Монголд гарааны бизнесийн нутагшуулсан түүнийг Д.Бат-Октябрь гэдэг. “Startup”-ийн Око нэрээр алдаршсан тэрээр олон залууст мөрөөдлийнхөө төлөө яаж хөдөлмөрлөх ёстойг үлгэрлэдэг нэгэн. Багадаа цагдаа болохыг мөрөөддөг байсан түүний ертөнц сурагч байхдаа Америк явснаар бүрэн өөрчлөгдөж. Дэлхийн шилдэг инкубатор, хурдасгуур хөтөлбөрүүдийн нэг Techstars компанийн Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябрьтай ярилцлаа.

-Анх хэзээ гадагшаа явж байв?

-Миний анхны оролцсон хөтөлбөр 18 орны орны 36 хүүхэдтэй жижиг солилцооны программ байсан. Тэд нарын дунд би юу мэдэрсэн гээч. Нас чацуу боловч тэр хүүхдүүд тэлж сэтгэж чаддаг, мөрөөдөл нь минийхээс том бас боломж байдаг гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Үүнээс хойш л мөрөөдөж эхэлсэн. Одоо ч гэсэн яаж илүү том мөрөөдөх вэ гэж хичээдэг. Яагаад гэвэл хүссэн зүйл биелээд байгаа учраас. “Хөдөлмөрлөж байх үед хүрэх газар мөрөөдлөөр л хязгаарлагдана” гэдэг үгэнд би дуртай, ханан дээрээ хүртэл биччихсэн. Ерөөсөө л энэ. Миний мөрөөдсөн бүхэн биелчихээр юунд харамсдаг гээч?


-Юунд?

-Илүү том мөрөөдөх минь яав гэж боддог. Хамгийн гол нь тэр мөрөөдлийн эрч хүч, итгэл үнэмшлийг авч явахын тулд орчин маш чухал. Америкт очсон минь надад хүчтэй нөлөөлсэн. Мөрөөдөж л байвал биелдэг гэдгийг олж харчихсан учраас сөрөг байх боломжгүй. 


-Тэгвэл  “Startup Мongolia”-г эхлүүлсэн  түүхээсээ хуваалцаач?

-Миний үзэж харсныг Монгол залуус мэдрээсэй, боломж байгааг ашиглаасай, манайхан ч гэсэн чадна гэсэн бодолтойгоор эх орондоо ирсэн. Ингээд Америкт хамт сурч байсан Билэгбаатартайгаа уулзаад “Хоёулаа Монголд гарааны бизнесийг хөгжүүлье гэж ярилцсан. Бараг сарын дараа л анхны “Startup”-ийн хувилбар арга хэмжээг хийсэн дээ. Тухайн үед гарааны бизнес гэдэг нэр томъёо ч байсангүй. Startup, entrepreneur л гэж ярьдаг, ойлгодог хүн  нь цөөхөн. Ингэж ТББ-ынхаа суурийг тавьж Бизнес радиогоор “Гарааны бизнес” гэж нэвтрүүлэг хөтөлж эхэлсэн. Одоо бол гарааны бизнес гэвэл бүгд ойлголттой болжээ. Телевизээр л энэ төрлийн нэвтрүүлэг ч олон болчихлоо. 

-Анх эхэлж байсныг бодвол гарааны бизнес эрхлэгч хөл дээрээ зогсчихсон уу?

-Бид нараас хамаарсан гэвэл цөөхөн байх. Нэр томъёо дээр бас маргаан бий. Жижиг дунд бизнесийг гарааны бизнест оруулах тал дээр эргэлзээ бий. Ерөнхийдөө эрсдэл авч байгаа шинэ эхэлж байгаа болгон гарааны бизнес мөн л дөө. Гэхдээ тусад нь томъёо болгож хөгжүүлэх гэж байгаа бол хүссэн, хүсээгүй технологи дээр суурилсан хэдийгээ сонгох хэрэгтэй. Бүх уламжлалт салбар эвдэгдэж байна. Хамгийн сүүлийнх нь банк үүний дараа боловсрол, эрүүл мэндийн салбар байх болно. 

-Ирээдүйд банкгүй болно гэж үү?

-Эхнээсээ нэвтрээд эхэлчихлээ. Цаашид банкны салбарууд байхгүй болж гар утсаараа л энэ төрлийн ажлыг амжуулна. Яг үнэнийг хэлэхэд ирээдүйд банкинд өөр хэн нэгэнд мөнгөө байршуулна гэдэг ойлголт байхгүй болно. Даатгал ч бас ижилхэн хэлбэрээ өөрчилнө. Уламжлалт хувилбар эдийн засгийн хувьд амаргүй тийм учраас эрсдлийн магадлалыг нь технологи ашиглаад хамаагүй хялбархан таамаглаж чаддаг болно. Эсвэл бүр блокчейн шиг тараагаад хүн болгон нэгийгээ даатгасан хэв маяг ч үүсэх боломжтой. 50 хүнтэй компани байлаа гэхэд өөрсдөө даатгалаа аваад явж болно биз дээ. Энэ мэтээр ирээдүйд боловсрол, эрүүл мэндийн салбар бүгд өөрчлөгдөнө. Төр хүртэл яаж өөрчлөгдөж байгааг Испани улсаас хараарай. Энэ улсад бүх зүйл онлайнаар явагддаг. Сонгуул нь хүртэл.


-Монголд хэр хурдан нэвтэрнэ гэж хардаг вэ?

-Зарим салбар дээр дэд бүтэц жижигхэн орон учраас товчлох давуу тал байна. Жишээ нь манай үүрэн телефон, банкны хөгжил зарим орнуудтай харьцуулахад хамаагүй өндөр.  Азид тэргүүлэх жишээ болохуйц гэж болно. 60  сая хүн амтай Мянмар улс гэхэд хүн амынх нь 15-хан хувь нь банкинд данстай. Бусад нь банкны дансгүй, хоорондоо хадгалсан мөнгөөрөө худалдаа хийж байна. Гэтэл өнөөдөр Монголд эсрэгээрээ цаасан мөнгөний хэрэглээ бага. Бид санал нэгдээд зүтгэвэл бүрэн чадвар боломж нь бий. Израйл, Сингапур, Солонгосын жишээг хар л даа.

Сингапур гэхэд 5,5 сая хүн амтай байж яагаад ДНБ нь манай улсаас 30 дахин их байгаагийн нууц нь ердөө л гарааны бизнесийн зөв зохион байгуулалттай эко системийг бүрдүүлж чадсан. Технологиос гарч байгаа эдийн засаг дахь нөлөө асар том. 

-Үүнд төрийн үүрэг оролцоо хэр орох вэ, эсвэл жамаараа хөгжих үү?

-Нэг хүн хэчнээн яриад ч Монголд томоохон гарааны бизнес эхлүүлэхэд хэцүү. 

Мэдээж системийн хэмжээний өөрчлөлт хийхийн тулд 20 жил хэрэгтэй. Үүнд төр төдийгүй хүн бүхэн үүрэгтэй. Төрийн үүрэг гэхэд хууль эрхзүйн орчин, боловсролын системд анхаарчихад болно. Хуулийн өөрчлөлтийг ч яахав хурдхан хийж болно, харин боловсролыг 10 жил түүнээс ч урт хугацаа зарцуулж байж ирээдүйд өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлдэнэ. Өнөөдрийн нэгдүгээр ангийн хүүхдийг одооноос бэлдэж байж дунд сургуулиа төгсөхөд дэлхийд өрсөлдөхүйц болгоно гэсэн үг. Бусад тал дээр бол төр харин ч оролцоогоо багасгах хэрэгтэй. 


-Жак Ма, Стиб Жовс шиг шууд хичээл сургуулиа хаяад гарааны бизнест хүч сорих бодолтой залуус нэлээн болчихлоо. Тэр залуус юу гэж зөвлөх вэ?

-Мэргэжлийн хөрөнгө оруулагчаас интернэт дахь сурталчилгааг зөв байршуулдаг апплейкшн хийж, хамгийн том мөнгө босгосон залуу 17-той байсан. Бас QR код уншигч хийсэн залуугийн жишээ ч бий. Гэхдээ статистик харвал тийм магадлал нь тун бага. 

Амьдралын, ажлын туршлагагүй, хүнтэй харилцаж чаддаггүй, хөдөлмөрийн амтыг мэдэхгүй ийм хүмүүс гарааны бизнес эхлүүлвэл 99 хувь нь чадахгүй.

 Авъяас чадвартай хэдхэн хүн үүнийг хийдэг юм. Тэр хүмүүсийн туршлагыг ч гэсэн харахад өмнө нь юм хийчихсэн, замаа товчилсон улс л байдаг.   Startup гэдэг чинь бизнес эрхэлж байгаа асуудал.  Өнөөдөр бизнес эрхлэхэд хүнд ямар мэдлэг чадвар зан чанар, тэвчээр хэрэгтэйг ойлгож мэдэрчихсэн байвал зүгээр. Залууст хэлэхэд өмнө нь хөдөлмөрлөөд үзчихвэл ерөөсөө буруудах юм байхгүй.  Саяхан Монголд АНУ-ын элчингийн урилгаар ирээд явсан хүн “10 хувийн энтрепренер” гэдэг ном гаргасан байсан.  Энэ номонд  

бүтэн цагийн ажлаа хий, цалингаа ав, амьдралаа авч яв, зөвхөн чөлөөт цагаараа “Amazon” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жефф Безос шиг оройн цагаар код бичиж байгаад компаниа үүсгэ гэж бичсэнийг уншлаа. Ер нь суурь хүн нь өөрөө зөв, сайн байх ёстой, тэгж байж энтрепренер болно. 

-Гарааны бизнес эрхлэгчдийн гол бүдэрдэг зүйл нь юу байна?

-Монголын цөөхөн залуус олон улсын компаниудад ажиллаж байна.  Тэд нар бүгд л тэргүүлэх салбарт ажилладаг. Тэгэхээр бидэнд суурь  оюуны чадамж, потенциал цусанд байгаа нь ажиглагддаг. Сул тал нь юмыг товчлох дуртай,  тэвчээр муутай, туршлага багатай. Гэхдээ энэ бол аль ч орны залуу хүнд байдаг алдаа л даа. Технологийн салбарт угаасаа манай орны туршлага бага байна.  


- Энэ чиглэлээр бизнес эрхэлдэг хүмүүст татварын орчин нь хэр ээлтэй вэ?

-Уг нь бүтэц нь байгаа юм. Гэхдээ боловсрол мэдээлэл муутайгаас үүний давуу талыг ашигладаг нь цөөхөн. Үнэнийг хэлэхэд Монголын бизнесийн орчин тун боломжийн. 


-Гаднаас хөрөнгө босгох боломж нь хэр байна?

-Босгосон сайн жишээ цөөнгүй. Гэхдээ англи хэл гэж том зангуу байна. 

-Хэлний бэрхшээл саад болдог  байх нь ээ?

-Уг нь залуус бүгд хэл ямар хэрэгтэйг мэддэг. Тэгсэн хэрнээ ажил хэрэг болгож сурахгүй байна. Манайхан том хожил хүсээд жижиг зүйл дээр анхаардаггүй.  Гэтэл тэр олон жижиг зүйлс чинь том хожил болдог. Өнөөдөр таван үг цээжлэнэ гэдэг сонсоход амархан, энгийн зүйл юм шиг боловч урт хугацааны дараа хамгийн зөв алхам байх болно. 


-Зарим залуус мөнгө байвал олон юм эхлүүлэхээр байна гэж ярьдаг. Ийм зовлон хэр сонсдог вэ?

-Нэг үеэ гайгүй болчихсон. Угаасаа надтай ийм зүйл ярьвал хөөгөөд явуулчихна гэдгийг мэднэ (инээв) Хүсэхгүй байгаа зүйлээ л хүн ингэж ярьдаг. Хэрвээ үнэхээр хийе гэж байвал арга учрыг нь заавал олдог.  Яагаад гэвэл хийчихсэн мундаг залуус зөндөө байна шүү дээ. Өөрийгөө олоод би үүнийг үнэхээр хийнэ гэвэл боломж дүүрэн гэж хардаг. 

-Өөрөө Techstars-ийн Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал байх аа?

-Анх энэ компанид гурван жилийн өмнө ороход Малайз дахь оффисыг хариуцаж байсан дараа нь Зүүн Өмнөд Азийг хариуцан  одоо Ази Номхон далайн бүсийг хариуцан ажиллаж байна. Бүх зүйлс харилцаан дээ тогтдог. Бид харилцаатай байсан болохоор тухайн компанид миний хийж чадах үнэ цэн байсан, надад ч тохирсон. 


-Харилцаа гэснээс өөрөө анхнаасаа ийм нээлттэй байсан уу гадагшаа явж сураад өөрчлөгдсөн үү?

-14-тэй анх гадагшаа явж байсан. Тэр үеэс л нээлттэй болсон болов уу. Гэхдээ би онц сурлагатан ч гэсэн чимээгүй хүүхэд байгаагүй. Юм бүхэнд оролцоотой, спорт, урлаг гээд чадахаараа оролцоод явдаг хүүхэд байсан.


-Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлэх дуртай вэ?

-Тэр чинь харин хэцүү дээ. Хагас бүтэн сайн өдрөө амрахыг хичээдэг. Би Америкт байхдаа дөрвөн жил скуашаар хичээллэж, бүр Reed College-д багшилж байсан удаатай. Одоо Сингапурын лигт тоглож байна. 


-Амьдралын хэмнэл?

- Би бараг долоо хоног болгон ажлаараа нааш цааш явж аялдаг жилдээ дундажаар зуун нислэг хийдэг. Энэ жил гэхэд 92 дахь нислэгээ хийжээ. 


-Гэр бүлтэй юу?

-Гэр бүлтэй болоогүй. 35 хүрч байж энэ талаар бодно. Энэ насан дээрээ ид хөдөлмөрлөх цаг гэж боддог.


-Өөрийгөө азтай гэж боддог уу?

-Мөрөөдөл ажил хоёр минь нийлчихсэн учраас би өөрийгөө азтай хүн гэж боддог.  Хүүхдээс “Чи том болоод юу болдог вэ” гэж асуухад зүрхнээсээ хүсч байгаа зүйлээ хэлдэг. Хэрэв тэр нь ирээдүйд ажил болчихвол болох  нь тэр.

-Тэгвэл өөрөө ямар мэргэжилтэй болно гэж боддог хүүхэд байв?

-Анх цагдаа болно гэж боддог байлаа. Аав цагдаа учраас шүү дээ. Харин 14-тэй гадаад явж үзсэнээс хойш өөрийнхөө юмыг хийх хэрэгтэй юм байна гэдгээ мэдэрсэн. Жил ирэх тусам хүн өөрийгөө илүү таньдаг юм байна. 


-Өөрийгөө яаж таних ёстой гэж боддог вэ?

-Өөрийгөө таних эхний алхам нь боловсрол диплом гэхээсээ илүү би хэн бэ гэдгээ, би юу хийх дуртайгаа,  юуны төлөө өдөр шөнөгүй 100 хувь зүтгэхэд бэлэн байна гэдгээ, өөрийнхөө нийгэм  дэхь үнэ цэнийг юу гэж бодож байгаагаа эсвэл өтөлсөн хойноо эргэж хараад юунд харамсахгүй байх ёстой гэсэн асуултыг би өөрөө өөртөө тавих ёстой юм уу даа. Ингэвэл хариулт нь гараад ирнэ зөв мэргэжлээ сонгоно гэж боддог. Залуустай уулзахдаа би “Бүх зүйл боломжтой байсан бол... чи яг юу хүсч байна” гэж асуудаг. Ээж аав зөвшөөрөх эсэх, мөнгөтэй мөнгөгүйгээс үл хамаараад яг юу хүсч байгаа нь чухал шүү дээ. Гэхдээ үүнийг ойлгоно гэдэг өөрөө олон жилийн процесс юм. Би ч гэсэн зарим зүйлсийг одоо д ойлгож байна. 


-Боловсрол гэдэг чинь тэгвэл диплом уу эсвэл?

-Хэрэв дээрх асуултанд хариулсан бол хариулт гараад ирнэ. Мэдээж сайн эмч, инженер болохын тулд сурахаас өөр аргагүй. Магадгүй стартап хийхийн тулд суралцах хэрэггүй ч байж болно. 


-Хоногийг хэдэн цагт нь ажиллаж байна?

-Миний хувьд ажил амьдралын зааг гэж бараг байхгүй. Долоо хоногийн 24 цаг онлайнд байдаг.  Одоо бол хувь хүнийхээ бүтээмжийг “хакердах” гэж зовдоггүй. Яаж эрүүл байх вэ, зарцуулж байгаа цагтаа бүтээмжээ бүрэн дүүрэн гаргах вэ, сэтгэл зүйн балансаа хэрхэн барих вэ гэдэгт анхаардаг болсон.  


-Энэ их эрч хүчийг хаанаас авдаг вэ?

-Спортоор хичээллэдэг, өглөө болгон бясалгал хийдэг. Эрч хүчтэй, урам зоригтой хүмүүстэй уулзах, юм хийе гэсэн ирмүүн хүсэлтэй залуустай уулзахдаа эрч хүч авдаг. Энерги сордог зүйлээсээ салчих хэрэгтэй. 


-Төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ?

-24, 36 сараар төлөвлөдөг. Үүнийгээ улирлаар задалдаг. Одоо бол өдөр цагаар төлөвлөх дуртай. Өнөөдөр гэхэд 5 уулзалттай. Ялангуяа над шиг явуулын байнга нааш цааш явдаг хүн ингэж календарчилж төлөвлөхгүй бол ажил бүтэхгүй. 


-Яг одоо бизнес эрхэлж байна?

-Гурван ч  Startup компанид 30 гаруй хүн ажиллуулдаг. Startup Mongolia TББ гэхэд өнгөрсөн жил 80 гаруй үйл ажиллагаа зохион байгуулсан. Бараг л долоо хоногт хоёр үйл ажиллагаа зохиогдсон гэсэн үг. Зарим үйл ажиллагаанд 60 сая төгрөг өгсөн компани байхад 600  мянган төгрөг өгсөн ч бий. Зарим нь ямар ч шагналгүй.  Ингэж бойжуулж байж бид дараачийн үеэ бэлдэж, шинэ үе рүү шилжинэ.  Мөн  Work central буюу хамтын оффис, инноваци консалтангийн Coln гээд компанитай. Энэ бизнесийг маань Дэлхийн банкинд ажиллаж байсан Энхболор гэж бүсгүй авч явдаг. Coln-ий хувьд одоо уламжлалт бизнесүүд инноваци руу орох гэж учраа олж эхэлж байна. Үүнд хэрэгтэй зөвлөгөө тусламжийг нь өгдөг.  


-Компаниуд яагаад заавал инновацийг нэвтрүүлэх ёстой вэ?

-Угаасаа инноваци бол компаниуд зах зээлд тэсч үлдэхийн тулд хийхээс аргагүй. Түрүүлж ойлгосон нь, нэвтрүүлсэн нь хөгжинө, урд алхана.  Монголын том компаниуд аль хэдийнэ ойлгоод эхэлж байна. Гэхдээ нэгэнт сууриа тавьчихсан компаниудын хувьд соёлоо, аргаа өөрчилнө гэдэг маш хэцүү. 


-Дундын оффис угаасаа дэлхий дахины хандлага болчихлоо. Work central хэр амжилттай ажиллаж байна. 

-Ажил амьдралын заагийг байхгүй болгочихож байгаа юм. Тийм учраас ажлын бүтээмж эрс өсдөг.  Хүн суугаад л байвал бүтээмж багасдаг. 


-Одоо юу мөрөөдөж байна?

-Хөрөнгө оруулалтын сан үүсгэх гээд ажиллаж байна.  Мөн Төв Ази руу чиглэсэн томоохон ажил төлөвлөсөн. Lend.mn шиг хэдэн Монгол компанийг олон улсад гаргамаар байна. Ёс зүйтэй зөв зорилгоор юм хийгээд явж байвал аяндаа болно. 


-Бахархдаг зүйл?

-Монголд хийсэн ажлын хамгийн сайхан нь олон хүний амьдралыг өөрчилж чадсан.  Хөрөнгө мөнгө, баялаг бол орж ирдэг, байхгүй болж л байдаг зүйл. Харин хувь хүмүүсийн амьдралыг өөрчлөх гэдэг хамгийн бахархалтай зүйл юм. Одоо нэмээд хэдэн хүнд туслалцаа хэрэгтэй байна, үүнийг хийгээд явбал том амжилт гэж харж байгаа. 


-Сошиалд хэр идэвхтэй вэ?

-Хийж байгаа ажлаа хүмүүст хүргэж чадахгүй бол үр дүн гарахгүй.  Сошиал өөрөө хэрэглэгчидтэйгээ харилцах арга учраас хэрэглэхээс өөр аргагүй.