Монголчуудын уламжлалт соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ энэ сарын 10-нд болно. Уг наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран зохион байгуулж буй юм.

Дээлтэй Монгол наадмын үеэр үндэсний хувцастай иргэд, байгууллага, аялал жуулчлалын салбарынхны парад, урлагийн тоглолт, шилдэг оролцогчдын шалгаруулалт, Монгол зан заншлыг харуулсан хотхон, үндэсний дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулна. 

Шилдэг оролцогчдын шалгаруулалтад оролцох иргэд арга хэмжээ болох өдөр бичиг баримттайгаа ирж, Д.Сүхбаатарын талбай дээрх зохион байгуулагчдын асарт бүртгүүлэн мандат авах аж. Баярын жагсаалд оролцох байгууллагуудыг долоодугаар сарын 9-ний өдрийг дуустал ажлын цагаар 70128687 утсаар бүртгэж авах юм байна.

12 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-аас зочид төлөөлөгчид ирж, оролцоно.