Алдарт “Mercedes-Benz” загварын автомашинуудыг үйлдвэрлэгч “Daimler” компани цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор автомашины цэнэг хураагуурт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Германы автомашин үйлдвэрлэгч компанийн төлөөлөгчийн мягмар гарагт хийсэн мэдэгдэлд тэмдэглэснээр, тус компани нь цэнэг хураагуурын үйлдвэрлэлд 23 тэрбум ам.долларыг зарцуулж байгаа бол Герман, Хятад, Таиланд болон АНУ дахь цэнэг хураагуурын найман үйлдвэрт 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа ажээ.

“Daimler” компани 2022 он гэхэд цахилгаан хийгээд хос хөдөлгүүр бүхий 130 төрлийн тээврийн хэрэгслийг хэрэглэгчдэд санал болгохоор төлөвлөж байгаа бөгөөд ирээдүйд үүсэх цэнэг хураагуурын нийлүүлэлтийг аажмаар хангахаар зорьж буй нь энэ юм. Дээрх тээврийн хэрэгслүүдэд цахилгаан хөдөлгүүртэй ачааны битүү тэрэг, автобус болон ачааны машин зэрэг багтах аж.

Цахилгаан болон автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн салбарт “Tesla” зэрэг шинээр байгуулагдсан компаниуд амжилттай ажиллаж байгаагаас улбаалан Германы автомашин үйлдвэрлэгчид шинэ технологийг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх болсон билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN