Жендэрийн Үндэсний хорооноос жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх зорилготой "Хүндлэлд хүйс хамааралгүй" үндэсний аяныг өрнүүлж байна. Энэ хүрээнд МУИС-ийн газар зүйн тэнхимийн дэд профессор, Хөөрхөн зүрх ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Амартүвшинтэй Жендэрийн эрх тэгш байдлын талаар ярилцлаа. 

-Жендэр гэдэг үг эмэгтэйчүүдэд хамаардаг мэтээр өрөөсгөл хандах нь бий. Жендэр, жендэрийн эрх тэгш байдал гэж юу болох талаар энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Жендэр гэдгийг үгийг орчуулбал хүйс гэсэн утгатай. Монгол хэлэнд буухдаа хүйс гэдэг биологийн дан утгаар буудаг, гэтэл жендэр гэдэг нь нийгэмд хүн өөрийгөө ямар жендэртэй байгааг хэлнэ. 

Тиймээс зөвхөн хүйс гэдэг үгээр хэмжиж болохгүй. Үүнээс давсан, өргөн хүрээтэй ойлголт. Хүн энэ дэлхийд төрсөн бол хэн байхаас ямар хүйс, жендэртэй байхаас үл хамаарч ижил тэгш эрх эдлэх ёстой. 

Хүний оршихуй гэж бий шүү дээ. Тэр оршихуйг нь бид хүндлэх ёстой юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс  ижил тэгш эрхтэй. Гэтэл биологийн хүйсээс нь хамаараад аль нэг талд нь давамгай байдлыг үүсгэж болохгүй. Тэгш байдлаар нийгмийн харилцаанд оролцох ёстой. Үүнийг жендэр, жендэрийн эрх тэгш байдал гэж хэлээд байгаа юм. 

Эр хүн уйлж болно...

-Эмэгтэйчүүдийг өмөөрөхдөө, эрэгтэйчүүдийнхээ давуу байдлыг үгүйсгээд байна гэдэг. Энэ тал дээр таны бодол?

-Жендэрийн эрх тэгш байдал гэхээр л эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо уралдаж, өрсөлдөөд л, “тэгш байя” гээд  бүх ажлаа 50,50 хувиар нь хуваахыг бас хэлэхгүй. Хүмүүс нийгэмд яг ийм дайсагналцсан хандлагыг үүсгэх гээд байдаг нь элбэг тохиолддог л доо. 

Гэтэл том зургаар нь харвал, үүний цаана “Хамтдаа аз жаргалтай амьдаръя. Адилхан үүрэг хүлээж, эрх эдэлье. Хэн нэгнээ  “доош хийхгүй”-гээр зэрэгцэн оршъё л гэсэн утгаа санаа явж байдаг. Жендэр гэдэг нэр томъёоны хувьд гадаад үг учраас хүмүүс энгийнээр, өөриймсүү хандаж, хүлээж авах нь бага байх шиг байна. 


-Эрэгтэй хүн өрхийн санхүүгээ олж, гэр бүлээ тэжээх үүрэгтэй, эмэгтэйчүүд ахуйн ажлаа хариуцаж, үр хүүхдээ өсгөж, гэр орноо цэвэрлэх ёстой гэж ярих нь элбэг. Энэ яриа жендэрийн хэвшмэл буруу ойлголт мөн үү? 

-Тэгэлгүй яах вэ. Энэ бол эрэгтэйчүүдтэй холбоотой хэвшмэл буруу ойлголт. Эрэгтэй хүн үүнийг л хийнэ, эмэгтэй хүн түүнийг л хийнэ гэдэг хэвшмэл буруу ойлголт байна. Бид зарим асуудал дээр яг ийм байдлаар, “хайрцаглагдсанаас” болж, гол чиг баримжаагаа алдаад байх шиг байна.

Эр хүн бол айл гэрийн ноён нуруу гээд л ярьдаг. Гэтэл хамтын амьдрал гэдэг хоёр болон хэд хэдэн багана дээр тогтож байдаг. Үүнээс аль нэг баганыг нь давамгайлж авч үзэх нь олон сөрөг үр дагавартай. Дэлхий дахинд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс богино байна. Монголчуудын хувьд дундаж насны зөрүү нь бараг 9 байна шүү дээ. Эндээс юуг харж болох вэ гэвэл, бид “эр хүний ноён нуруу” гэж таахалзаж явсаар эцсийн мөчид богино амьдарч байна. Илүү аз жаргалтай амьдарч чадахгүй байна гэсэн үг шүү дээ. 


-Монгол эрчүүдийн дунд амиа хорлолт нэлээн өндөр гэсэн судалгааг уншиж байсан. Хөвгүүдээ сэтгэл хөдлөлөө илэрхийлж сургаагүйгээс л улбаатай гэж ойлгох болох уу?

-Хүн амиа хорлохдоо “Би өнөөдөр аймаар гутарлаа. Орой амиа хорлочихъё” гэдэггүй юм байна л даа. 

Маш удаан хугацаанд сэтгэл гутралд орж, хямарч, бодсоны эцэст ийм шийдвэр гаргадаг гэж сэтгэл зүйчид үздэг. Эрт илрүүлбэл сэргийлэх боломжтой гэдэг. Гэтэл эрчүүд сэтгэл зүйн хямралаа илэрхийлэх дадалд багаасаа суралцаагүй байдаг. Шалтгаан нь мөн л хөвгүүдэд хэлж, сургаж өсгөдөг жендэрийн хэвшмэл буруу ойлголттой холбоотой.  

Бага балчраас нь “Эр хүн байж битгий уйл. Хүчтэй бай” гэж сургадаг. Ингээд хүүхэд наснаас нь сэтгэхүйд нь хийсвэр хана үүсгэчихээр, түүндээ баригдмал нэгэн болж өсдөг. Үүний сөрөг үр дагавар нь хожим гэр бүлийн харилцаан дээр илүүтэй гарч ирдэг.

Тэгэхээр, жендэрийн хэвшмэл буруу ойлголтыг засахын тулд хүүхдийг багаас нь өөрийн мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж чаддаг болгож сургах хэрэгтэй. “Уйлмаар байвал уйлж болно. Эр хүн ч гэсэн уйлж болно” гэдгийг хэлж өгөх ёстой юм. Багаасаа өөрийн мэдрэмжээ илэрхийлээд сурчихвал нийгмийн харилцаанд ч эерэгээр нөлөөлж, өөрийн бодол, сэтгэл хөдлөл, үйлдэлдээ хариуцлагатай хүн болж байгаа юм. Наад зах нь, ялихгүй зүйлээс болж хүнтэй муудаж, барилцаад авахгүй шүү дээ. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ эрүүлээр таньж зохистой зохицуулж чаддаг байвал аливаа бэрхшээлийг эрүүлээр даван туулна.

-Эр юм байж гэдэг бас л энэ сэдэвт хамаарах нь ээ?

-Бас л жендерийн мэдрэмжгүй үгсийн нэг. Эмэгтэйчүүд маань “Би эмэгтэй хүн гэдгээрээ түрий барьж, эрчүүдийг асуудал ярихад “Чи эр юм байж дуугүй бай. Юун шалчгар юм” гэх мэтээр мэдрэмжгүй ханддаг тал түгээмэл.

Мөн дээр дурьдсанчилан эмэгтэй хүн зөвхөн хүүхэд гаргаад гэртээ сууж ар гэрээ зохицуулах ёстой гэдэг нь эмэгтэйчүүдийг нийгэмд оролцоогүй байлгаж, тэдний сурч боловсрох, хөгжих эрхийг боомилж буй хэрэг юм. Баялаг бүтээж нийгэм болон өөртөө хувь нэмрээ оруулах ид насан дээр гэртээ суу гээд байхаар хэрхэн эрүүл тэгш харилцаа, эрх тэгш байдал бий болох вэ гэдгийг бид бас бодох л хэрэгтэй. 


-Монголчууд “охидоо л сургачихвал... Хөвгүүд ч яах вэ” гэдэг тал бий. Ийм хандлага дээхнэ үед зонхилж байлаа шүү дээ. Гэтэл эрэгтэй хүүхэд ч адилхан сурч боловсрох эрхтэй. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Энэ асуудал бас л жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой. Эрэгтэй, эмэгтэй хүйсийн аль нэгийг нь давамгай эрхтэй мэтээр ойлголт төрүүлэх нь хожим гэр бүлийн харилцаан дээр, насанд хүрснийх нь дараа сөрөг үр дагаврууд их гардаг. Би дээр хэлсэнчлэн, ялангуяа гэр бүлийн эрх тэгш харилцаа гэдэг бол хоолныхоо гурилыг хоёр хувааж элдэнэ гэсэн үг биш. Энэ бол эрх тэгш, үүрэг харилцаа юм. Гэр бүлийн хүрээнд зарим хүмүүс хайрыг бие биенийгээ эрхэндээ байлгах гэж ойлгох гээд байдаг. Тэр нь цаашлаад зөрчил болдог. 

Гэр бүлийн эрх тэгш харилцаа гэдэг нь бие биенийгээ байгаагаар нь хүлээн авах, эрх чөлөөтэй хамтран амьдрах тухай ойлголт болохоос биш, өөрийн харьяа хамааралд хашиж байлгах, “дөнгөлөх” гэсэн үг биш. Эрх тэгш үүрэг оролцоотой байя. Эрчүүдийн ажил, эмэгтэйчүүдийн ажил гэж хязгаарт баригдахгүй эрх чөлөөтэй хамтран тухай л ойлголт юм шүү дээ. 

Өөрийгөө болон бусдын оршихуйг байгаагаар нь хүлээн зөвшөөрч хүндэтгэх асуудал юм. Тиймээс, охид, хөвгүүд эрх тэгш суралцах эрхтэй. Гэвч бид нийгэм эдийн засгийн байдлаасаа улбаалан хөвгүүдээ эрт сургуулиас гаргаж, сурч боловсрох, хөгжих үйл явцыг нь хаах, эсвэл удаашруулж байгаа бол охидоо сургуульд сургаж “хөгжүүлж” байгаа мэт боловч энэ нь эргээд тэгш байдлыг хангахгүй байгаа юм.


Өнгө бол өнгө. Охидынх, эсвэл хөвгүүдийнх гэж байх ёсгүй


-Эрх тэгш байдлын талаар суурь ойлголттой, мэдрэмжтэй харилцааг эрхэмлэж чаддаг болгож өсгөхийн тулд багаас нь юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь их буруу сургадаг. “Миний хүү, цэцэрлэг дээр нь хүүхэд зодвол зөрүүлээд цохиод аваарай” гэж зааж өгдөг. Энэ бол маш буруу. Энэ хандлагаа эцэг эхчүүд засах хэрэгтэй. Хүүхдийг багаас нь  сэтгэл хөдлөлөө таниж уураа эрүүлээр зохицуулах, өөрийгөө хянах чадварт сургах нь чухал. 

Бас нэг жишээ авъя. Хүүхдүүд багаасаа өнгийг хүртэл эрэгтэй өнгө, эмэгтэй өнгө гэж ялгах хандлагатай болж байна. Бүр төрөхөөс нь  л  эрэгтэй, эмэгтэй гэдэг ялгааг гаргаад өгчихөж байна шүү дээ. Хөвгүүдийн тоглоом цэнхэр, охидын өнгө заавал ягаан байх хэрэгтэй гээд хүүхэд шууд ойлгочихож байна. 

Эрэгтэй хүүхдэд ягаан өнгөтэй тоглоом өгвөл “Үгүй ээ, энэ чинь эмэгтэй хүүхдийнх байна” гээд авахгүй байх жишээтэй. Бас зарим хүүхэлдэйн кинонд эмэгтэй хүнийг дорд үзсэн, эрэгтэйчүүдийг шүтсэн маягаар хийсэн байдаг нь хүүхдүүдийг хайрцаглаад байна. Багаас нь тархинд нь шууд болон шууд бусаар бид буруу ойлголтуудыг өгөөд байж болохгүй.  Тэгэхээр эрх тэгш байх, хэт хайрцаглахгүй байх, жендэрийн мэдрэмжтэй байх гэх мэт сэдвээр цэцэрлэгийн багш нарт нь сургалт орох хэрэгтэй болов уу. 


Гэр бүлийн хүрээнд “эрчүүдийн ажил, эмэгтэйчүүдийн ажил” гэх ялгаварлал байх ёсгүй


-Эрчүүдийн дунд “Эхнэр маань л хоолоо хийж, хогоо цэвэрлэх ёстой. Хүүхдээ асрах үүрэгтэй. Би айл гэрээ авч явж байгаа хүн ахуйн, жижиг асуудалд орооцолдохгүй гэх нь бий. Мөн л жендэрийн хэвшмэл буруу ойлголт байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Маш буруу ойлголт. Гэр бүлийн хүрээнд харилцан ойлголцол, хүндлэл байх ёстой. Эхнэр нь боломжгүй, завгүй бол нөхөр нь хоол хийгээд, хогоо цэвэрлэх нь байх л зүйл. Ингэлээ гээд “Чи дандаа ажлаасаа оройтож ирэх юм. Чиний хийх ёстой юмыг чинь би хийлээ” гэх нь байж боломгүй асуудал. 

Цаашилбал, энэ хандлагыг олон зүйлээс харж болно. 

Жишээлбэл, манай нэг найз санаанд орж байна л даа. “Гэртээ хөшиг сонгоход миний оролцоо байхгүй. Би хэллээ ч миний санаа дэмжигдэхгүй. Би угаасаа энэ тал дээр мэдрэмжгүй. Манай эхнэр нь мэдээд авна” гэж ярьдаг байхгүй юу. Эндээс хоёр зүйл анхаарагдана. 

Нэгдүгээрт, эрэгтэй хүн “би мэдэхгүй, би мэдрэмжгүй” гэхийн цаана гэр орны ажлаасаа хойш сууж байна. Залхуурч байна. Аар саар ажлыг эхнэр л хийх ёстой гэсэн буруу бодол тархинд нь суучихсан. Нөгөө талаар, ийм асуудал дээр эмэгтэйчүүд ч жендэрийн мэдрэмжтэй, эрх тэгш харилцааг эрхэмлэх хэрэгтэй. “Гэртээ ямар хөшиг авах вэ, чамд ямар санагдаж байна, яах вэ?” гэж асуудаг байх хэрэгтэй. Саналыг нь сонсдог байх ёстой. Ингэж байж, гэр бүлд харилцан нэгнээ хүндэлсэн, эрх тэгш харилцаа үүснэ. Ерөөсөө уламжлалт, хэвшмэл буруу ойлголтоосоо бид салах цаг болсон. Тэгэхгүй бол наад зах нь хүүхдэдээ буруу үлгэр дууриалал болно шүү дээ. 

Хоёрдугаарт, Аав, ээж хоёрыгоо яаж харилцаж байгааг хараад, хүүхэд ирээдүйд ямар хүн болох нь төлөвшинө. Аав, ээж хоёр нь нэгэндээ хүндэтгэлгүй ханддаг бол ирээдүйд тэр хүүхэд эхнэртэйгээ тэгж л харилцдаг болно гэсэн үг шүү дээ. Зарим гэр бүлд эхнэр, нөхрийн аль нэг нь давамгайлж, ганцаараа мэдэж шийдвэр гаргах нь элбэг. 


-Ер нь, манай улсад эхийн эрхт, эцгийн эрхт ёсны алиных нь шинж давамгай байна гэж та хардаг вэ?

-Үе үеэрээ л ялгаатай байгаа юм. Гэр бүл бүрийн, хүн болгоны туулсан амьдрал өөр учраас нийтээр нь дүгнэхэд хэцүү. Гэхдээ боловсролын зааг ялгаанаас болж хэрүүл, гэр бүлийн харилцааны асуудал их гардгийг харж болохоор байгаа юм. Ер нь, бие биенээ сонсож, хамтдаа шийдвэр гаргаж байх нь чухал. Ингээгүйгээс тэгш бус байдал үүсдэг. Дээр би дурдсанчлан, айл гэрийн ажлын үүнийг нь нөхөр, түүнийг нь эхнэр мэднэ. Үүнийг манай эхнэр л мэддэг шүү дээ, аль эсвэл нөхөр маань л мэддэг шүү гэх нь асар өрөөсгөл. 

Нийтээр нь харвал, жендэр, жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголт хөдөөг бодвол хотод арай дээгүүр, иргэд мэдээлэлтэй байна уу даа гэж анзаарагддаг. 


Жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголт эрчүүдийн байр суурийг ганхуулах гэсэн оролдлого огт биш

-Жендер гэхээ эрчүүдээ ад үзэж байна гэдэг. Энэ чиглэлээр ажиллаж явахдаа та яг юуг олж анзаарсан бэ?

-Энэ нь эрчүүдэд ачаа нэмж үүрүүлэх гээд л байгаа хэрэг биш. Тэр хүний байр суурийг нь эзлэх гээд байгаа асуудал ч огт биш юм. Монгол эрчүүд одоо хэр нь уламжлалт сэтгэлгээнээсээ салж чадаагүй байгаа учраас л “Би гэрийн эзэн. Айл гэрийн хийморь нь. Тийм учраас хойморт суучихаад л хоолоо аягалуулж байх ёстой” гэсэн бодолтой. Тэгэхээр энэ байдал нь, жендэрийн эрх тэгш харилцаа биш гэдгийг эрчүүд ойлгомоор байна. 

Гэр бүлийнхээ үүрэх ачаагаа хамтдаа үүрээд, нэг зүгт алхмаар байна. Үр дүнд нь эрчүүд л хожно. 

Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь эрчүүдийн байр суурийг ганхуулах, доош нь хийх гэсэн асуудал огт биш гэдгийг дахин хэлье.


-Ярилцлагын төгсгөлд та гэр бүлийн харилцагаа хэрхэн зөөлрүүлж, жендэрийн эрх тэгш, мэдрэмжтэй харилцааг эрхэмлэх талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-АНУ-ын дээд шүүхийн шүүгч (Ruth Bader Ginsburg) яриа санаанд их ойр буудаг юм. Гол санаа нь, “Амьдрал дээр дуугүй болох хэрэгтэй цагтаа амаа жимийгээд сурчих хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Муйхарлах гэдэг бол уур уцаар.

Өөрийгөө өөрчлөх ямар хэцүү билээ дээ. Гэтэл бусдыг өөрчилнө гэдэг түүнээс ч хэцүү. Тэгэхээр хүнийг байгаагаар нь хүлээж авч, хүлээн зөвшөөрч сурах нь их чухал юм.

Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд, эрчүүд маань бусдыг эхнэрээ, найз охиноо “эмэгтэй хүн гэдэг оршихуйгаар нь хүндэтгэж харилцаасай. Эрх тэгш байдал гэхийн цаана бидний хүсээд байгаа хөгжил, бүтээмж бий шүү дээ

-Ярилцсанд баярлалаа.