Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж байгаа билээ.

Уг тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцсоноос ганцхан нь медалийн төлөө шалгарч үлдээд байв. Тэр нь олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг. Тэгвэл Монгол Улсын 11 дэх удаагийн аварга, дэлхийн цомын мөнгөн медальт, Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг хүрэл медалийн төлөөх тулаанд Мароккогийн боксчин Зохра Эз-Захроуг буулган авснаар хүрэл медалийн болзол хангав. 

Түүний хувьд Монголын эмэгтэй боксчдын түүхэнд анхдагч хэмээх шинэ амжилтын эзэн болж байгаа юм. 

Тэрбээр боксын спортоор хичээллээд 10 гаруй жил болсон бөгөөд Монголын эмэгтэй боксчдоос хамгийн өндөр амжилт гаргасан тамирчин юм.  Хөдөлмөрч, дайчин түүнийг нүүр царайгаа болгож, сурталчилгаандаа тоглуулах гэсэн компаниуд цөөнгүй байдаг ажээ.