Швейцарын уулархаг Давос хотноо жил тутам зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт энэ долоо хоногт болж, дэлхийн хамгийн баян, нэр нөлөө бүхий хүмүүс нэгэн дор цуглав.

Энэ удаагийн арга хэмжээнд гурван мянга гаруй төлөөлөгч оролцсон хэдий ч нийт төлөөлөгчдийн 22-хон хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан нь энэхүү чуулга уулзалтын хувьд хүйсийн тэнцвэртэй байдал томоохон асуудлуудын нэг хэвээр байгааг харуулжээ. 

Дэлхийн банкны түр Ерөнхийлөгч Кристалина Жоржиева телевизийн “Euronews”  сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр цаашдын арга хэмжээнүүдэд идэвхтэй  оролцохыг эмэгтэйчүүдэд уриалаад, "шийдвэр гаргах түвшин дэх  эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх нь дэлхийг илүү сайхан болгоход ихээхэн хувь нэмэр оруулах болно" гэж тэмдэглэсэн байна.

Гэсэн хэдий ч Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох эмэгтэйчүүдийн тоо аажмаар өсөн нэмэгдэж буй эерэг үзүүлэлт сүүлийн жилүүдэд ажиглагдсан байна. 2016 онд чуулга уулзалтад оролцогчдын 18 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол 2017, 2018 онд 21 хувьд хүрсэн ажээ.