“Монгол костюмс” ХХК-ийн захирал, Дээлтэй Монгол наадмын санаачилагч Б.Сувдтай ярилцлаа. Наадам дөхсөн энэ өдрүүдэд түүний хамт олон дээл гоёлыг хичээнгүйлэн урлан сууна. Хүмүүсийн албан өрөөндөө өргөмжлөл, далай ламын зураг тэргүүтэнг голдуу тавьдаг бол тэрбээр аав ээжийнхээ хуучны хөргийг зуруулан залсан байв  

-Өрөөндөө ийм томоор аав ээжийнхээ зургийг зуруулж тавьсан хүнтэй анх удаа таарлаа. Таны аав ээж ямар хүмүүс байв?

-Аав хоёр минь миний хувьд бурхан юм даа. Тиймээс тэднийхээ зургийг зориуд хөрөг зургийн мастер гэгддэг зураач Б.Насанцэнгэлээр зуруулж өрөөндөө тавьсан. Тэд маань хоёулаа хуучин цагийн сэхээтэн хүмүүс. Аав залуугаасаа эвлэлийн ажлыг хийсэн бас Монголын үндэсний телевизийн анхны редакторуудын нэг байлаа. 20-иод жилийн өмнө бурхан болсон. Ээж минь ч хуулийн мэргэжилтэй баруун аймгуудын эмэгтэйчүүдийн эвлэлийн ажилд залуугаасаа идэвхтэй оролцсон. Одоо 88 настай, баруун монгол ардын бүүвэй дууны зохиогч Урлагийн гавьяат зүтгэлтэн хүн бий. Энэ дууг 65 жилийн өмнө зохиож байсан. Бүүвэйн дуугаараа бүх ард түмний урлагийн наадамд хүртэл оролцож байсан юм билээ. 


-Баруун монгол ардын бүүвэйн дууг ардын дуу л гэж боддог байлаа. Энэ тухай түүхийг ээжээсээ сонсч байв уу?

-Ээжийг минь энэ дууны зохиогч гэдгийг нутгийн ард түмэн, тэр үеийн урлаг соёлын хүмүүс мэднэ. Хэдэн жилийн өмнө “Бүүвэйн дуу” зохиогдсоны  65 жилийн ойг тэмдэглэсэн. Өвөө маань эрт бурхан болсон учраас ээж олон дүү нараа харж хандаж өсгөсөн юм билээ. Эгч нартай ч тусдаа гарчихсан болохоор дүү нартаа энэ дууг зохиож дуулж өгдөг байж. Үүнээс гадна нутгийнхаа уул усны тухай зохиосон хэд хэдэн дуутай ээж маань. 


-Та монгол хувцастай ямар түүхээр холбогдсон юм бэ?

-Киев хотноо оёдлын зохион бүтээгч инженер гэсэн мэргэжлээр суралцаж төгсч ирээд анхны томилолтоо аваад Дундговь аймаг руу явсан. Аавын минь төрсөн нутаг л даа. Тэнд малчдын хувцасны судалгаанд томилогдсон. Энэ бол дээлтэй холбогдсон анхны ажил минь. Дараа нь Чехэд олон жил амьдарч мэргэжлээрээ докторын зэргийг хамгаалж байхдаа монгол хувцасаа хөгжүүлье гэсэн сэтгэл шулуудсан. 

-Малчдын хувцас гэдэг байсныг бодоход тэр үеийнхэн дээлээ бага өмсдөг байжээ дээ?

-Тэр үед дээлээ хувцасаа түгээмэл өмсдөг байсангүй. Хаа нэгхэн дарга нар өмсөнө. Харин малчид дээлээ л өмсдөг байсан цаг.  Ямар сайндаа л дээлийг малчдын хувцас гэж нэрлэн стандартыг судлахаар томилолтоор явуулж байхав дээ. Хөдөө орон нутагт ахуй үйлчилгээний газрууд, оёдлын комбинатууд ажиллаж хөвөнтэй, дан дээлийг бас цагаан ултай гутлыг үйлдвэрдэг байлаа. Бидэнд ингэж өөрсдөө хувцасаа хийж өмсдөг байсан үе бий. Тэр үе бол дэлхий дахинд ч бидний хувцас соёл мартагдчихсан шахуу байсан цаг.

Оюутан ахуйдаа дэлхийн хувцас загварын түүх гэж номыг уншаад шоконд орно гэдэг болсон. Тэнд монгол хувцасны талаар нэг үг, үсэг ч байгаагүй. Үүнд үнэхээр эмзэглэх сэтгэл төрж билээ. Бидний түүх санаатай болон санамсаргүйгээр дарагдчихсан байсан цаг. Тэр харамссан сэтгэгдэл миний цээжинд олон   жил хадгалагдаж явсан учраас монгол хувцасаа судалж эхэлсэн. Дараа нь Чехэд нэлээн хэдэн жил амьдарч мэргэжлээрээ докторын зэргийг хамгаалчихаад эх орондоо ирсэн. Монгол хувцасыг судалгаатайгаар сурталчлах, судлах, гадагшаа таниулах, бүхэл бүтэн цогц хэлбэрээр хөгжүүлэх санаа сэдэл дүүрэн ирж байлаа. Ингээд 2003 онд энэ санаагаа биелүүлж “Монгол костюмс” компаниа байгуулсан. Үйлдвэрлэлийн алтан үед ажиллаж байсан маань надад маш их туршлага болсон.


-Өнөөдрийг тэр үетэй харьцуулбал?

-Тэр үеийг бодвол монголчууд  нийтээрээ дээлээ өмсөх сонирхолтой болжээ. Харин орчин үеийн малчид дээлээ өмсөх нь цөөрөө юу даа. Хөдөөгүүр явахад куртик, жинсэн өмд өмсч, пүүз угладаг болчихсоныг хараад эмзэглэл төрдөг. Гэтэл эсрэгээрээ 80-аад онд Өвөрмонголд очиход дээлээ өмсдөг нь цөөхөн байлаа. Одоо бол эрс өөрчилөгдөж, тэд зохион байгуулалттайгаар дээл хувцасаа өмсч аялал жуулчлалаа хөгжүүлэх  аргынхаа нь нэг болгосон.

Уг нь үндэсний хувцасны ард монголчууд бидний хувцасны соёл, түүх, бахархал, ёс заншил гээд маш олон зүйл бий. 90-ээд оныг хүртэл үндэсний хувцасны үүх түүх байдаг ч эсэхийг мэддэггүй шахам байлаа. Гэтэл бид чинь дэлхийн талыг дагуулсан түүхтэй улс. Тэр хэрээрээ дэлхийд моод загвар, монгол хувцасны соёлыг түгээж ирсэн гэдгийг сүүлийн жилүүдэд мэдэж бахархаж байна. 

 

ДЭЭЛ ӨМСӨНӨ ГЭДЭГ ТӨРТ ЁСНЫ ҮЙЛИЙГ ҮЙЛДЭЖ БАЙГАА ХЭРЭГ


-Дээлний загварыг бид янз бүрээр л өөрчилж өмсдөг. Үүнийг та “Дээлтэй монгол” наадмыг санаачлагчийн хувьд хэрхэн хардаг вэ?
-Сүүлийн хэдэн жилүүдэд монголчууд дээлээ өмсөх дуртай болсонд би сайшаалтай ханддаг. Манайхаар үйлчлүүлдэг хүмүүсийн дунд дээлээ байнга өмсч хэрэглэдэг хүмүүс ч бий. Ингэж дээл хувцасаа өмсөнө гэдэг бол маш том дэвшил юм. Мэдээж уламжлалгүйгээр шинэчлэл гэж байхгүй учраас өөрчлөлгүй яахав. Гэхдээ үндсэн монгол загварыг нь хадгалж, алдагдуулахгүйгээр өмсөх нь зөв гэж боддог.  


-Аль сайн оёдолчид ч Өвөрмонгол руу урилгатайгаар явдаг гэж сонссон. Бид ер нь энэ соёлоо хэрхэн хадгалж авч үлдэх ёстой вэ?

-Өвөрмонгол руу аль л сайн гарын ур дүйтэй боловсон яваад эхэлчихлээ. Цалин мөнгө өндөр амлаж байгаа болохоор бид яаж ч чадахгүй.Тэр байтугай Өвөрмонголд дээл хийлгээд наашаа авчирч зардаг хүмүүс ч байдаг юм билээ. Бид цаашид өөрсдийнхөө зах зээлийг хадгалах, соёлоо хамгаалах гээд үүний цаана олон зүйл яригдах байх. Энд бид гайхамшигт монгол хувцас фестивалийг өөрсдийн хүчин зүтгэлээр хийдэг бол Өвөрмонголд сүүлийн арваад жил засгийн газрынх нь дэмжлэгтэйгээр үндэсний хувцасны фестивалийг маш өндөр хэмжээнд зохион байгуулж байна. Засаг төр нь үүнд маш өндөр ач холбогдол өгдөг. Тэгэхээр яах ч аргагүй төр засгийн дэмжлэг дутагдаад  байгаа юм. Бидний хувьд хувийн байгууллага учраас зөв буруутай ч зүтгэж л байна.


-Монгол хувцасны судалгаа хэр жинтэй хийгдсэн байдаг юм бэ?

-Төрийн шагналт Х.Нямбуу гуайн диссартаци, БНМАУ-ын төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн гаргасан номоос хойш монгол хувцасны судалгаа тасалдаад байлаа. Тиймээс ч бид дараагийн үеийн залууст л үлдээх үүднээс судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд 18 ястны 40-өөд хувцасыг сэргээн хийсэн нь соёлын өвийг дахин сэргээж өнөөгийн хөгжилд хүргэх эхлэл болсон гэж боддог. 

Архелогчидтой хамтраад “Монгол хувцасны нууц товчоо” нэртэй гурван ч боть ном гаргалаа. Эхний хоёр боть нь Монгол нутгаас олдсон хүй нэгдлийн үед хамрагдах архелогийн олдвор дурсгалаас эхлээд мандаж бадарч явсан эртний төр улсууд, түүнчлэн Алтан ордны улс, Ил хаант улс, Монголыг бага хаадын үе Богд хаант Монгол улс, БНМАУ гээд улсын түүхэнд хувцас, зарим эдлэл хэрэглэлийн төрөл зүйл, түүний хувьсал хөгжлийг багтаасан.  Энэ 3 ном маань 15 жилийн ажил боловч төгс судалгаа хийчихээгүй, өөрсдийн хэмжээнд л нэг хэсгээс нь судаллаа. Үүнээс хойш залууч үеийн судалж хөгжүүлж үргэлжлүүлж судлах байх аа. Энэ бол бид нарын үүрэг юм. 


-Хувцасны маш өндөр соёлтой ард түмэн гэхээр зарим нь өөрсдийгөө хэт дөвийлгөлөө гэдэг. Таны бодлоор?

-Бид өнөөдөр гадныхныг дагаж хуйлраад байна, гэтэл гадныхныг дагуулах соёл бидэнд бий.Эдийн сайныг эдэлж хэрэглэж сурсан, нүнжигтэй эдийг таниж мэддэг ард түмэн. Гэтэл манайхан үүнийг бид Оросоос сурсан гэдэг. Энэ бол буруу ойлголт. Хувцасны соёл гэдэг зүйл бидний цусанд байгаа. Зэрэг дэвээсээ шалтгаалаад яаж хувцаслах хуультай. Хувцасандаа юуг бодож эрхэмлэдэг, шүтдэг гэдгээ шингээж ирсэн маш өндөр соёлтой ард түмэн бид. Дээл хувцасанд маань бидний оюун сэтгэлгээ бүх зүйл бий. Үүнийгээ л залуучууд ойлгож мэддэг байгаасай. Ерөөсөө дээлээ өмсөнө гэдэг төрт ёсны үйлийг үйлдэж байгаа хэрэг.


-Дээлний бэлгэдлийн тухайд?

-Эртнээс захтай дээл өгөхийг дээд зэргийн бэлэг, хамгийн том хүндэтгэл гэж эрхэмлэж ирж л дээ. Одоо ч гэсэн бэр гуйхдаа ээж аавд нь дээлийн торго өгдөг нь эртний уламжлал үлдсэнийх. Ер нь дээл оёно гэдэг учиг тавихаас эхлээд тэр чигээрээ бэлгэдэл агуулдаг. Малгайгаа дээл, бүсээ зөв зангидаж хураах, дээлээ зөв өмсөх, эвхэх бүрийн цаана зөв цэгцтэй байх асар нарийн зүйл, нягт нямбай зан үйлд сургаж байж. 



БИД МАНЖААС БОСОО ЗАХТАЙ ДЭЭЛИЙГ АВААГҮЙ



-Монголчууд босоо захтай дээл өмсдөггүй, манж хятадынх гэж ярьдаг болжээ. Судалгаанаас үзэхэд юу гэж бичсэн байдаг вэ?

-Судалгаанаас үзэхэд аль киданы үед монгол хувцасны дүр төрх бүрдсэн үе гэж ярьдаг. Тэр үеийн олдвороос харахад монгол дээлний зах босоо захтай байжээ. Бид үүнийг судалгаатай л ярих хэрэгтэй. Бид Манжаас босоо захтай дээлийг аваагүй. Харин ч тэд биднээс аваад түүхийн явцад эргүүлж өгсөн байх. 


-Марко Поло кино багийнхан танайд хандаж хувцасны судалгаа хийсэн гэсэн. Үнэн үү?

-Марко Поло кино багийнхан манайхаас гаргасан номыг барьчихсан ирж уулзсан.Тэд кинондоо түүхийг нь нарийн барихгүйгээр өөр өнцөгөөс харж хийдэг юм билээ. Охин маань энэ киноны монгол хувцасны зөвлөхөөр ажилласан.


-Танайх бусад хувцас захиалгын компаниудаас юугаараа ялгарах вэ?

-Бид соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эрхэлдэг. Соёлынхоо өвийг судлаад эргээд эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа хэлбэр юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг зүйлийг одоо л ярьж ойлгож эхэлж байна. 

Энэ сарын 9-нд болох 15 жилийн ойдоо зориулж бид Монгол хувцасны нууц товчоо тоглолтоороо ч үүнийг харуулахыг зорино. Байдаг л нэг загварын шоу гэхээсээ илүү эрт дээр цагаас өнөөдрийг хүртэлх монгол хувцасны түүхэн хөгжлийг театрчилсан тавилттайгаар өвөрмөц байдлаар хүргэхийг хичээж байна. 


-Чойжин ламын сүмийг сонгосоны учир?

- 110 жил болж байгаа энэ сүмийг төрийн сахиусыг хамгаалах өргөө гэдэг. Тиймээс энэ сайхан газар, төрийн сахиусныхаа өргөөнд төрт ёсныхоо түүхэн хувцасыг үзүүлэх боломж олдсонд бэлгэшээж хүндэтгэлтэй сайхан хийхийг хичээж байна. 


-15 жилийн хугацаанд эмэгтэй хүн энэ том компанийг эрхлэн явахын хэцүү нь юу байв?

-Би социализмын үеийн хүн. Төр засгийн буянаар гадаадад сурсан түүнийгээ хариулах ёстой л гэж ойлгож энэ ажлаа хийж ирсэн. Хийх ч үүрэгтэй. Энэ миний дуртай ажил мэргэжил учраас энэ тэр гэж элдэв бэрхшээл тоочих дургүй. Эргээд харахад 15 жилийн хугацаанд олон ажлын ард гарчээ.


-Ингэхэд та наадам цагаан сар болгоноор шинэ дээл өмсдөг үү ?

-Аль болох наадам цагаан сараараа шинэ дээл хийлгэж өмсөх дуртай. Гэхдээ заавал шинэ дээл хийлгэнэ гэсэн айхтар нарийн ёс дэг барьдаггүй. Загасчины морь усгүй гэдэг шиг заримдаа ажилчид маань хэт ачаалалтай оёж суухад хуучин дээлээ л өмсчихдөг.

-Ээждээ сүүлд хэзээ дээл хийж өгөв?

-Ээжийгээ дээлээр гоёх дуртай. Уржнан жил ээжийгээ Соёлын гавьяат зүтгэлтэн болоход дээл хийж өгсөн. Саяхан ээж минь “Надад хангалттай олон дээл байна. Энэ олон дээлийг өмсч барахгүй нь охин минь” гэж байсан.Цагаан сараар шинэ дээл өмсүүлэхийг хичээдэг


-Үндэсний хувцас маань бидэнд сайхан харагдана. Харин гадныхан хэр хүлээж авдаг вэ?

-Гадныхан монгол хувцасны гайхамшигийг шагшин биширдэг. Загварын ертөнц гэхэд эрэл хайгуулд хатчихаад байгаа энэ үед бидний хувцас дэлхийд од болно. 

Саяхан гэхэд Болгарт Азийн cоёлын фестивалд оролцлоо. 14 орноос ирсэн хүмүүс соёл урлагаа сонирхуулахад Болгарын ерөнхийлөгч зөвхөн манай асрыг зорин ирж тухлан суун цай ууж яриа дэлгэсэн. Бас үндэсний хувцас өмссөн загвар өмсөгчидтэй селфидсэн шүү.
Бидэнд “Монголчууд бол маш хүчирхэг ард түмэн” гэж хэлж байсан. Монгол хувцасаа хаана ч өмссөн сүрдмээр сайхан, бахархалтай санагддаг.  


-Танайх музейг жуулчид нэлээн зорин ирдэг. Ингэхэд танайх яагаад музей гэдэг хаягаа авчихсан юм бэ?

-Монгол костюмс анхны хувийн музейгээ 2005 оны 7 дугаар сард нээж байлаа. Монголын түүх угсаатны зүй, соёлын биет өв болох 1700 гаруй үзмэрээ дэлгэсэн.

Гэтэл хэдэн жилийн өмнө шалгалт ирээд хувийн музей байгуулж болохгүй, хуулинд байдаггүй гэж хэлсэн. Ингээд хууль журмандаа захирагдан хаягаа авчихсан юм. Уг нь хувийн музейг хөгжүүлдэг улс орон олон. Солонгост гэхэд баадангаар музей хийчихсэн байдаг юм билээ. Одоо харин манайхан арай өөрөөр хардаг болж байгаа сурагтай.


-Та энэ амьдралдаа хийх ёстой зүйлээ дээл байжээ гэж боддог уу?

-Энэ амьдралдаа хийх ёстой зүйл маань дээл байж гэж одоо л бодож байна. Энд нэг сонин түүх бий. Хэдэн жилийн өмнө монголчууд дээлээ Хятадуудад алдах нь, хятадууд соёлын өвөөрөө бүртгүүлэх гэж байна гэж яриа гарсан шүү дээ. Тэр үед ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ирина Бокова гэж болгар эмэгтэй ирж манай наадмыг үзэж сонирхсон. БСШУС-ны сайд нь Ё.Отгонбаяр байлаа. Түүнд яамнаас манайх судалгааны  номоос авч бэлэглэсэн. Тэр уулзалтын дараа манайхыг урьсан сураг сонссон ч нэг хэсэг сураг чимээ гарсангүй. Бараг мартах шахуу явтал 4 сарын дараа Монгол дахь ЮНЕСКО-гийн үндэсний төвөөс танайд урилга ирлээ, харамсалтай нь бидэнд явуулах мөнгө алга. Та нар өөрсдөө зардлаа гаргах нь гэж хэлсэн. Дээлээ алдах гээд байгаа эвгүй үе шүү дээ. Тэр үед хэрэв монголчууд дээлээ хятадын нэр дээр бүртгүүлчихвэл ямар хэцүү байх бол гэж бодсон. Монголчууд цагаа тулахаар өөрсдийн соёлоо хайрлаж хамгаалахын төлөө ямар их тэмцдэг болохыг харж мэдэрч байлаа. "Дээлтэй монгол" гээд хөдөлгөөн хүртэл байгуулагдсан. Ингээд л 2012 оны 7 дугаар сарын 4-нд өөрсдөөсөө зардал гаргаж явахаар сэтгэл шулуудсан даа. Энэ бол урьд насандаа хийсэн, энэ насандаа төлөх өр байж гэж бодоод зориглосон. 


ДЭЭЛИЙН  БУРХАД  ДЭЭЛ ОЁДОГ ХҮНИЙГ МУУ ЯВУУЛДАГГҮЙ ГЭДЭГ



-Зардал хэр их мөнгө байв?

-Нийт 80 мянга орчим еврог өөрсдөөсөө гаргасан. Тайзны түрээс гэхэд 10 мянган евро шүү дээ. Парис хотод байрлах ЮНЕСКО-гийн төв байр бол улс орнуудын шидээврүүд л тоглодог газар юм билээ. Үнэндээ тэр тухай ч сайн мэдээгүй. Хамаг зүйлээ аваад бор зүрхээрээ оччихсон. Зохион байгуулагчид хувийн байгууллага өөрсдөө зардалаа даагаад ирсэн гэхээр гайхаж тайзны  түрээсээс 50 хувь хөнгөлж байсан. Бид “Монголын нууц товчоо” театрчилсан загварын тоглолтоо мэргэжлийн урлагийн 28 хүний багтайгаар маш амжилттай тавьсан. Бараг 200-аад хувцастайгаар нэг цаг 30  минутын үзүүлбэр хийсэн. Тоглолтын дараа ЮНЕСКО-гийн тэр том экспертүүдээс, үзсэн хүн болгоноос маш халуун дотно, сэтгэл дүүрэн үгс сонсч байлаа. Үзсэн хүмүүсээс биднийг олон газар урьж, дайлж цайлан хүндэтгэл үзүүлсэн. Тэр тоглолтоороо бид дээл Монголынх гэдгийн нотлон харуулж чадсан гэж боддог.  

-Дээл оёдог хүн муу явдаггүй гэдэг. Та энэ үгийг юу гэж боддог вэ?

-Дээлний буянаар 30-аад орон үзэж, олон хүнтэй танилцжээ. Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, урлаг соёлын шилдгүүд гээд нийгмийн аль сор болсон хүмүүстэй уулзаж явлаа. Дээлийн бурхад дээл оёдог хүнийг хэзээ ч муу явуулдаггүй юм билээ. Үүнийг үнэн гэж би боддог. Хүнийг хувцаслана тэр дундаа дээл оёж өгнө гэдэг буянтай ажил гэдэгт итгэдэг. Энэ тухай “Дээлийн бурхад” гэж сайхан шүлэг олж уншсан

Уран хүнийг бурхан захиалж орчлонд илгээдэг юм

Ур ухаан хоёроор хорвоог аргадаж төрүүлдэг юм

Урьдын энэ заяа ерөөл буянаар 

Үйлчин хүний амьдрал муу явдаггүй юм гэдэг…


-Танай хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөсөн үү?

-Охин маань уг нь хуульч мэргэжилтэй. Сүүлд Шанхайд магистрын зэргээ урлаг судлаачаар хамгаалсан. Одоо Соёлын өвийн төвд ажиллаж байгаа. Мөн л соёлын өвийг хадгалж хамгаалах ажлыг хийж яваа.  


-Энэ өдрүүдэд хэр завгүй ажиллаж байна вэ?

-15 жилийн ойн тоглолт бас энэ сарын 7-нд зохиогдох Монгол туургатан, Мөнх тэнгэр гээд томоохон арга хэмжээтэй. Ажил ихтэй ямар байлаа ч аливаа зүйлд сэтгэл гаргаж ажиллавал үр шимийг нь хүртдэг гэдэгт би итгэдэг.