Манай сурвалжлах баг Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Хустайн байгалийн цогцолбор газарт зочилсон юм. Бидэн хөтөч хийж яваа залууг Жагдагийн Энхбаяр гэдэг. Хустайн цогцолбор газарт тахийн биологчоор ажилладаг. Малчин айлын хүүхэд учраас тахь судлах нь илүү ойр учраас энэхүү мэргэжлээр ажиллахаар шийдсэн тухайгаа ярив. Сүүлийн хоёр жил судлаачаар ажиллаж байгаа тэрбээр тахийг  буянтай амьтан гэж ярихдаа яралзтал инээмсэглэнэ.

Учир нь энэ газар тахийг нутагшуулснаас хойш цагаан зээр, аргаль, тарвага ирж идээшжээ. Бараг тарваганы парк гэж хэлэхэд дэгсдүүлсэн хэрэг болохгүй гэж залуу байгаль хамгаалагч онцлов. Улаан номд багтсан амьдтын цуглуулсан учраас ингэж хэлэхээс ч яахав.


Энэ газар 1990-ээд оны эхээр халиун буга гэхэд 50-аар тоологдож байжээ. Бараг устах дээрээ тулсан хэрэг. Харин өдгөө 1300 болж нэмэгдсэн байна.

Түүний хэлж байгаагаар энд тахиас гадна зөвхөн шувуу харах гэж ирдэг жуулчид, шувуу сонирхогчид цөөнгүй гэнэ. Энэ нь нүүдлийн үеэр дэлхийд нэн ховордсон шувууд цугладагтай холбоотой.

Тухайлбал ховор шувуудаас хар тогоруу, цэн тогоруу, идлэг шонхор, нөмрөг тас, ёл зэрэг шувууд өндөглөн амьдардаг ажээ. 

Жилд энэ газрыг үзэхээр 25 мянган хүн зорьж ирдэг байна.Дотоодын жуулчдын очих дуртай газрын нэг мөнөөсөө мөн гэв.

 

Хустайн нурууны эзэн гэдгээ мэдэрсэн гэмээр хараа дээгүүр бэлчих тахь онцлог араншинтай амьтан. Үр төлөө 2-4 насанд нь эр эм гэлтгүй сүргээсээ хөөдөг. Энэ нь үр удмаа гишгэхгүй, үржилд орохгүй, цус ойртуултаас хол байлгах гэсэн зэрлэг амьтны зөн. Зарим нэгэн хүнээс ч ухаантай гэж тодотгосон нь ийм учиртай аж. 

Харахад амгалан тайван ч зан нь хөдөлбөл ширүүхэн үзэлцэнэ. Хустайн нурууг давах замд таарсан сүүлгүй тахийг байгаль хамгаалагч заагаад өнгөрсөн жил сүргийн манлайлагч болохын тулд тэмцэлдээд “ялагдсан нөхөр” гэж тодотгосон юм. Сүүлгүй тахь зайдуухан идээшилж яваа нь ийм учиртай аж.

Түүн шиг зөн совинтой амьтан бараг үгүй болов уу. Хэрэв гүү нь өөр азарганы унага төрүүлчихвэл төрсөн даруйд үнэрлээд л мэдчихдэг.  Мэдсэн даруйдаа хөнөөж байж санаа амардаг этгээд. Яаж хөнөөдөг вэ гэж асуухад "Сэрвээнээс нь ганц хазаад сэгсрэхэд л унаад өгдөг" гэв. Нялх төл тэр хатуу харгисыг тэсэхгүй амиа алддаг хатуухан хууль тахийн ертөнцөд үйлчилнэ.

Хустай нурууныхан тахийг дураараа бэлчээрлэх орон зайг олгож тарвалзуулсаар өдийг хүрсэн.

Гэхдээ өвс тэжээл өгч, паркийн амьтан шиг буруу эрхлүүлдэггүй. Онцгой тохиолдолд буюу зуншлага оройтож өвс ногоо хожуу ургасан үед торддог аж. Өнгөрсөн жил хатуу өвлийг давсан тэд тарга тэвээрэг муутайхан харагдана. Тиймээс энэ жил тахь судлаачид өвс тэжээлийг нь ойртуулжээ.

Өөр хүмүүсийг хажуугаар нь өнгөрөх төдийд үргэх бол өнөө хэдэн байгаль хамгаалагч нараа харсан ч хараагүй юм шиг идээшилнэ. Хараа сунгасан ч энэ хэд байж л байдаг юм гэсэн шиг өөриймсөг хандана, үл үргэнэ. Тэд нэг нэгэндээ дассан бололтой.

Энэ сайхан тал нутагтаа эргэн ирж ирж эзэн сууж, эрхэлж бэлчиж яваа энэ хэдэн тахь нэг том дайсантай. Тэр дайсан нь мэдээж боохой. Унаганы хорогдлын 50 орчим хувийг чонын халдлага эзэлдэг нь үүнийг батална.

Тахь судлаач “Бид өөрсдөө байгалийн онцгой бүс учраас чоноо устгаж үргээх хориотой. Тийм учраас гүү унагалж дуусах үе буюу 9 дүгээр  сарын сүүл хүртэл тахь судлаач, байгаль хамгаалагчид хамтраад чонын манаанд гардаг. Ингэж эргүүл хийхдээ чоно тахийн сүрэгт ойртвол үргээж холдуулах арга хэмжээ авдаг. Сүүлийн үед тахийн байршлын мэдээллээ боловсронгуй болгох үүднээс сансрын долгион дамжуулагч хүзүүвч ашиглаж байна” гэсэн юм. Байгаль хамгаалах ажилд технологийг ашигласан нь үр дүнтэй байгаа бололтой.

Ж.Энхбаяр судлаач өдөрт  бараг 300 км газар явдаг. Заримдаа морьтой, ихэвчлэн явган жирийлгэнэ. 

Өглөө эрт босч байгальд гараад амьтан дагаж судална гэдэг үнэхээр сайхан. Дандаа хараад явдаг болохоор надаас тэгтлээ үргээд байдаггүй, харин өөр хүний бараанаас хаа нэг тийш давхичихдаг юм гэж судлаач залуу ярьж байна. Уул толгод, байгалийн сайханд явдаг учраас ажил минь сайхан. Хааяа хот руу орохоор утаа, замын түгжрэлд стресдээд бушуухан шиг буцаж ирэхийн түүс болдог гэв.

Харахад монгол адуунаас бага зэрэг намхан, өөгүй зассан мэт сайхан хар дэлтэй энэ амьтан ерөнхийдөө хул шаргал зүстэй. 

Хэн ч харахад өөр хооронд нь ялгах хэцүү. Харин байгаль хамгаалагчид, тахь судлаачид бол зүсээр нь андахгүй юм. Өхөөрдмөөр нь тэд бүгд нэртэй. Ж.Энхбаяр судлаач бэлчиж яваа тахь руу заагаад зүүн гар талынх нь “Ийски” гээд үрээ, цаад талд яваа нь Хулгар гэдэг азарга нь, цаад талынх нь Велла өнгөрсөн жил төрсөн унага гэв. 

Энэ онцгой нэрүүдийг тахьд хайртай хүмүүс хайрлажээ. Дэлхий дээрх сүүлчийн зэрлэг адууд тахьд нэр өгөхийн тулд хамгийн багадаа 100 ам.доллар төлөх ёстой. 

Энэ нь тахь нутагшуулах, судлах ажлыг санхүүгийн хувьд дэмжих нэг хэлбэр ажээ. Нэртэй болсон тэд тахийн удмын сангийн бүртгэлд ордог. Тухайлбал Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди Нарстай , Холливудын жүжигчин Жулиа Робертс Мөнхсанаа гэдэг нэрийг тахьд өгчээ. 

Энд олон жил нутагшсан тэд дасч идээшсэн газраасаа холдох дургүй. Хааяахан ганц нэгээрээ тусгай хамгаалалтаас гарчихаад буцаад Хустай нуруу руугаа давхиад ирдэг нутаг амьтай амьтан гэж байгаль хамгаалагч ярьж байна.