Кэмбрижийн их сургуулийн антропологийн доктор, антропологич, МУИС-ийн багш Д.Бум-Очиртой монголчуудын үндэстний онцлог түүнийг тойрсон асуудлаар ярилцлаа. 


-Монголчуудын үндэсний онцлог нь ерөөсөө төрмөл, цусандаа байдаг гэж ярьдаг. Та судлаач хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Энэ бол хоёр түвшинд яригдах ёстой сэдэв. Нэг нь төрмөл нөгөө нь бүтмэл шинж чанар. Төрмөл гэдэг нь угаасаа бидний хэлж заншсан мах цусанд эсвэл гендээ байдаг. Харин бүтмэл гэдэг нь бүтээж бий болгосон эсвэл өөрөө бүтсэн шинж чанар. Энэ хоёр шинж чанараас гадна энэ хоёрын нийлмэл байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.

Манайхан харин бүх зүйлийг мах цусанд байгаа мэтээр ойлгож нийгэм, соёлын бүтмэл хэв шинжийг дурдалгүй хаягдуулах гээд байдаг.

Жишээ нь манайхан сүүлийн үед хүчний төрлийн спортод түлхүү амжилт гаргаж байна. Энэ бол биемахбодын хүчин зүйл учраас ёстой генд нь байж болох зүйл. Тэгвэл оюун ухааны спортод амжилттай явааг цусанд нь байгаа чадвар гэх үү эсвэл нийгмийн хөгжлийн явцад олж авсан бүтмэл чадвар уу гэдэг эргэлзээтэй зүйл. Аль нь ч байлаа гэсэн дасгал сургуулилт хийж, нийгмийн бүтээх үйл явцад оруулахгүйгээр амжилт гаргана гэдэг хэцүү. Жишээ нь хурдан морины шандас нь гендээ байж болно. Гэхдээ уяач уяа сойлгыг нь тааруулахгүй бол хурдан удмын үрээ ч сайн хурдлахгүй байх. Бөх ч ялгаагүй. Хэчнээн бяр чадалтай, бөхийн удамтай хүн байлаа ч гэсэн дасгал сургуулилтыг хийхгүйгээр шууд давхиж ороод олимпийн алтан медаль авна гэвэл эндүүрэл. Тэгэхээр тэр уяа сойлгыг нь тааруулж, дасгал сургуулилт хийнэ гэдэг өөрөө нийгмийн хүчин зүйл буюу бүтмэл эсвэл бүтээмэл зүйл гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй. Үндэстний аливаа онцлог ийнхүү төрөх, бүтэх эсвэл бүтээх үйл явцын аль нэгийнх нь эсвэл бүгдийнх нь үр дүн байдаг. 


-Тэгвэл улс үндэстнүүдийн бид бусдаас илүү, бидний угсаа гарвал тэнгэрлэг гэсэн итгэл үнэмшлийг юу гэх вэ?

-Аливаа нэг үндэстэн тэнгэрлэг төрдөг үү гэдгийг ямар ч шинжлэх ухааны ямар ч салбар нотолж чадахгүй. Харин ингэж ярихыг оролдсон тохиолдлууд зөндөө. Байгалийн шалгарал, хувьслын онолыг авч ашигласан колончлолын номлолоор бол цагаан арьст эрэгтэй хүн хүний хөгжлийн дээд шатыг илэрхийлдэг гэх ойлголтыг түгээсэн байдаг. А.Гитлер гэхэд ари үндэстэн бол хүн төрөлхтний хамгийн шилдэг нь гэж тунхаглахыг оролдсон. Гэтэл иймэрхүү ойлголт шинжлэх ухааны үүднээс учир дутагдалтай, тухайн үндэстэн эсвэл арьстны өөрийгөө онцгойлох гэсэн оролдлого төдий зүйл.

Шинжлэх ухаан ч ер нь хэн ч аль үндэстнийг тэнгэрээс үү эсвэл юунаас заяат төрсөн гэдгийг хэлж бас нотолж чадахгүй шүү дээ. Энэ шалтгаанаар заримдаа үүнийг мухар сүсэг ч гэж хэлдэг. Тиймээс энэ бол шинжлэх ухааны гэхээсээ илүү итгэл үнэмшлийн асуудал. Ардчилсан ёсоор бол хүний итгэл үнэмшлийг хүлээн зөвшөөрч хүндэтгэх ёстой. Иймэрхүү үзлийг буруу зөв гэж маргах нь эсвэл мухар сүсэг гэхчилэн буруутгах нь үр дүн муутай. Харин үзэл суртал гэдэг үүднээс авч үзвэл нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ гэдэг талаас судлах нь илүү ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тэрхүү итгэл үнэмшил нь үнэн худлын тухай асуудал гэхээсээ илүү магадгүй оршин тогтнох, хүчирхэг байх нийгмийнх нь сэтгэл зүйн чухал хэсэг байж болно. Юу ч гэж хэлсэн энэ нь өөрөө нийгэмд өөрийн гэсэн үүрэгтэй. Тэр үүрэг нь эерэгээр сөргөөр ч нөлөөлж болно.


-Сөргөөр нөлөөлнө гэхээр бусад үндэстэнг ялгаварлан гадуурхах тухай ярьж байна уу?

-Үндэстнээ авран хамгаалах гэсэн тэрхүү үзэл баримтлал нь нөгөө тийшээ холбирохоороо өрөөл бусдыг ялгаварлан гадуурхдаг, дорд үзэхэд хүргэдэг талтай.

А.Гитлер гэхэд энэ итгэл үнэмшлээсээ болоод еврей үндэстнийг ялгаван гадуурхан хоморголон устгаж, хүн төрөлхтний түүхэнд арилшгүй толбо үлдээсэн шүү дээ. Бид ардчилсан, хүний эрхийг дээдлэсэн нийгэмд амьдарч байгаагийн хувьд ийм үзлээ ялгаварлан гадуурхалт руу чиглүүлвэл олон эсэргүүцэлтэй тулгарна л даа. 

-Тэгвэл та монголчууд бидний үндэстний онцлог нь юундаа байна гэж та хардаг вэ?

- Би өмнө нь нэг удаа “Монгол үндэстний угсаа гарал цуснаасаа илүү соёлдоо байдаг” талаар ярьсан. Үүнийг уншигчид мах цусны, генетикийн онцлогийг үгүйсгэлээ гэж ташаа ойлгосон байна лээ. Уг нь үгүйсгэсэн хэрэг биш л дээ. Ген гэж угаасаа байгаа шүү дээ. Түүнийг үгүйсгэнэ гэж юу байхав. Ийм завшаан гарсан дээр давтаад хэлэхэд дээр яриа эхлэхдээ хэлсэн дээ, тэр төрмөл, бүтмэл хоёрын аль алиных нь ач холбогдол, гүйцэтгэдэг үүргийг тэр тусмаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгээд байгаа нийгэм, соёлын бүтээдэг онцлогийг бид хаяж ойлгож болохгүй. 

Цус чиний өмнөөс бүхнийг хийчихнэ гэж бодох нь өөрөө маш том төөрөгдөл. Тэгвэл үндэстэн цаашид юу болж хувирах вэ...

Тийм учраас Монгол угсаа соёлын үнэ цэн нь бас үндэстний онцлог нь соёлдоо, нийгэмдээ бас байдаг юм аа гэдгийг Д.Бум-Очир биш антропологийн шинжлэх ухааны олон бүтээл хэлээд байгааг л дамжуулсан санаатай юм шүү дээ. 

Нийгэм соёлын антропологийн ухааны үүднээс үндэстний аливаа онцлог гэдэг нийгэмд нь, соёлд нь тодорхой зорилго шалтгаан шаардлагаар магадгүй бүр захиалгаар бүтэн бүрэлдэж, хадгалагдаж хамгаалагдаж бас мартагдаж үгүй болж байдаг гэж үздэг.


-Гаднаа цээжээ дэлдэх, хоосон бахархлын тухай биш мөн чанарыг хөндөх л чухал гээд байна аа даа?

-Үндэстний онцлогоо соёл, хүмүүжилдээ шингээж Монгол гэдгээ мэдэрч, ойлгож бахархаж, цааш нь хөгжүүлэх нь чухал. Гэхдээ бид өөрсдийгөө өндөрт тавьж өрөөл бусдыг дорд үзэх нь маш бүдүүлэг явдал. Монголчууд түүхэндээ ч тийм зан араншин гаргахыг цээрлэдэг байсан. Цус, генээ хайрлах чухал ч соёлын, нийгмийн хүчин зүйлийг чухалчлах нь ёстой шүү дээ. 


-Үндэстний онцлогоо ярихгүй орхичихвол….?

-Үндэстний онцлогоо тодруулах /highlight/ ямар нэгэн юм хийхгүй бол хэн ч ач холбогдол өгөхгүй. Мартагдаад, балраад л явчихдаг зүйл. Юу хийх ёстой вэ гэж үү?

Үндэстний онцлог гэдэг зүйлийг нийгэм дээр ярьж байж сэргээдэг. Ярина гэдэг нь нийгэм чухал ач холдогдолтой зүйл болгох тухай хэлж байна. 

Хүн төрөлхтний түүхийг сөхвөл сэргэн мандалтын үеэс үндэстнээ бүтээх, үйл явц, өрсөлдөөн эхэлсэн байдаг. Одоо ч болж байгаа зүйл. Хэрвээ тийм юм бол үндэстнээ бүтээх үйл хэргийг орхигдуулж болохгүй. Бид бол хэдийн үндэстэн гэдгээ мэдэрдэг, энэ ойлголт төлөвшсөн ард түмэн. Японд докторын зэргээ хамгаалсан антропологич Л.Мөнх-Эрдэнийн хийсэн маш сонирхолтой судалгаа бий. Тэр судалгаанд монголчуудад өнөө цагийн бидний үндэстэн гэж нэрлээд байгаа бие даасан өөрийн онцлог бүхий нийгмийн бүлэг гэсэн ойлголт хамгийн тодорхойгоор 1206 оноос төлөвшин, хэдэн зууны туршид хүчтэй хадгалагдаж ирсэн талаар түүхэн баримтад тулгуурлан бичсэн байдаг. Эндээс харахад тэрхүү бүрэлдэж бий болсон үзэл нь 20-21 дүгээр зуунд бий болсон үндэстнийг бүтээх гэсэн ухагдахуунтай шууд холбогдож байдаг.


-Үүнтэй холбоотой бидний бүтээсэн ямар нэгэн онцлог дээр жишээ татаж ярьвал уншигчдад илүү сонирхолтой байх болов уу?

-Нэг сонин ч гэмээр жишээ хэлье. Сүүлийн үед малчин гэдгээсээ улбаалаад монголчууд бол “махчин ард түмэн” гэдэг ойлголт бүр үндэстний онцлог болчихлоо. Дундад зууны үед Европынхон ингэж харсан нь Италийн жуулчин Плано Карпинигийн номонд гардаг. Харин 1990 оноос хойш хүчтэй сэргэж гэх үү дэлгэрч байгаа энэ ойлголт орчин цагт үндэстний онцлог болж хувирчээ. “Модерн номадс” рестораны хоолны цэс дээр гэхэд “Мan eats animal, animal eats grass” гээх биччихсэн байдаг. Үүнийг би буруу зөв гэх гэж байгаа юм биш. Мах идэх сайн муу талаар ч ярихгүй. Монголчууд хүнсэндээ мах хэрэглэсээр ирсэн нь угаасаа тодорхой. Харин бид малчин удамтай мах иддэг учраас хүч чадалтай гэсэн үзэл санаа хэрхэн үндэстний онцлог болж төлөвшсөн талаар ярьмаар байна.

Монгол улсынхаа тусгаар тогтнолыг аварч хамгаалж үлдэх үндэстний дархлаа бий болгох үйл хэрэг XX зуунд хүчтэй өрнөсөн. Үүнээс болоод бид Хятадуудаас, Оросуудаас ондоо, тэд тариачид, бид бол нүүдэлчид, малчид, тэд ногоо голдуу иддэг харин бид ихэвчлэн мах иддэг гэсэн ойлголт үндэстний онцлогийг бий болгоход авч хэрэглэгдэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл энэ онцлог үнэхээр мах иддэг, махчин байх тухай гэхээсээ илүү өөрийн үндэстнээ бусад үндэстнээс ялгаж тэдэнтэй адилгүй гэж үзэх шаардлагаас урган гараад байгаа хэрэг. 

Үүнтэй холбоотой бас нэг жишээ татахад Хөх нуурын монголчууд гэхэд 80 мянга орчим бий. Тэдний бараг тал орчим нь Монгол хэлээ мартаж Төвөд хэлтэй болсон. Энэ байдалд эмзэглэсэн зарим залуучууд нь бид ерөөсөө бурхны шашнаасаа татгалзая, шашнаас болоод монгол хэлээ мартаж байна гэж үзэх жишээтэй. Ийм шалтгаанаар тэдний хувьд буддын шашныг үндэстний онцлогоо гэж үзэхгүй харин эсрэгээрээ татгалзах нь үндэстний онцлог болон хувирч байх жишээтэй.   

Иймээс үндэстний онцлог гэдэг зүйл ямар нэгэн улс төрийн нөлөө, зорилго шалтгаан, нийгмийн шаардлагаар сэргэж, бий болж бас мартагдаж байдаг. Өөрөөр хэлбэл үндэсний онцлог гэдэг нийгэм улс төрийн шалтгаан, зорилгоор гарч ирж нийгэмдээ тулгамдсан асуудалд хариу өгдөг ингэхдээ мах цусанд байгаа онцлог гэж түүнийг харуулах нь илүү нөлөөлөх хүчин чадал өндөртэй.


КОММУНИСТУУД ХИЙСЭН ҮЗЭЛ СУРТАЛД ОХУ-ЫН БУРИАД, ХАЛИМАГУУД ӨРТСӨН...

-Үндэстний онцлогоо зориудаар, бодлогоор бүтээж байгаа улс орон бий юу?

-Улс үндэстнүүдэд өөрийн гэсэн омогшил, бахархал байх ёстой. Тэр бахархал нь улс орныг хөгжүүлэхэд тодорхой хэмжээгээр итгэл үнэмшил төрүүлдэг. Жишээ нь Киргизстан байна. Аливаа үндэстэн заавал үндэсний баатартай байх ёстой. Киргизчүүд Зөвлөлт Холбоот Улс задрахад тусгаар улс болсноосоо хойш өөрсдийгөө Манас гэдэг баатраас үүсэлтэй, Киргизийн анхны төрт улсыг Манас баатар үүсгэн байгуулсан гэдэг ойлголтыг дэмжиж, дэлгэрүүлсэн. 

Манас нь манайхаар бол Гэсэр, Жангар шиг баатарлаг туульсын дүр л дээ. Тиймээс үлгэрийн баатар байх нь үндэстний баатар болоход хангалтгүй тул түүхчид нь бодлогоор Манас түүхэн хүн байх боломжтой гэсэн судалгаа хийсэн байгаа юм. Ингэж зориудаар үндэстний баатраа бүтээж байгаа нь шинжлэх ухааны үндэстэй ч байж болно, үндэсгүй ч байж болно. Энэ нь өөрөө тухайн улс үндэстнийг төлөвшүүлж нэгдмэл болгох арга юм. 


-Хуучин нийгмийн үед бид үндэсний үзэл ухамсар хэсэг мартагнасан уу. Ер нь үндэсний онцлогийг бүтээхэд юу нөлөөлөх вэ?

-Үндэстний онцлогийг бүтээхэд шашин, улс төрийн байдал, нийгмийн хөгжил гээд янз бүрийн зүйл нөлөөгөө тусгаж ирсэн. Жишээ нь социализмын үед бол Монгол үндэстэн гэхээсээ илүү коммунист улс байх нь чухал байж. Энэ нь тухайн үедээ онцлог нь болж л байсан, түүхийг үгүйсгэх аргагүй. Социализмын үед монголчууд цагаан сараа хийхээ больсон, Чингис хааны тухай ярьж болдоггүй болсон, шашин шүтэхийг хорьсон. Харин 90 оноос хойш энэ дарагдаж байсан зүйлсээ сэргээж түүн дээр нэмээд ардчилал, хувь хүний ашиг сонирхол, эрх чөлөөг дээдэлдэг шинэ үзэл сурталтай болсон хэрэг. 


-Орчин цагт бид үүнийг хэтэрхий хэлбэр талаасаа гаргаад байна уу даа?

-Тийм тал бий. Уг энэ бол ухамсрын дээд түвшинд байх ёстой зүйл. 


-Босоо хөх монгол, Хас зэрэг үндсэрхэг үзэлтэй хөдөлгөөнүүд байдаг. Үүнийг та хэрхэн хардаг вэ?

- Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ хийсэн байдаг. Зорилго нь Монголын үндсэрхэг үзлийг ухаалаг болгох. Бид хоёрын ярьж байгаа асуудлыг хөндсөн хэрэг. Би агуулгынх нь буруу зөвийн талаар ярих гээгүй. Энэ бол нийгэм дээр үндсэрхэг үзлийг аль нэг тийш нь чиглүүлэх ажил хийгдэж байгаагийн нэг хэлбэр.

 

-Бид хоёр үндэстний тухай ярьж байна. Гэтэл үндэстний доторх угсаатан ястнууд бас хэт үндсэрхэг үзэл илэрхийлэх тохиолдол бий. Буриад, дөрвөд ч гэдэг юм уу…?

-Үндэстэн доторх угсаатнуудын ялгамжааг улс төрийн зорилгоор хэт их сэргээх нь сайн зүйл биш. Улмаар үндэстэн доторх байгаа бас нэгэн үндэстэн болгох ч аюултай. 

Жишээ нь Хятад 56 үндэстэнтэй улс. Гэтэл “дундадын үндэстэн” гэсэн нэг үндэстэн бүтээх үйл хэрэг олон жил үргэлжилж байгаа. Энэ үйл хэрэгт хамгийн их төвөг болж байгаа зүйл бол тэр 56 чинь өөрсдөө үндэстэн байгаад явдал юм. Тусдаа 56 үндэстэн байх нь салан тусгаарлах эрсдэлтэй тул түүнийг 56 үндэстэн биш нэг үндэстэн болгох нь аюулгүй. Гэтэл бид Монгол үндэстэнг задлаад дөрвөд, баяд, буриад олон угсаатан ястан болгон хуваагаад байна. Энэ хуваагдал даамжирч зарим Монгол биш тусдаа үндэстэн гэж өөрсдийгөө хэлэх тохиолдол ч гарсан. Тухайлбал, Буриадад өөрсдийгөө Монгол биш тусдаа буриад гэдэг үндэстэн гэсэн итгэл үнэмшил хүчтэй явж байна.Тэгвэл манай Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Сэлэнгийн буриадууд яах ёстой вэ. 

Монгол биш буриад үндэстэн болж таарах уу? Хэл соёл, түүх, генетикийн хувьд буриадууд Монгол угсаатан гэдэг нь тодорхой шүү дээ. Гэтэл энэ баримт цагаа тулахаар чухал биш болж харин Орос дахь буриадуудууд өөрсдийгөө Монгол бишээ гээд сууж байна. Тэр цус нь тэгээд та нар монгол гэдгийг нь ойлгуулахгүй байгаа биз дээ. Үнэндээ ингэж Монгол үндэстэнг салган бутаргах ажлыг Оросын коммунистууд хангалттай хийсэн учраас Оросын буриад, халимагууд мөн энэ үзэлд хүчтэй өртсөн Киргизстанд байдаг сарт халимагууд ч өөрсдийгөө Монголтой төрөл гарал нэгтэй ч Монгол үндэстэн биш, бие даасан тусдаа үндэстэн гэж үзэх үзэл бий болсон байдаг. Олон жижиг угсаатнууд байлгаад, тэдгээрийн ашиг сонирхол нь үндэсний онцлогоосоо чухал болоод хувирчихвал нэг улс байх мөн чанар нь мэдээж алдагдана. 


-Хэрвээ бид энэ чигээрээ угсаатнаараа ялгараад “Би Монгол биш, дөрвөд, торгууд” гэж ярих ч цаг ирж мэдэх нь ээ?

-Үүнийг хэт туйлшруулах нь үндэстнээ устгадаг хортой үзэл. Чингисийн угсааны тайж нарын хийсэн гол зүйл ерөөсөө энэ, Монголыг нэг байлгах. Гэтэл Чингисийн угсааны ноёдыг үгүй хийсэн нь феодлуудын эсрэг явдал ч биш Монгол нэг үндэстэн байх гэсэн ухамсар, сэтгэлгээг дарах оролдлого байсан. Тухайн үед зүгээр ч нэг тэдэнтэй тэмцэж, хэлмэгдүүлчихсэн юм биш. Ард нь ийм зүйл байсан учраас тэр. Ингэхээр Чингисийн Монгол байх нь чухал биш, үндэстэн гэдэг нь чухал болж таарна. Ийм ч учраас “Буриад-Монгол” автономит байсныг “Буриад” болгож өөрчилсөн байдаг. Оросууд үүнийг авч хаясан, ингээд буриадууд туйлширсаар “Бид угаасаа Монгол биш буриад” гэсэн үзэл баримтлалыг бий болгочихлоо. Монгол нэрийг авч хаясан нь ингэж Зөвлөлтийн коммунистуудын анх зорьсон үүрэг, зорилгыг гүйцэлдүүлж байгаа хэрэг.

Хэрвээ Шинжааны Монгол, Дээд Монгол, Өвөрмонгол гэдгийн Монгол гэдгийг аваад хаячихвал ийм л үр дүнд хүрэх нь. Ийм учраас л үндэстний онцлогийг бүтээх тухай яриад байгаа юм. Явж явж энэ бол нэг улс байх, түүний үнэ цэн рүү хандсан зүйл юм. Энэ бол хэдэн зуун жилийн дараа үр дагавраа харуулах гадны бодлого байх талтай. Энэ нь Монгол биш гэж ойлгох болсон улс төрийн шалтгаанаа том дүр зургаар нь олж харж чадахгүй байгаагийн шинж, эмгэнэл болно. 



ЯГ ҮНЭНДЭЭ МОНГОЛЧУУДЫГ ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТЭЙ ГЭЖ ШҮҮМЖИЛДЭГ БАРУУНЫ ОРНУУД БҮГД НЭШИОНАЛИСТ


-Гэтэл эсрэгээрээ үндсэрхэг үзэлд дэлхий нийт дурамжхан ханддаг. Францын ерөнхийлөгч Макрон саяхан улс гүрний удирдагч нарт үндсэрхэг үзлээсээ татгалзахыг уриалсан. Яагаад тэд татгалзаж байхад бид дэмжих ёстой вэ?

-Национализм европод шууд сөрөг агуулгатай зүйл болж ойлгогддог. Тэдний түүх биднийхээс тэс өөр. Италид бий болсон фашизм, Германд үүссэн нацизмын түүхийн улбаагаас болоод национализм” тэднийг цочроочихсон хэрэг. Харин монголчууд бидний түүх соёлд национализмыг ойлгох тайлбарлах өөр түүх, өөр үзэл сурталтай. Тэдний хэлээд байгаа “национализм” бидний хэлээд байгаа “үндэсний үзэл” (эсвэл үндэстний үзэл, үндсэрхэг үзэл) агуулгын хувьд, түүхийн хувьд их зөрөөтэй гэсэн үг.

Нэг үгээр орчуулаад хэрэглэж байгаа боловч, үнэндээ агуулгын хувьд түүхийг нь мөшгөвөл  тэс өөр юм. Бидний хувьд улс үндэстнээ Манжаас, Гоминданаас, Зөвлөлтийн коммунизмаас бусад гадны нөлөөллөөс хамгаалж өөрийн гэсэн захиргаатай, гадны нөлөөгүйгээр улс орноо авч үлдэх гэсэн үзэл баримтал, тэмцэл байдаг. Харин Европынхны хувьд тэдний колончлолыг эсэргүүцэж тэдний эсрэг тэмцсэн янз бүрийн ард түмнүүдийн үзэл суртал болон харагддаг. Тиймээс бидэнд үндсэрхэг үзлийг үзэн ядах, таягдан хаях шалтгаан байхгүй. Барууны энэ үзэл баримтлалаар үндсэрхэг үзлийг ойлгосон манай зарим сэхээтнүүд үгүйсгэдэг л юм. Монголын хувьд үндэстний онцлогоо гаргаж ирэхэд националист үзэл суурь нь болж өгдөг.

 

-Даяаршил, үндэстний онцлог хоёр эсрэгцэж буй эрин үед бид амьдарч байна. Бусад улс орнууд үндэсний үзлээ хэрхэн хамгаалдаг вэ?

-Яг үнэндээ монголчуудыг шүүмжилдэг ч барууны орнууд бүгдээрээ нэшионалист үзэлтэй. Тэр үзлээ ардчилал, либериал гэдэг үзлээр дарангуйлж халхалж ирсэн байхгүй юу. Гэтэл тэр нь өнөөдөр зад тавьлаа. Тэгэнгүүт англичууд цагаачдын хөлд нэрвэгдэхгүйн тулд Европын холбооноос гарлаа. Трамп тэнд “Америкийг ахиж агуу болгоно” гээд цагаан арьстнуудын национализст (white nationalism) үзлийн дэмжлэгийг аваад гараад ирсэн. Ер нь үндэстэн улсын болон үндэстний эрх ашиг хэзээ ч алга болохгүй гэдгийг харуулсан хэрэг боллоо. Тэгсэн хэрнээ бид нарыг болохоор монголчууд бурангуй, хоцрогдсон үзэл сурталтай учраас националист үзэлтэй байдаг гэсэн хандлагаар хараад байж болохгүй. 

Энэ цаг үед үндсэрхэг үзэл, үндэстний онцлогийн талаарх яриа идэвхжиж байгаа нь даяаршилтай холбоотой. Энэ нь эдийн засаг, ухамсар, сэтгэлгээний үүднээс нийгмийг бүхий л талаас ноёлж байна. Үүний хариу үйлдэл болгож дэлхийн улс орнууд үндсэрхэг үзэл, үндэстний онцлог гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Ингэхдээ өөрсдийнхөө язгуурын мөн чанараа сэргээж, соёлоо хамгаалж байгаа хариу үйлдэл. Үндэстний онцлог бол 7 тэрбум хүний амьдарч буй улс орнуудын бүтээсэн өөрсдийн ухамсар, сэтгэлгээ, аж байдлын онцлог, ялгаа нь хүн төрөлхтний соёлын өв юм. Гэтэл яагаад ганцхан даярчлал “саарал” өнгөтэй байх ёстой гэж гэсэн асуултыг манайхан ч бас тавьж байна. Хүн төрөлхтөн тэр саарал даяаршлын эсрэг өөр өөрийн өнгөө тодруулах гээд оролдож байна.