Дэлхийн хамгийн том “Airlander 10” агаарын хөлгийг бид үйлчилгээнээс гаргаж, арилжааны зорилгоор ашиглах шинэ загварын хөлгийг үйлдвэрлэхээр бэлтгэж байна гэж “Hybrid Air Vehicles” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Уг загвар 2020 оны эхээр анхны нислэгээ үйлдэх ажээ.

Английн “Hybrid Air Vehicles” компанийн бүтээсэн энэхүү агаарын хөлгийг хөгжүүлэх явцад 6 удаа туршсан бөгөөд зарим туршилтууд бүтэлгүйтсэн юм. Гэсэн хэдий ч компанийн төлөөлөгчид, “бид хөлгийг хөгжүүлэх явцдаа алдаа оноогоо олж, олон чухал мэдээллийг цуглуулсан” гэж мэдэгджээ.

Тус хөлгийн “тансаг” хувилбарын концепц загварыг өнгөрсөн долдугаар сард Их Британийн Фарнборо хотод болсон Олон улсын агаарын тээврийн үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд албан ёсоор танилцуулсан билээ.

“Hybrid Air Vehicles” компани уг концепц загварыг үйлдвэрлэх ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд Их Британийн Иргэний агаарын тээврийн удирдах газраас зөвшөөрлөө авсан байна.

45 метр урт бүхээгтэй “тансаг” зэрэглэлийн уг агаарын хөлөг нь шилэн шалтай бөгөөд унтлагын өрөө, баартай байх ажээ.

“Зорчигчид тав тухтай буйданд тухлан сууж, коктэйль шимэх зуураа тэнгэрийн хаяаг ажих боломжтой” гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

Үүнээс гадна уг агаарын хөлөг 6100 метр хүртэлх өндөр хөөрөх хүчин чадалтайгаас гадна 19 зорчигчийг тээвэрлэн гурван өдрийн аялал хийх боломжтой гэж төлөөлөгч нэмж хэлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN