Та өдрийн хоолны цагаараа нэг ширхэг хуванцар халбага, сэрээ хэрэглэхэд байгаль орчинд тийм ч их нөлөөлөхгүй гэж бодож магадгүй. Тэгвэл 7.7 тэрбум хүн тэгэж бодож байвал яах вэ. 

Үүнийг зургаар харуулахад аймшигтай дүр зураг харагдана. Манай дэлхий хуванцар хогонд живж байна. Гэхдээ өөдрөг талыг нь харвал, илүү олон хүн байгаль орчинд тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулан, тулгарч буй асуудлын нэг хэсэг нь бид гэдгийг ухаарч, байгаль орчныг аврахыг хүсэх болсон юм. Дэлхий даяар байгаль орчны эерэг хөдөлгөөнүүд өрнөж байгаа ба тэр дундаа #trashtag challenge гэрэлт ирээдүйг бүтээхийн төлөө тэмцэх урам зоригийг өгч байна. 

Мөн олон улсын ашгийн бус байгууллага болох “Sea Shepherd Conservation Society” (SSCS) нь далай тэнгисийн эко системийг хадгалж авч үлдэх, далай тэнгисийн амьтдыг элдэв хорт хөнөөлөөс хамгаалах зорилготой үйл ажиллагаа явуулдаг. 

Тус байгууллага нь Бразил улсын Сан -Пауло дахь “DDBGuatemela” зар сурталчилгааны агентлагтай хамтран хуванцарын талаар хүмүүст таниулах зорилготой, цочирдом компанит ажлыг эхлүүлжээ. 

Тэдний гаргасан 3D сурталчилгааны зургууд нь хайхрамжгүй хаягдсан хуванцарын аймшигтай үр дагавраас амьтад хэрхэн зовж зүдэрч буйг таниулахыг зорьжээ. Уг компанит ажлын олны нүдийг нээх гол мессеж нь “Таны ганц удаа ашиглан хаясан хуванцар далайг үүрд зовоон тарчлаах болно” гэдэгт буй юм.

“Sea Shepherd” нь олон нийтэд хуванцар хэрэглээний хор уршигийг таниулахаас гадна хэрхэн өдөр тутмын амьдралдаа хуванцарын хэрэглээгээ багасгах талаар зөвлөгөө өгдөг. Мөн далайн усыг цэвэрлэх “Цэвэрлэх үйл ажиллагааны долгио” компанит ажлыг дэлхий даяар өрнүүлдэг. Тэд эрдэмтэдтэй хамтарч илүү томооохон өөрчлөлтийг авчрахаар ажиллаж байна. 

“Эрдэмтэд 2050 он гэхэд далай нь загас ан амьтдаас илүү хуванцараар дүүрэх болно хэмээн сэрэмжлүүлсэн”-ийг уг байгууллагын үүсгэн байгуулагч Ахмад Паул Ватсон мэдээлжээ. Мөн тэрээр “далай тэнгис устаж үгүй болвол, хүмүүс ч гэсэн устаж үгүй болно. Тиймээс манай байгууллагын зорилго нь энэхүү гамшигаас урьдчилан сэргийлэх юм" хэмээн тайлбарлажээ.



Эх сурвалж: www.boredpanda.com