“Новел инвестмент” компанийн захирал, эдийн засагч Д.Ангартай зээлийн хүү тойрсон асуудлаар ярилцлаа.


-Өнөөдөр С.Эрдэнэ гишүүн зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг өргөн барьж байна. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол Монгол улсын эдийн засагт ус агаар шиг хэрэгтэй хууль . Энэ хууль байхгүй учраас банкууд хүүлэлтийн системд  орж эдийн засаг нь гажуудаж, ААН-үүд нь өрөнд баригдаж, иргэд нь ажлын байргүй болох шалтгаан болсон. Улсын төсөв нь хүртэл алдагдалд орчихлоо. Учир нь зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засаг дахь бүх ашгийг сорж авчихаад байгаа хэрэг. Харамсалтай нь сүүлийн 27 жил барьж ирсэн санхүүгийн салбар дахь төрийн бодлого маань 3 сая иргэнд биш 10 мянга хүрэхгүй хүнд зориулагдсан. Тэгэхээр тэр 10 мянган хүн нь 3 сая хүнээ хүүлдэг систем л бий болсон гэсэн үг. 


-Нөгөө талаас Монголбанкныхан хүү буурахгүй бодит шалтгаанууд нь гээд баахан тайлбар хэлдэг шүү дээ.

-Яг ний нуугүй хэлэхэд манай Монголбанк төв банк гэдэг утгаараа хөгжиж чадаагүй. Өнөөгийн нөхцөл байдлыг хар л даа. Уг нь 27 жил гэдэг аль ч улсын хувьд урт хугацаа. Энэ бол үгээгүй ядуугаас Азийн бар болох хэмжээнд хөгжих хугацаа. Гэтэл Монголын санхүүгийн зах зээл /Монгол банктай холбоотой/ юу болж байна.

Бид дэлхийд зээлийн хүү өндөртэй орнуудын жагсаалтын 3-д орж байна. Энэ бол Монголд төв банк гэдэг интитуци ерөөсөө хөгжөөгүйн илрэл. 

-Та тэгвэл зээлийн хүү өндөр байгаад  шууд төв банктай холбоотой гэж үзэж байгаа байх нь ээ?

-Санхүүгийн зах зээлээ зохицуулж байгаа интитуци нь Төв банк. Тэгэхээр энэ бүхэн төв банкны үйл ажиллагаатай л холбоотой асуудал. Үүнд би Монголбанкны ерөнхийлөгчөөр ажилласан, ажиллаж байгаа хувь хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Ерөөсөө интитуцийнх нь асуудал. Төв банк нь өнөө хэдэн банкаа л унагачихгүй гэсэн бодлого барьдаг. 

Банкуудаа дампууруулахгүй гэсэн бодлого нь явсаар нийт эдийн засгаа гажуудуулсан. Шуудхан хэлэхэд Монголд банкны систем гэж байхгүй болчихлоо. Монголд нэг ширхэг банк байхгүй. Бүгд банк нэртэй ломбардууд. Гадныханд манай банкууд жилийн 30-40 хувийн хүүтэй зээл олгодог гэхээр толгой сэгсэрдэг. Энэ бол дэлхийд байхгүй өндөр хүү. Үүнийг олон улсын стандартаараа ломбард гэдэг. Дахин хэлэхэд өнөөдрийг хүртэл жинхэнэ банк алга. Ерөөсөө энэ маань л 27 жил санхүүгийн салбар дахь төрийн бодлого буруу явж ирсний үр дүн. 


-Та сая хэллээ. Зээлийн хүү өндөр байх ёстой өөр шалтгаан бий юу,  улс төрчид үүнийг янз бүрээр л тайлбарладаг?

-Энэ бол тархи угаасан хиймэл шалтагууд. Монгол бол хэдэн тэрбум доллараар яригдах газрын баялагтай, худалдаж авах зах зээл нь  ойрхон. Ийм байхад  өндөр зээлийн хүүтэй байх ёстой гэж ярьдаг нь утгагүй зүйл.  Манайд хүүлэлтийн системийг зохиомлоор бий болгосон. 


-Төв банкныхан инфляци өндөр байгаа учраас хүү өндөр байна гэж тайлбарладаг. Харин таны бодлоор...?

-Энэ бол эдийн засаг, санхүүгийн ямар ч ойлголтгүй хүмүүсийн яриа. 


-Яагаад?

-Мөнгө гэдэг зүйл маань инфляциас хамгаалагдаж байх ёстой нь үнэн. Тэгэхгүй бол үнэ цэнээ алдана. Харин энэ шийдвэрийг тухайн хүн өөрөө гаргах ёстой. Дараа жилийн инфляцийг 8 хувиар төсөөлбөл хөрөнгө оруулалтын гарцаа хайж эхлэх ёстой. Тэр нь хувьцаа бонд авах эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, жижиг бизнесээ эхлүүлэх гэх мэт. Энэ мэтээр санхүүгийн зах зээлд янз бүрийн хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс сонголт хийнэ. Хэрэв манай зохиомол санхүүгийн зээл байгаагүй байсан бол иргэд өөрөө шийдвэрээ гаргана гэсэн үг. Ингэж байж инфляциас давсан өгөөжөө олно.

Гэтэл одоо Төв банк төдийгүй арилжааны банкууд өнөө л хадгаламж зээлийн хүүгээс, инфляциас өндөр байх ёстой гэсэн тэнэглэл нь явсаар нийт эдийн засгаа залхуу болгочихсон.

Иргэдийг өөрсдийнхөө толгойг ажиллуулах боломжийг нь огт олгохгүйгээр л төр та нарыг мөнгийг хамгаалаад өгнө гэчихсэн. Тэр хамгаалуулж байгаа нь ердөө 10-хан мянган хүн бий.

Инфляци 8 хувь байхад хадгаламжийн хүү 15 байх жишээтэй.  Энэ хүмүүсийн инфляциа хамгаалах зардлыг нь ард иргэд нь бараа бүтээгдэхүүнийхээ үнэд шингээгээд үүрч байна. Тэгэхээр л одоогийн Төв банк болон арилжааны банкуудын ярьдаг хадгаламжийн хүү инфляциас өндөр байх ёстой гэдэг тэнэглэл нь нийт эдийн засгаа, санхүүгийн зах зээлээ гажуудуулаад байна. Хэрэв ийм тэнэглэл байгаагүй бол манай улсын санхүүгийн зах зээл бусад улс шиг зах зээлийнхээ зарчмаар хөгжих ёстой байсан юм.


-Магадгүй хөрөнгийн зах зээл нь илүү хүчтэй хөгжсөн байх ч юм билүү?

-Яг ингэж л хөрөнгийн зах зээлийн жамаараа хөгжих бүх нөхцлийг нь манай төрийн бодлого хаагаад хаячихсан. Мөнгөтэй хүмүүст мөнгөө хаашаа ч хийх хэрэггүй, банкинд өг гэсэн бодлого хэрэгжүүлсний л үр дүн.


-Та үүнийг цаашид яах ёстой гэж хардаг вэ?

-Ерөөсөө зээлийн хүүг л буулгах ёстой. Зээл гэдэг санхүүгийн бүтээгдэхүүн. Өнөөдрийг хүртэл Монголын арилжааны банкууд зээл гэдэг зүйлийн утга учрыг ойлгоогүй явж байна. Үүний цаана үйлдвэрлэл явагдана, ажлын байр бий болно, хүмүүсийн цалин тавина, борлуулалт хийж байж эцэст нь тэр ашгаасаа зээлийн хүүг төлдөг. Зээлийн 20-30 бүр 40 байгаа нь бизнесийнх нь моделийг гажуудуулчихаад байна. Үүнийг дахин тооцоолох шаардлагагүй. Бизнесийн моделиос л харагдана. Миний тооцоогоор бол  бизнесийн зээлийн хүүг жилийн 5 эсвэл 10 болгож болно. Хамгийн дээд тал нь 15 байж болох зүйл.  Тэгж байж үйл ажиллагаа явуулаад ард нь зээлээ төлөх чадвартай үлдэнэ. 


-Тэгвэл нэлээн хэдэн банк хаалгаа барихад хүрэх байх…?

-Дампуурах ёстой байхгүй юу. Нэгэнт эдийн засагтаа шаардлагагүй институци байх хэрэггүй. Яг одоогийн Монголын эдийн засагт ямар ч банкны хэрэгцээ алга. Мөнгөтэй хүн нь тухайн компанийхаа хувьцаа бондыг худалдаж авна, санхүүжүүлчихнэ. Компаниуд шаардлагатай санхүүжилтээ авчихна. Харин дунд нь байгаа ямар ч хэрэгцээгүй, зохиомлоор бий болгосон энэ институци эдийн засгийг гажуудуулчихаад байна. Зээлийн хүүг 10 байх ёстой байхад 20-30 бүр 40 болгоод байгаа биз дээ. 40 хувийн зээлийн хүүг дийлдэг ААН гэж Англи, Америк, Японд, Австралид ч байхгүй. 


-Зээлийн хүүг Монголын эдийн засгийг гажуудуулж буй өөр жишээ байна уу?

-Хятадын зээлийн хүү 4 хувь байдаг. Тэгэхээр манай банкныхан бас л шалтаг хэлсээр Монголд зээлийн хүү 30  байхаас өөр аргагүй гэж л итгүүлдэг. Гэтэл энэ хоёр тооны зөрүүнээс болоод Монголд байгаа бизнес нь байхгүй болоход нөлөөлж байна. Ноолуурыг аваад үзье л дээ. Монгол дэлхий дээр байгаа ноолуурын 40 хувийг бэлтгэдэг. Газрын тосоор ярьвал Саудын Араб гэсэн үг. Манайх ноолуурын үнийг тодорхойлж байх ёстой газар. Гэтэл зээлийн хүү өндрөөс болоод энэ төрлийн бизнес хийсэн ААН, компаниуд дампуурчихдаг. Яагаад гэвэл Хятадын бизнес эрхлэгчид 4-хөн хувийн хүүтэй зээл аваад Монголд орж ирээд ашиг хийж байна. Одоо ноолуурын салбарын 99,9 хувийг Хятадууд атгачихлаа. 

Энэ бол Хятадуудын сайндаа биш Монголчуудын муудаа биш зүгээр л манай санхүүгийн системийн л алдаа. 

Тэгэхээр манай зээлийн хүү 4 болж байж л Хятадуутай өрсөлдөхөөс өөр аргагүй. 


-Хэрэв энэ чигээрээ зээлийн хүүг буулгахгүй урагшилбал юу болох вэ?

-Хэрэв сүүлийн 27 жил бүтээгүй онолоо цаашид яриад явбал үндэсний үйлдвэрлэл, үндэсний компаниуд байхгүй болно. Одоо зээлийн хүү эдийн засгаа бүрэн дампууруулаад эхэлж байна. Жишээ нь Монголд ашигтай ажиллаж байгаа компани байна уу, жил болгон төлөх татварын хэмжээг нэмж байгаа байгууллага бараг алга. Энэ бол зээлийн хүүгийн золиос. Харин ч манайхан энэ өндөр хүүг 27 жил тэслээ. Англи, Америк, Канадад бол хэдийнэ дампуурсан. Үүнийг төр нь мэддэг учраас бодлогоо хэдэн хүүлэгчдэд биш ААН, иргэддээ ээлтэйгээр явуулдаг. 

Сайд дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэг харахаар олон зуун сая, тэрбумаар хэмжигдэх хадгаламжтай байдаг. Мэдээж тэд эдийн засгаа хүүлж байгаа болохоор асуудал ярьдаггүй биз. 


-Тэгэхээр тэр өндөр хүүтэй зээлээр бүтсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч манайхан гадныхантай өрсөлдөх ямар ч чадваргүй болчихож байгаа юм…?

-Угаасаа өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Ганц өрсөлдөх юм нь нүүрс. Ноос ноолуурын зах зээлээ хүртэл алдчихлаа. Хуучин социализмын үед бас ч гэж хэдэн үйлдвэртэй байлаа. Бид гутал цамцаа үйлдвэрлэж байсан. Гэтэл хүүлэлтийн систем үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон болгосон. Хэрэглээний эдийн засаг гэдэг цаагуураа маш хортой. Эдийн засгийнхаа ихэнх валютыг гадагшаа урсгадаг учраас.  


-Банкны салбарт гадны хөрөнгө оруулалт татах, олон улсын банкны талаар яригдаж эхэлдэг. Энэ тал дээрх таны байр суурь?

-Саяхан болсон Ерөнхий сайдын айлчлалаар Монголын банкуудын төлөөлөл Хятадын хямд хүүтэй зээлийг авсан. Өөрсдөө тэр хямд хүүтэй зээл рүү тэмүүлдэг байж бусад ААН, иргэд авах гэхээр хуулиар далайлгаад хаачихдаг нь дэндүү шударга бус. Энэ бол төрийн том гажуудал. Үүнийг л өнөө маргаашгүй засах ёстой. Монгол улс оршин тогтнохын гол баталгаа нь иргэд ААН-үүд шүү дээ. Дотоодын компаниуд хүчтэй байж л эдийн засгийнхаа баталгаа нь болдог. Нэг хоёр биш нийтээрээ ажлын байртай болж татвар төлж байж өргөжиж дэвжинэ.