УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Жагсаалд УИХ-ын даргыг огцрох нь зүйтэй гэж үзэж буй УИХ-ын гишүүд, иргэд, нам эвсэл, иргэний нийгмийн хөдөлгөөн, олны танил хүмүүс зэрэг 2500 гаруй хүн оролцов. Жагсагчид "УИХ-ын дарга огцор", "МАНАН арилах ёстой" зэрэг үгийг дуу нэгтэйгээр хашхирч, үзэл бодлоо илэрхийлсэн юм. 

Энэ үеэр Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сумогийн Их аварга, Асашорюү Д.Дагвадорж жагсаалд оролцон байр сууриа илэрхийлж, үгээ хэллээ.

Тэрээр "Энэ жагсаалд ирсэн олон Монголчуудыгаа хараад сэтгэл өндөр байна. Бүтэн 2 жилийн хугацаанд М.Энхболд гэдэг хүнийг суудлаасаа огцрохыг Монгол хүний уужуу ухаанаар хүлээлээ. Арай дэндэж байна. Энэ хүн хэнийг доромжлоод байгаа юм. Энэ хүн Монголын ард түмнээс сонгогдчихоод Төрийн ордонд суучихсан, иргэд нь идэр есийн хүйтэнд гадаа байж байна. Яг энэ үед чоно, эрх хүн хоёрын хийморь сэргэдэг юм шүү М.Энхболдоо. Одоо огцрох цаг чинь болсон. Иргэний хөдөлгөөнийнхөн иргэддээ баярлалаа. Бид ирээдүйгээ, ойрын 30 жилийг тооцмоор байна. Өнөөдөр байгаа байдлаа бүгдээрээ харцгаа. Бид сэтгэл сайтай тулдаа өдий хүртэл хүлээж байна, огцор. Одоо ордноос гар. Бид арай дэндүү уужуу сэтгэлтэй байна. Хэрвээ ийм явдал Японы парламентад болох юм бол 48 биш, 24 цагийн дотор огцрох ёстой. Өнөөдөр М.Энхболд ордон дотор юу хийгээд суугаад байгаа юм. Энэ ямар Монголын эрх хүүхэд үү. Ширээнээсээ салдаггүй, суудлаасаа босдоггүй, хэлцэлд ордоггүй яачихсан хүн бэ. Огцрохыг шаардаж байна" хэмээлээ.

УИХ-ын даргыг огцрохыг шаардсан жагсагчдын гарын үсэг зурсан шаардах бичгийг жагсаалыг санаачилсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар УИХ-ын даргад хүргүүлэхээр Төрийн ордон руу очсон ч өрөөндөө байгаагүй учир УИХ-ын Тамгын газарт хүлээлгэн өгөөд буй юм.

Огцрох шаардлагыг УИХ-ын дарга хүлээж авч, өргөдлөө өгөхгүй бол тэд ирэх оны 1 дүгээр сарын 10-нд дахин эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэгдлээ.

Тус эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж буй иргэн цөөнгүй байгаа ч зарим нь "МАН-ын 2 бүлэг нэг нэгнийхээ эсрэг хийж буй бүлгийн тэмцэл учир иргэд очих нь дэмий зүйл" гэдэг байр сууриа цахимаар илэрхийлж байна.