээлээс бүр мөсөн чөлөөлөгдөж, иргэдээс бондын эх үүсвэрийг хаалттай хүрээнд татан төвлөрүүлэх туршилтыг амжилттай гүйцэтгэж, Ард санхүүгийн нэгдэл болон Ард Кредит ББСБ хоёр дахь зах зээлд анхны бондоо амжилттай гаргасан байна.

 “Хөрөнгө оруулагч Үндэстэн” ХК-ийг Монголын Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалах зөвшөөрөл авч арилжаалснаар хувьцааны ханш 1000 төгрөгөөс 1858 төгрөгт хүрчээ. Ард санхүүгийн нэгдлийн дэргэдэх Хөрөнгө оруулагч үндэстний хувьцаа эзэмшигчдийн тоо 900 давж, нэгж хувьцааны үнэ 1800 төгрөг болж өссөн байна. Түүнчлэн "Хөрөнгө оруулагч үндэстэн" өнгөрсөн 2 жилийн хугацаанд  зах зээлээс 1.8 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.