Хүний биед суулгаж болох чип гэхээр таны санаанд шууд л Билл Гэйтс бууж байвал түр азнаарай. Учир нь энэхүү чипийг Нью Йорк хотод байрлалтай Колумбын их сургуулийн инженерүүд бүтээсэн бөгөөд Билл Гэйтстэй ямар ч холбоогүй юм.


Зохион бүтээгчдийнх нь хэлж байгаагаар тус чип нь хүний эрүүл мэндэд санаа тавихын зэрэгцээ өөр олон зүйлсийг хийх боломжтой аж. Хүний биеийн ерөнхий үйл ажиллагааг дэмжиж, сайжруулах болон зарим нэг өвчнийг ч анагаах чадвартай энэхүү чипний тусламжтайгаар хүн өөрийн амьдралын чанараа сайжруулах буюу илүү урт удаан амьдрах боломжтой болох гэнэ.


Одоогийн байдлаар эрдэмтдийн зорьж байгаагаар хүний биеийн халуун, цусны даралт, глюкоз, хүний амьсгалын хэмнэлийг оношилгоо, эмчилгээний үед тааруулан өөрчлөх чадвартай байхаар ажиллаж байгаа юм. 

Чипийн эзлэхүүн ердөө 0.1мм3 хүрэхгүй нь бараг л тоосны хачигтай ижил хэмжээний гэсэн үг. Тиймээс хүний нүдэнд үл үзэгдэх ба зөвхөн микроскоп дурангаар л харагдах ажээ. Судлаачид чиптэй утасгүй холбоогоор харьцахын тулд хэт авианы хүчийг ашигласан байна. 


Тэгвэл судалгааны багийн ахлагчид болох цахилгааны инженерчлэлийн профессор, био анагаах ухааны инженерчлэлийн профессор Кен Шипард, Лау Фэмили нар нь өөрсдийн өгсөн ярилцлагадаа,

- "Бид өөрсдийн бүтээж чадах чипээ хэр бичил болгож чадах вэ гэдэг дээр ур чадвараа шавхан ажилласан. Энэ бол чипийн түүхэнд шинэ боломжийг нээхүйц бүтээл. Өөр ямар ч зүйлийн тусламжгүйгээр өөрөө ажиллах бие даасан цахилгаан систем. 

Үүний тусламжтайгаар эрүүл мэндийн төхөөрөмжүүдийг утсан холбоогүй, бичил хэмжээтэй үйлдвэрлэх боломжтой бөгөөд ингэснээр жишээлбэл, мэдрэхүйн эрхтний бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг илүү хялбар болгож болох юм. Энэ бол хүний биед огт сөрөг нөлөөгүй бүтээл" хэмээжээ.


Чипийн загварыг докторын төвшинд суралцагч Чен Ши гэх нэгэн гаргасан ба цаашлаад Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч компанид боловсруулагдаж, Колумбын Нано технологи нэвтрүүллтийн ариун өрөө, Нью Йоркийн Хотын их сургуулийн дэвшилтэт технологийн судалгааны төв болон нано үйлдвэрлэлийн хүрээлэн нэмэлт функцуудыг нь хариуцан ажиллажээ. 

Эдүгээ бэлэн болсон загвар нь зөвхөн хүний биеийн дулаан хэмжих тохиргоотой байгаа ч зохион бүтээгчдийн зүгээс үүнээс илүү боломжуудыг ажил хэрэг болгох тал дээр ажиллах байгаагаа хэлжээ. 


Эх сурвалж: UNILAD