Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд "Нэхмэлийн салбарт хамтран ажиллах тухай" Эрмэлзэх бичгийг өчигдөр байгууллаа.

Эрмэлзэх бичигт Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Италийн талаас тус улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлип нар гарын үсэг зурав. 

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байгаад Элчин сайд, Эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлипт талархаад, уг Эрмэлзэх бичигт гарын үсэг зурсан нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үндэс суурь болно гэдэгт найдаж байна гэв. 

Ийнхүү Монгол Улсад "Итали-Монголын Нэхмэлийн технологийн төв" байгуулах эрх зүйн боломж бүрдэж, Италийн өндөр технологийг манай улсад нэвтрүүлэх, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд суралцах, боловсон хүчнээ бэлтгэх зэрэг олон чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боломж олдож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Эрхэмсэг ноён Андрэа Дэ Фэлип Монгол Улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын асар их нөөц, түүхий эдээр баялаг орон. Итали Улсын шилдэг туршлага, техник технологиийг нутагшуулах замаар түүхий эдээ бүрэн боловсруулж, гуравдагч зах зээл рүү гаргахад хамтарч ажиллах маш том ирээдүй байна. Хоёр жилийн өмнө Монгол Улсад Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам байгуулагдахтай зэрэгцэн нэхмэлийн салбарт хамтарч ажиллах чиглэлд яриа хэлэлцээ өрнүүлж эхэлсэн.

Уг хөтөлбөрийн Монгол талын хэрэгжүүлэгчээр Монголын ноос ноолуурын холбоо ажиллаж байгаа бол Италийн талаас Итали Улсын нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо /ACIMIT/ болон Италийн худалдааны агентлаг /Agenzia ICE/ нар хамтран оролцож байна. Энэ бүхний үр дүнд өнөөдөр хоёр тал Эрмэлзэх бичигт гарын үсэг зурж, Монгол Улсад “Итали-Монголын Нэхмэлийн технологийн төв” байгуулахаар албан ёсоор тохиролцож байгааг тэмдэглэн хэлэв.

Монгол Улс жилд ойролцоогоор 9600 тонн ямааны ноолуур, 1400 тонн тэмээний ноос, 120 тонн сарлагийн хөөвөр, нийтдээ 10 мянга гаруй тонн ноолууран түүхий эд бэлтгэж байна. Гэсэн хэдий ч боловсруулах үйлдвэрлэл сайн хөгжөөгүйгээс хангалттай хэмжээнд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломж хомс байгаа юм. 

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2018 онд "Ноолуур" хөтөлбөрийг баталж, жилд бэлтгэх нийт түүхий эдийн 60 хүртэл хувиар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ээрэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, одоогийн хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх талаар тусгасан.

Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд уг технологийн төвийг байгуулснаар түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх технологийн бүх шат дамжлагад Италийн буюу дэлхийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, шинэ загварын бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон боломжийг нээж өгч байна гэдгийг Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу онцоллоо.


Эх сурвалж: ХХААХҮЯам